2017-05-19 МЗХ
Admin Admin 385

“Унадаг дугуйтай Улаанбаатар” дугуйн парад маргааш болно

“Автомашингүй өдөр”-өөр буюу 5-р сарын 20-ны өдөр Нийслэлийн Захирагчийн ажлын алба, Монголын Залуучуудын Холбоо хамтран “Унадаг дугуйтай Улаанбаатар” дугуйн парадыг зохион байгуулах гэж байна. МЗХ-оос санаачлан 2012 оноос дугуй унадаг залуусын тоог нэмэгдүүлэх, нийслэлд унадаг дугуйн замыг бий болгох зорилгоор  “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Сүүлийн жилүүдэд унадаг дугуй унах залуусын тоо ч эрс нэмэгдсэн нь төслийн үр дүнг харуулж байгаа юм.

Энэ жилийн дугуйн парадаар унадаг дугуй унадаг залуусыг хамгаалалтын малгайгаа тогтмол зүүж хэвшихийг уриалж байгаа юм. Унадаг дугуй бол хүн хөдөлгүүр бүхий тээврийн хэрэгсэл. Тиймээс замын хөдөлгөөнд оролцохдоо дугуйчид зайлшгүй хамгаалалтын малгай өмсөж хэвших хэрэгтэй. Хамгаалалтын малгай өмсөж хэвшснээр тархины гэмтлээс бүрэн хамгаалах боломжтой юм. Дугуйн парадын үеэр зориулалтын сайн чанарын хамгаалалтын малгайг 20000 төгрөгөөр худалдаалах болно.


Энэ үеэр нийслэл хотын нутаг дэвсгэрээр аялж, Сонгино хайрхан, Чингэлтэй хайрхан, Баянзүрх хайрхан, Богд уулыг тойрох 24 цагийн 240 километрийн аяллын бүртгэл явагдах юм. Дугуйн аялал 2017 оны 6-р сарын 3,4-ны өдрүүдэд болох юм.

Дугуйчид жил бүр унадаг дугуйгаар үг болон дүрс бүтээдэг бөгөөд энэ жил дугуйн замыг “НЭМЬЕ” гэсэн уриа үгийг бүтээж, “Дугуйтай Монгол” хэмээх дүрсийг бүтээх юм байна.

Дугуйн парад 5-р сарын 20-ны өдрийн 14 цагаас МУИС-ийн төв байрны баруун талд цугларах бөгөөд Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэнд үйл ажиллагаагаа явуулдаг GREEN BIKE нь гэр бүлийн унадаг дугуйн түрээсийн үйлчилгээгээр үйлчлэнэ. Унадаг дугуй түрээслэхийг хүссэн хүмүүс 89339918 дугаарт холбогдож мэдээлэл авна уу?

Сэтгэгдэл ачааллаж байна ..