16 настнууд эрдэм боловсролтой, эх оронч иргэн байхаа андгайллаа
2016-11-26 МЗХ
Admin Admin 321

16 настнууд эрдэм боловсролтой, эх оронч иргэн байхаа андгайллаа

Анхдугаар Үндсэн хууль баталсан,  мөн Тусгаар тогтносон Монгол Улсыг зарласан энэхүү түүхэн өдөр “Монгол Улсын Иргэний Андгай Өргөх Ёслол” ёслол 14 дэх жилдээ зохион байгууллаа. Монголын Залуучуудын Холбооны санаачилгаар “Монгол Улсын Иргэний Андгай Өргөх Ёслол”-ын ажиллагааг 2002 оноос эхлэн Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор тасралтгүй 14 жил болж байгаа бөгөөд энэ жил Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран зохион байгуулж байгаагаараа онцлог юм.


Өнөөдрийн ёслолд 16 настнуудын төлөөлөл 800 сурагч оролцож, 25 сурагчид нь    Монгол Улсын иргэний үнэмлэхээ  олны танил, нэр хүндтэй эрхмүүдээс гардан авлаа.Залуу үеийнхэнд эх оронч сэтгэлгээг бий болгох, шударга амьдарч, хөдөлмөрлөж, төр түмнээ эрхэмлэн дээдлэн, түүх соёлоороо бахархах үзлийг төлөвшүүлэх зорилготой “Монгол Улсын Иргэний Андгай Өргөх Ёслол”-д  Монгол Улсын Ерөнхий сайд Ж. Эрдэнэбат, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н. Номтойбаяр, УИХ-ын гишүүд, яам агентлагийн дарга нар болон МЗХ-ны ерөнхийлөгч А. Мөнхбат, МЗХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга П.Анхжаргал, СТА жиүжигчин Г.Ундармаа,  “Оюун ухааны академи”-ийн тэргүүн Х.Хатанбаатар, УДЭТ-ын жүжигчин Б. Шинэбаяр, О.Дөлгөөн, “Сэлмэн хөлт” хэмээн алдаршсан тамирчин О.Саранчулуун зэрэг соёл урлаг, спортын салбарт танигдсан эрхмүүд урилгаар оролцож, сурагчдад иргэний үнэмлэхийг гардуулсан юм.


Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат энэ үеэр хэлсэн “16 нас хүрсэн охид, хөвгүүд та бүхэн өнөөдөр хүүхэд насныхаа гэгээн мөрөөдлийг биелүүлэх, хамгийн ихийг бүтээх эрч хүчтэй насандаа ирлээ. Тиймээс эх орныхоо баялаг түүхээс суралцаж ахмад үеэ хүндэтгэн улс орныхоо хөгжлийг буухиалан үргэлжлүүлэх хариуцлагатай бөгөөд эрхэм хүндтэй үүрэг хүлээж ирээдүйдээ итгэлтэй, өөрөө өөрийнхөө удирдагч байж зорилгодоо хүрэх хүсэл тэмүүлэлтэйгээр сурч ажиллаж улсынхаа нэр хүндтэй иргэн байна гэдэгт итгэлтэй байна” хэмээн онцоллоо.  

Мөн уламжлал ёсоор 16 нас хүрч иргэний үнэмлэхээ гардан авч буй энэ хариуцлагатай мөчид эх орноо хайрлах, ээж аав гэр бүлээ хүндлэх, эх түүх ёс уламжлалаа хадгалан дээдлэх сэдэвтэй лекцүүд уншигддаг. Тэгвэл энэ удаад  “Буган сүлд” ТББ-ын тэргүүн Ө. Баяраа “Эх Орон”, МЗХ-ны ерөнхийлөгч А. Мөнхбат “Залуудаа сайхан амьдарья” лекцээ тус тус уншсан юм.


 14 дэх жилдээ зохион байгуулагдаж буй Иргэний андгай өргөх ёслолын ерөнхий ивээн тэтгэгчээр  Монос косметикс ХХК ажиллаж байгаа бол ивээн тэтгэгч байгууллагаар Golden gym клуб, Милая кафе ажиллаж сурагчдад гарын бэлгээ гардуулна.

Монгол Улсын хэмжээнд энэ жил 16 нас хүрч, иргэний үнэмлэхээ гардах 49 мянга гаруй хүүхдүүд байгаа бөгөөд эдгээр хүүхдийн төлөөлөл болох 800 сурагч өнөөдөр ийнхүү эрдэм боловсролтой, эх оронч иргэн байхаа андгайллаа.







Сэтгэгдэл ачааллаж байна ..