2018-10-10 МЗХ
Admin Admin 134

Г.Эрдэнэбат: Америкт үйлдвэрлэсэн бүх авто машинд бидний бүтээлийг нэвтрүүлэхээр болсон


Авто машины салбарт ажиллаж Ази, Европ, Америкийн машин үйлдвэрлэгчкомпаниуд, мөн Америкийн эрчим хүчний салбар, тэр дундаа Сэргээгдэх Эрчим Хүчний Үндэсний Лаборатори (National Renewal Energy Laboratory) гээд олон газартаюулгүй байдлын шийдэл, стандарт, техникийг боловсруулж өгсөн монгол залуу Г.Эрдэнэбатыг энэ удаагийн Дэлхийн монгол буландаа урьж ярилцлаа.         

-Сайн байна уу. Ярилцлагын маань урилгыг хүлээж авсан танд баярлалаа. Таны намтар түүхтэй танилцсан. Таны ажлын туршлага нэлээд баялаг юм билээ?  

-Урилгыг тань хүлээж авахдаа танай булангийн нэрийг сонсоод үнэндээ жаахан сүрдэж тээнэгэлзсэн шүү. Намайг ээлжит зочноороо урьж оролцуулсанд баярлалаа.  

-Үйлдвэрлэл, технологи өндөр хөгжсөн оронд өөрийн байр сууриа олж ажиллаж амьдарна гэдэг амаргүй шүү дээ. Юуны өмнө манай уншигчдад өөрийгөө танилцуулаад, мэргэжлээрээ ажилласан, ажилд орсон түүхээсээ хуваалцахгүй юу?  

-Намайг Гантөмөрийн Эрдэнэбат гэдэг. Америкт эхнэр, хоёр хүүхдийнхээ хамт ажиллаж амьдардаг жирийн л нэг монгол залуу. Ажил мэргэжлийн замнал гээд бодсон чинь нээрээ, албан ёсоор бол технологийн салбарт техник ба програм хангамж, мэдээлийн технологи ба аюулгүй байдал гээд хоёр удаа хос мэргэжлээр суралцаж, үндсэндээ дөрвөн мэргэжилтэй болчихсон юм байна шүү. (Инээв.) Би ч багаасаа өвөө эмээ хоёр, бага ангийн багшаасаа эхлээд олон сайхан багш нарын гар дамжсан азтай хүн л дээ. Тиймээс энэ ташрамд надад ном эрдэм зааж сургасан багш нар болон намайг гадагшаа сургуульд явахад тусалж дэмжсэн ах нар, миний ар талыг дааж үлдсэн бүх хүмүүстээ үргэлж баярлаж явдгаа юуны өмнө хэлье!      

Монголд байхдаа тухайн үедээ сайн сургуульд тооцогддог байсан, хуучнаар ШУТИС -ийн КТМС -д “Техник ба Програм Хангамж” гэсэн хос мэргэжлээр анх бакалаврын зэргээ хамгаалсан. Ажлын гараагаа төгсөх курст ордог жилдээ туслах багшийн орон тоон дээр ажиллан эхлүүлж, мэргэжлээрээ ажиллаж олсон анхны цалингаа мөн сургуулиасаа авч байжээ. Түүнээс хойш технологийн салбарын 3-4 төрлийн ажлыг 5-6 жилийн хугацаанд хийж үзсэний эцэст сурах нь зөв юм гэж шийдсэнээр Японоор дамжин АНУ-ын Карнеги Меллоний (Carnegie Mellon) их сургуульд “Мэдээллийн Технологи ба Мэдээллийн Аюулгүй Байдал” чиглэлээр шинжлэх ухааны мастерийн зэрэг хамгаалах завшаан тохиосон юм. Сургуулиасаа 50 хувийн зээлийн тэтгэлэг авсан хэдий ч үлдсэн 50 хувьд нь байсан бүхнээ шавхаж өгөөд ч бараадаагүй шүү. Тэр дотор нь өөрт байсан бүхнээ, бүр аав ээж хоёрынхоо байрыг хүртэл зараад, эхнэр, хүүхдүүд, аав ээж хоёрыгоо бүгдийг нь бараг гудамжинд гаргаж орхиод л явсан. Энэ үеийн 2 жил гаран хугацааны түүхийг ярьвал аягүй бол кино шиг юм болно. (Инээв.)    

Их сургуулиудын нэр хүндийг үнэлдэг олон байгууллага байдаг хэдий ч Карнеги Меллон инженерийн чиглэлээрээ дэлхийд ер нь ойролцоогоор эхний 10 дотор, компьютерийн ухаан ба мэдээллийн системийн чиглэлээр эхний 3 дотор эрэмбэлэгддэг сургууль. Үүнийг дурдсаны учир нь АНУ-ын боловсролын систем нь сайн сургууль төгссөн оюутнуудын амьдралын баталгааг давхар олгодгийг онцлох гэсэн хэрэг л дээ. Хэдий тийм ч юм гэдэг бас их сонин. Намайг оюутан байхад сүлжээний аюулгүй байдлын хичээл дээр авто машин хоорондын сүлжээ гэдэг сэдэв үзлээ. Энгийн үгээр хэлэхэд машинууд хоорондоо ярьдаг болсноор мөргөлдөх гэдэг ойлголтыг үгүй болгож эрдэнэт хүний амийг авран хамгаалах зорилготой. Тэр нь миний дургүй сэдвүүдийн нэг. Мэдээж ослоор хүний амь нас эрсдэж байх ёстой гэсэндээ биш, дэндүү хийсвэр, амьдралгүй санагддаг байсан учраас тэр. Гэтэл сургуулиа төгсөөд тэр технологийг амьдралд хэрэгжүүлэх, нууцлал хамгаалалтын асуудлыг нь шийдэх төсөл дээр ажиллаж таарсныг яана гээ.

Анх ESCRYPT гэдэг компанид ажилд орлоо. Сургуульдаа тэр сэдвийг үзэж байсан, ажлын туршлагатай, бас уг технологийг ойлгодог хүн тухайн төслийн нэг хэсгийг авч явах хэрэгтэй байсан болохоор бараг л шууд ажилд авсан. Ингээд анхны нууцлал хамгаалалтын загвар системийг бүтээх төслийн багт орон ажиллаж, 3000 шахам машин оролцуулсан туршилт амжилттай болсноор энэ технологи АНУ -ын Тээврийн Яамнаас (Depаrtment of Transportation) аюулгүйн дэр болон суудлын даруулгын адил машинд заавал байх ёстой технологийн нэг болгон баталсан. Энэ Vehicle-to-Vehicle Communication (V2V) технологи нь Vehicle-to-Everything (V2X) технологийн нэг бүрдэл хэсэг бөгөөд 2025 оны хавьцаа хэрэглээнд нэвтэрч эхэлнэ гэсэн багцаа бий. Тиймээс энэ технологийг мэндлэхэд гар бие оролцсондоо  баяртай байдаг.           

Ингээд долоон жилийг авто машины салбарт аюулгүй байдлын чиглэлээр ажиллаж өнгөрөөхдөө ази, европ, америкийн бараг л бүх машин үйлдвэрлэгч компаниуд, Америкийн эрчим хүчний салбар, тэр дундаа Сэргээгдэх Эрчим Хүчний Үндэсний Лаборатори (National Renewal Energy Laboratory) гээд олон газарт том жижиг янз бүрийн мэдээллийн аюулгүй байдлын шийдэл, стандарт, техникийн бичиг баримтуудыг боловсруулж өгчээ. Харин жилийн өмнөөс автомашины ертөнцөөс түр холдож вэб технологид суурилсан програм хангамжийн аюулгүй байдлын салбар руу шилжин ажиллаж байна.    

-Одоо хаана ажиллаж байгаа вэ?

-Одоо Duo Security гэдэг компанид ажиллаж байна. Хувь хүн, албан байгууллагуудын системд нэвтэрч байгаа хэрэглэгчийг жинхэнэ мөн эсэхийг нэр, нууц үгнээс нь гадна нэмэлт өгөгдлөөр давхар шалгах аюулгүй байдлын шийдлээр хэрэглэгчиддээ үйлчилдэг юм. Миний ажлын үндсэн чиг үүрэг бол өөрсдийн програм хангамжийн бүтээгдэхүүнүүдийн бүрэн бүтэн, аюулгүй байдлыг хангахад чиглэдэг. Энд сонирхуулж хэлэхэд Америкт ирээд ажилласан хоёр компаний зах зээл нь л өөр болохоос биш хоёулаа аюулгүй байдлын компаниуд л даа. Өмнө ажиллаж байсан компанийг намайг ажилд орсны дараахан Германы Bosch групп худалдаж авсан юм. Манайхан Bosch -ийг ихэнхдээ гэр ахуйн цахилгаан бараа, цахилгаан багаж, тоног төхөөрөмжөөр нь сайн мэдээд байх шиг байдаг. Үнэндээ тэдний гол бизнес нь машиний компьютерийн үйлдвэрлэл бөгөөд дэлхийд хамгийн том нийлүүлэгч. Харин одоо ажиллаж байгаа компанийг маань Америкийн сүлжээний технологийн Cisco Systems компани саяхан өндөр үнээр худалдаж авлаа. Cisco бол Америкийн албан байгууллагуудын сүлжээний 80 хувийг ганцаараа эзэмшдэг том компани юм. Энэ нь гайхуулаад юм уу, сайрхаад байгаа хэрэг огт биш юм шүү. Харин технологи хөгжихийн хэрээр улс үндэстэн, пүүс компаниуд аюулгүй байдалдаа хэрхэн анхаардаг болсон, зах зээлийн хэрэгцээ шаардлага хэр байгаагийн илрэл гэж хэлж болох юм.    

-Таны ажлын онцлох арга барил, цаг хэмнэх арга юу вэ?

-За надад ч нэг их онцлог, арга барил гээд үлгэрлээд байх зүйл маруухан даа. Ер нь нэг их бичиж тэмдэглэж төлөвлөөд байдаггүй. Үнэхээр ажлын зайлшгүй шаардлагатай зүйлс эсвэл төлөвлөсөн зүйлс толгойд багтахгүй болсон үед л компьютерийн тусламж авна. Учир нь хүн тэр зэргийн юманд толгойгоо ажиллуулж байх хэрэгтэй гэж боддог. Цаг хэмнэх тал дээр бол ихэнх зүйлсийг эхлээд нарийн судалж, толгойдоо сайн төлөвлөдөг байж магадгүй. Миний хувьд ер нь шууд суугаад гараасаа юм гаргахаас илүү энэ тэрүүгээр бодож явж байгаад нэг суухад гараас юм гарах нь хамаагүй хурдан байдаг юм.   

-Манай IT инженерүүд бүтээгдэхүүн хийж гадаадын зах зээлд гаргах боломж хэр байдаг вэ. Ер нь Монголд IT-гийн салбарыг хөгжүүлэхэд ямар гаргалгаа байна вэ?

-Та их өргөн сэдвийг хөндлөө л дөө. Гэхдээ бид өөрсдийн боломжийн тухай ярихаасаа өмнө яг ямар түвшний юм хүсээд байна вэ гэдэг хэмжүүрээ нэгэн утгатайгаар тодорхойлох хэрэгтэй. Жишээ нь, бидний application гэж ярьдаг утасны програм, тоглоом ч юм уу, тиймэрхүү төсөл эсвэл бүтээгдэхүүн хийгээд гаднын зах зээл дээр гаргах хэмжээнд бол бидэнд бүх юм нь бэлэн, нээлттэй байна гэж би хардаг. Харин дэлхийн технологийн томчуудтай харьцуулах хэмжээнд бол тэр хүртэл их зай бий гэдгийг бид бүгд мэдэж байгаа шүү дээ. Гаргалгааны хувьд олон санаа ярьж болох ч, хэлэхэд амархан мөртлөө өнөөгийн нөхцөлд хийхэд асар хэцүү үндсэн шалтгаан болсон асуудал бол боловсон хүчин гэж боддог. Миний саяхан олж сонссон мэдээгээр чанартай боловсон хүчний тоо хэт цөөн, нэг талдаа баахан ажилгүй залуус, нөгөө талдаа ажилтан хайсан олон ажил олгогч нар байгаа дуулдсан. Тэгэхээр энд чанар болон тооны асуудал зэрэг яригдах хэрэгтэй болно. Иймд юуны өмнө аль болох олон залуус олон улсад хүлээн зөвшөөрөгдөх хэмжээнд суралцаж бэлтгэгдэх хэрэгтэй байна. Тэгж байж залуучууд багаар ажиллаж сурна, тухайн салбарынхаа нарийн ширийн асуудлыг ярилцаж санал нэгдэж чадна. Тиймээс үүний төлөө цаг заваа зориулж, зүтгэж яваа залуусыг харахаар их сайхан санагддаг. 

-Өндөр хөгжилтэй оронд ажиллаж, амьдарч байгаа хүний хувьд эх орноо хөндлөнгийн нүдээр ажиглаж чаддаг, хөгжүүлж өөрчлөх шаардлагатай байгаа талуудад нь илүү гярхай байдаг шиг санагддаг. Таны хувьд юуг өөрчлөх юмсан гэж боддог вэ?

-Таны асуултад хариулахын өмнө яг энэ сэдэвтэй холбоотой нэг зүйлийг зайлшгүй дурдах нь зүйтэй гэж бодож байна. Үгүй бол эх оронч гэж цээжээ дэлдэгч гэгдэж магадгүй шүү дээ. (Инээв.) Гэхдээ цээжээ дэлдэх, эх оронч байх хоёрын хооронд их зай бий гэдгийг бид ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Монгол улсаа нэг сайхан саглагар мод гэж зүйрлэе л дээ. Тэгвэл тэр мод эрүүл саруул, урт удаан наслахын тулд үндэс нь бүрэн бүтэн, эрүүл хөрсөнд ургадаг байх хэрэгтэй еэ дээ? Миний хамгийн их сэтгэл зовниж явдаг асуудал бол энэ үндэс, хөрс рүү зөөлөн хүчний бодлогоор дайрч буй, орчин үед илт мэдэгдэх болсон соёлын довтолгоонууд юм. Нэг талдаа ийм ч нөгөө талдаа бас бидний дархлаа суларсны шинж. Тун бүдүүлгээр хэлэхэд энэ модны үндэс нь монгол хүн, харин хөрс нь үндэсний үзэл гэж болно. Өөрөөр хэлбэл энэ эгзэгтэй, даяарчлалын оргил үед Монгол улс маань өвөг дээдсээс өвлөж ирсэн үндэсний соёл, түүгээр дамжин илэрч буй сэтгэлгээний онцлог хоёр дээрээ л тогтож байна гэж хэлэхэд хилсдэхгүй болов уу. Миний ажиглаж буйгаар бол Монголд гаднын, тэр дундаа өрнийн соёлын нөлөө хэт давамгайлж байгаа нь илэрхий харагдаж байна. Монголчууд хүүхдүүддээ эх хэлийг нь сайн сургахын оронд болсон болоогүй гаднын сургалттай сургуулиудад өгч нэрмээс болж байгаа гээд тоочоод байвал олон сэтгэл зовоосон асуудлууд бий. Нэгэнт бид хоёр эерэг зүйлс ярья гэсэн болохоор энд олон зүйлийг нэмж нурших нь илүүц болов уу. Явж явж ухаан орсон залуу үеийнхэн “МОНГОЛ ХҮН” гэж хэн бэ гэдгийг л нарийн тунгааж бодох хэрэгтэй гэж бодогддог. Товчхондоо бол Монголчууд бид шашнаараа эсвэл Чингис хаанаараа ч юм уу нэгдэхээс илүүтэйгээр үндэс сууриараа буюу үндэсний үзэл, соёл гэсэн үндсэн мөн чанараараа нэгдсэн цагт л урдахаа ч сэтгэлээсээ хийнэ, ёс зүй болон үндэсний эрх ашгийн талаарх мэдрэмж ч дээшилнэ. Тэр цагт л Монгол улс хөгжинө гэж итгэдэг.         

-Салбарын хүний хувьд шинжлэх ухааны салбарыг хөгжүүлэхэд ямар бодлого чухал вэ. Монголд шинжлэх ухааны салбарыг хөгжүүлэхэд ямар боломж байна вэ?

-Энэ чинь харин их хэцүү асуулт байна шүү. Бодлого гаргадаг хүн биш учраас ийм тийм гээд мэдэмхийрээд байх юм бол надад алга. Гэхдээ өмнөх асуулттай холбогдуулаад тодорхой нэг хоёр зүйлийг дурдаж болмоор санагдана. Нэгдүгээрт, мэдээж монгол хүний боловсролын, тэр дундаа бага насны болон суурь боловсролын чанарыг сайжруулах нь нэн тэргүүний асуудал. Цаг хэмнэх үүднээс үүнийг дэлгэрүүлж ярих шаардлагагүй болов уу. Хоёрдугаарт, Монголд хөл дээрээ бат зогссон компани, аж ахуйн нэгжүүдийг их сургуулиудын судалгаа шинжилгээг дэмжиж нягт хамтран ажиллахад чиглэсэн бодлого баймаар санагддаг. Шаардлагатай мэдээ мэдээлэл, судалгаагаа их сургуулиудаар хийлгэж, тэднийг санхүүжүүлсэн аж ахуйн нэгжүүдэд татвараас тодорхой хөнгөлөлт үзүүлдэг ч байж болох шүү дээ. Мэдээж эхний ээлжинд чанарын шаардлага хангасан үр дүн гарахгүй байж болно. Өмнөх асуулттай холбогдуулаад гэсний учир нь, тэр тохиолдолд болохгүй байна гээд шууд хаячих биш, шаардлага хангасан үр дүн гарах хүртэл нь тууштай явах, явуулах тэр орон зайд л нийгмийн хариуцлага, эх оронч үзэл яригдах учраас тэр. Тиймээс эдийн засгийн утгаар нь тодорхой зохицуулалт хийвэл одоогийн байгаа нөхцөл байдалд хийж, сайжруулж болох л асуудал юм шиг санагддаг. Иймэрхүү ажлуудыг хийж байж л аргагүй нөхцөл байдлаас шалтгаалаад буцаж чадахгүй байгаа нарийн мэргэжлээр сурсан болон сурч буй олон залуусын хийж бүтээх орон зай бүрдэнэ.   

-Мэргэжлийн карьерын хажуугаар, юу сонирхож, өөрийгөө хэрхэн хөгжүүлдэг вэ?

-За даа, тэр ч ичмээр дамшиг даа гэдэг шиг их олон юм болж таарах гээд байна шүү. Монголд оюутан байхаасаа эхлээд бол бөмбөг хөөх дуртай, ШУТИС -ийн волейболын шигшээд тоглодог байлаа. Америкт ирснээсээ хойш бол энд байгаа монголын соёлын байгууллагууд, оюутны холбоо, Америк дахь технологийн салбарт ажиллаж буй Монголчуудын бүлгэм болон бусад олон нийтийн ажилд л хамаг цагаа харамгүй зориулж байна даа. Нөгөө л итгэл үнэмшлээсээ болоод шүү дээ… Чөлөөт цагаараа бол гитар, морин хуур тоглоно. Бас болоогүй ээ, би чинь бас “Аранзал” гээд хамтлагтай. Багш дүү нартайгаа нийлж байгаад л үзэж тарна шүү дээ. (Инээв.) Манай энд байдаг “Монголын Соёлын Байгууллага” -ын дэргэдэх хамтлаг. Намайг энэ хотод анх ирэхэд энэ соёлын байгуулага аль хэдийнээ байгуулагдчихсан байсан. Жил ирэх тусам салбар болон гишүүдийн тоо нэмэгдэж, залуусын идэвх оролцоо нэмэгдэж байгааг харахад их сайхан. Уншигчид энэ хаягаар орж энэ байгууллагын тухай, америкт байгаа залуус юу хийдэг талаар орж сонирхоно биз ээ. Хамтлагийн маань хувьд бол мэргэжлийн гэхээсээ илүүтэй Америкт монгол соёлоо таниулах, сурталчилах гол үүрэг, зорилготой л доо. Энд тэндэхийн соёлын арга хэмжээнүүд дээр очиж тоглодог юм. Харин морин хуур тоглож эхэлснээсээ хойш сонирхолдоо хөтлөгдөн ардын хөгжмийн талаар, тэр дундаа морин хуур хөгжмийн хийц, ая дангийн талаар сүүлийн 2 жил гаруй хугацаанд судалгаа хийж байна.


-Амжилттай яваа хүмүүс ихэнхдээ хэн нэгнээс үлгэр дууриал, урам зориг авдаг гэдэг шүү дээ. Таны хувьд хэнээс эсвэл юунаас урам зориг, үлгэр дууриал авдаг вэ?

-Би чинь ер нь аймгийн төвд өвөө, эмээ хоёр дээрээ өссөн болохоор хөдөөгийн хөх өвгөдийн өвөр дамжиж, хууч яриа сонсож өссөн хувьтай хүн гэхэд болно. Тийм болоод ч тэр үү их яриа, нэлээд үглээ, хүн загнах дуртай маягийн байж мэднэ.(Инээв.) Гэхдээ хэн нэгнээс гэхээс илүү, тийм нэг нүнжигтэй хүний сайхан сэтгэлээс л их урам авдаг. Настай хүмүүстэй ярих их дуртай, бага насандаа очсон юм шиг л болно шүү дээ. Харамсалтай нь сүүлийн үед тийм хөгшид хорвоогийн жамаар их цөөрч байна. Тиймээс залуусыг тэднийхээ үнэ цэнийг мэдэрч, хайрлаж, сонсож байгаасай гэж боддог. Энэ бол энгийн юм шиг мөртлөө их чухал зүйл юм шүү дээ. Хэрэв ахмад үеийнхний жудаг, зангарга чамлагдаад, өв соёлоо мэдэх хүрээ нь хумигдаад л ирвэл хөгшин залуугийн харилцаа, мэндлэх, хүндлэх ёс алдагдаж, нийгэмд тэр чигээрээ нэг нэгнээ үл ойшоох хандлага газар авч, залгамж чанар алдагдах аюултай. Жаахан бараан юм ярьчихав уу, үгүй юу. (Инээв.) Үүнийг хаа хаанаа бас бодох хэрэгтэй болов уу л гэж хэлж байгаа юм шүү. Зөвөөр ойлгоорой.

-Таны хувьд амьдралдаа авч байсан хамгийн сайн зөвлөгөөг хэн өгсөн бэ?

-Цаг хугацаа өнгөрөх тусам өвөө, эмээ хоёрын маань хэлсэн сургаал, зөвлөгөөг давах юм үгүй болоод байх шиг санагдах юм. Нэг их гоц гойд хүний мэдэхгүй нууц юм зааж сургаад байсандаа биш л дээ. Эргээд бодоход зүгээр л хажууд нь байснаараа би их зүйл сурч бас авч хоцорсон юм шиг санагддаг. Өвөө маань бол харин миний багад намайг сургуульд орохоос өмнө анхлан монгол бичиг зааж өгч, бас нууцаар маань мэгзэм цээжлүүлдэг байсан шүү. Одоо бодоход зүггүйтэж тэр хоёрыгоо нэлээн ч зовоодог байсан санагдана. Ер нь настай хүмүүсийн үг нь үнэн учир хатуу, утга нь гүн болохоор бодож тунгааж авах юм их байдаг юм шиг ээ. Нөгөө “Хайр нь дотроо, хал нь гаднаа” гэдэг шиг. Түүнийг тэгээд сонсох хүний ухаан л мэдэх хэрэг дээ.


-Амьдралдаа хийж байсан хамгийн том бүтэлгүйтэл, түүнээс авсан сургамж тань юу вэ?

-Бүтэлгүйтэл гэвэл зөндөө дөө. Амьдрал чинь тэр чигээрээ бүтэлгүйтлийн цуглуулга юм биш үү. (Инээв.) Монголд оюутан байхдаа робот хийдэг Робокон тэмцээний олон улсын шатанд шалгарч Тайландад очоод робот маань шатсанаас эхлээд яриад байвал олон. Харин санаанд тод үлдсэн нэг дурсамж гэвэл анх хөдөөний хүүхэд хотод орж ирээд тоглож яваад гудамжинд нэг хүүхэдтэй танилцваа. Тэр үед унадаг дугуйн прокат гээд энд тэндгүй байдаг байлаа. Тэгээд нөгөө хүүхдэдээ ангийнхаа хүүхдээр дамжуулж танилцсан, прокат ажиллуулдаг ахаасаа та энэ хүүхдэд итгэж болно оо гэж шалж байгаад барьж явсан төрсний гэрчилгээг нь барьцаанд тавиад нэг дугуй түрээсээр аваад өгчихгүй юу. Төрсний гэрчилгээгээ барьчихаад, дугуй уначих санаатай, энд тэнд очиж царайчлаад яваа хөөрхийлэлтэй хүүхэд л миний нүдэнд харагдсан юм байгаа биз. Өөрөө дугуй түрээсэлж унах мөнгөгүй, хүүхдүүд царайчилдаг мөртлөө тэр хүүхдийг жигтэйхэн л өрөвдсөн юмдаг. Тэгээд гэртээ байж байтал хаалга тогшиж байна аа. Ээж онгойлголоо, би ч хажуугаар нь шагайлаа. Тэгсэн чинь “Чамайг дугуйн прокатны ах хүрээд ир гэж байна. Нөгөө хүүхэд чинь дугуйгаа авчирч өгөлгүй алга болчихлоо, найзыгаа олж ир эсвэл гэрийг нь зааж өг” гэж байна гээд манай ангийн хүүхэд зогсож байна шүү хөөе. За хэрэг ч мандлаа даа. Тэр үед 90 он гараад удаагүй, унадаг дугуй гээч юм үнэтэй байсныг хэлэх үү. Арай ч дээ гэж бодоод л хэдэн өдөр шаналлаа. Хэцүү үед аав ээж хоёрыгоо өрөнд хийчихлээ гэж зовохоосоо илүү яаж чадаж байнаа гэж бодохоор л бүр гомдоод, бараг нэлээн хэд уйлсан байхаа. Тэгж байтал дугуйны сураг гарваа, прокатнаас дугуй залилж аваад, дахиж будаад, зах дээр аваачиж зардаг бүлэг хүүхдүүд баригдсан юм гэнэ. Тэр дунд нөгөө дугуй нь байж таараад, тэгээд нэг юм өрнөөс салж билээ. Энэ бол хүн чанарын үнэ цэнийн талаар надад ихийг бодогдуулсан, их тод үлдсэн “бүтэлгүйтэл” юм шүү. Хамгийн хэцүү нь дараа нь нөгөө прокатны ах маань намайг “худалч бацаан” гээд хөөгөөд царай өгөхөө байсан. Би уг нь... гээд тайлбарлачихмаар санагддаг байснаа л санадаг юм. Гэсэн хэдий ч тэр ахын зөв байж гэж бодогддог. Тайлбарлах боломж олгоогүй нь ч гэсэн надад хүний итгэлийг алдах ямар байдгийг сайн ойлгуулж өгсөн байх.  

-XXI зуунд залуу хүний гол өрсөлдөх чадварыг та юу гэж тодорхойлох вэ. Таны хувьд ямар чиглэлд өөрийгөө илүүтэй хөгжүүлж байна вэ?

-Хурдан явъя гэвэл ганцаараа, хол явъя гэвэл олуулаа гэдэг дээ. Хүнийхийг сурсан шиг сурч, өөрийнхийг мэдсэн шиг мэдэх хэрэгтэй гэсэн зарчмаар л ханддаг. Яахав хүний өөрийн гээд байгаа нь бидэнд өөр хаанаас ч олдохгүй үнэ цэнэ юу байна, өөр газраас үлгэр жишээ авах сайн сайхан зүйл бас юу байна л гэсэн санаа. Ерөнхийд нь ажиглаад байхад өөрийнхийг мэддэгүүд нь орчин үеийн хүнийхийг сурахгүй, нөгөө талдаа болохоор орчин үеэ дагасан хэсэг нь өөрийн юмаа мэдэхгүй байна уу гэсэн бодол төрдөг. Сүүлийн үед бол өөрийн юмаа мэдэх чиглэлд нь өөрийгөө жаахан урагшлуулахыг л хичээж байна.   

-Таны алсын хараа, цаашдын зорилго төлөвлөгөө юу байна вэ. Монголдоо ирэх бодол байна уу?

-Хуучныхаар бол алсын хараа, хэтийн зорилгоо ухаан санаандаа багтааж чадах хэмжээндээ тултал тавь, харин орчин үеийн судалгаа болохоор зорилгодоо хүрмээр байгаа бол хэнд ч битгий хэл л гээд байгаа. (Инээв.) Тийм болохоор түүнийгээ өөртөө үлдээхийг минь зөвшөөрнө үү. Монголдоо буцаж очих талаар бол одоогоор тийм бодол алга. Ингэж хэлэхээр хүмүүс янз янзаар хэлж магадгүй л дээ, Монголдоо ирээд Монголоо хөгжүүлэхгүй байж, энэ тэр гэдэг ч юм уу. Яг энэ асуултыг надаас олон хүн асуудаг. Нэгдүгээрт, миний мэргэжил, хийдэг ажил заавал Монголд байхыг шаарддаггүй. Хоёрдугаарт, ямар сэтгэлээр ямар үнэ цэнийг авч үлдэж байна вэ гэдэг нь илүү чухал гэж боддог. Үнэндээ бол магадгүй би гадаадад байснаараа яг өнөөгийн нөхцөлд эх орондоо илүү хувь нэмэр оруулж байж болох юм шүү гэж бодогдох үе олон бий.    

-Эцэст нь, таны зүгээс залуучуудад юуг захиж хэлэх вэ?

-Дөнгөж 30 гарч яваа залуу хүн болохоор ийм тийм гээд захиж хэлээд байх олигтой юм надад юу байгаа аж. Миний хувьд “Хатуужил тэвчээрийг сурах хэцүү ч, эцсийн эцэст алдрын титмийг зөвхөн тэвчээртэй хүн л хүртдэг” гэдэг үгийг байнга санаж явдаг. Энэ бурхан багшийн сургаал учир алдар нэр, өнгө мөнгөний тухай бус, эрдэм номын тухай гэдэг нь мэдээж. Тиймээс “Аливаа хүн сурах чигийг эрхэм болговоос хандах зүг өөрөө тогтдог” тул “Насны залууд эрдэм сурахад залхуугүй бол даанч сайн, нарны гэрэл хурц болоход үүлгүй бол нэн сайн” гэж л дамжуулж хэлье дээ. Монгол хүн бүр эдгээр үгсийг цээжээр мэдэх байлгүй.

 

Сэтгэгдэл ачааллаж байна ..