2020-07-10 МЗХ
Admin Admin 85

МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН МЭНДЧИЛГЭЭ

Монголыг Мөнх Тэнгэр Ивээг!

Хөх Мөнх Тэнгэр Эцгийн хүчин дор, Их  суу жалийн игээгэн дор буман жилийн түүхийн мөр, түмэн жилийн төрийн ёс, мянга мянган жилийн их үйлийг цогцлоон бүтээсэн бидний улсын үргэлжлэл, ирээдүй хойч танд, Тулгар Төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын Хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний Их Баяр Наадмын мэндийг хүргэж байна.

99 жилийн тэртээ Ардын Хувьсгалын удирдагч  Их Жанжин Д.Сүхбаатарын санаачилгаар Маршал Х.Чойбалсангийн удирдлага дор Бошгийг Халах Залуучуудын Эвлэл нэртэйгээр бууриа засаж  эхэлсэн манай улсын төдийгүй Азийн залуучуудын анхны байгууллага болох Монголын Залуучуудын Холбоо нь Сонгодог Иргэний Нийгмийн Байгууллагын үүргээ биелүүлж гишүүнчлэлээ сэргээн бүртгэх Андын Ёс Барилдах Жил”-ийг зарлан эхлүүлж, улсдаа сайн иргэнийг, нийгэмдээ гэгээрэл, боловсрол, мөргүншил бүхий Монгол Залуу хүнийг бэлтгэх Их Бүтээн Байгуулалт”-ыг эхлүүлж, Бошгийг Босгох Залуучуудын Байгууллага болон төлөвшиж, шинэ эрин, шинэ мянган, шинэ зууны үүдийг нээж, үйлийг дэлгэж түүхт 99 жилийн ойн босгыг давж, 100 жилийн ойгоо угтан байна.

Эцэг Тэнгэрийн сүр сүлд бууж, Орчлон Ертөнцийн жам ёс дэлгэрч, Эх Байгаль Дэлхий  минь хүчээ мэдрүүлж, ивээлээ өгч хур шимээ хайрласан дэлгэр сайхан цаг ирлээ. Монгол ир хэмжээсийг өөрийн биендээ эр болгон суулгасан ард түмэн минь уул ханхайнхаа савдгийн хүчийг биесүүлэн ёс талбин барилдаж, ус мөрнийхөө лусыг хурдан хүлгэндээ хөллүүлэн уралдаж, нутаг орон, өвөг дээдсийнхээ сахиусыг эр биендээ ёс сахиулан хараа мөр онож харван, төр ёсны хууль, журмаа дээдэлж сайхан наадаарай.

Төр төвшин, түмэн олон амгалан байх болтугай.

Их Төрийн Минь Сүлд Өршөөг!

 

МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ, ДЭЛХИЙН ЗАЛУУЧУУДЫН АССАМБЛЕЙН ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ

АЮУШИЙН МӨНХБАТ

 

Сэтгэгдэл ачааллаж байна ..