2018-05-17 МЗХ
Admin Admin 296

NEXT STOP наадмын шилдгүүдийн “Оны залуу” лекцийн үеэр МЗХ-ны Ерөнхийлөгч А.Мөнхбатын хэлсэн үг

Амар мэнд үү? Эрхэм залуус аа, эрхэм оны залуус аа, эрхэм зочид оо

Өнөөдөр бид нар Монгол улсын Төрийн ордны Их танхимдаа Монголынхоо залуучуудаар өргөгдсөн 4 сайхан эрхмийнхээ үгийг сонсохоор хуран чуулаад байна. Монголын Залуучуудын Холбоо удахгүй 100 жилийнхээ ойг тэмдэглэх гэж байна. Монгол улсын сүүлийн 100 жилийн түүхийн хамгийн чухал хэсэг бол залуучуудын түүх, залуучуудын байгууллагын түүх байгаа. Монголын Залуучуудын Холбоо энэ 100 жилийн хугацаанд өөрөөсөө олон олон сайхан байгууллагуудыг өөрөөсөө төрүүлэн гаргасан. Түүний дотроос “Next Stop оны залууг тодруулдаг үйл ажиллагааг удирдан зохион байгуулдаг “Залуу удирдагч” сан юм. 1990 онд бид нар нийгмийн шилжилт, эдийн засгийн шилжилтийг анх удаа хоёуланг нь зэрэг хийж ардчилалд шилжсэн ийм улс орон болсон. Энэ шилжилтийг хоёуланг нь хийхэд үнэхээр амаргүй байсан. Яагаад гэвэл тэр үед “Ардчилал гэж юу вэ?” гэдгийг хэлчихдэг, таниулчихдаг хүмүүс ховор бүгд социалист системд хувийн өмчгүй байсан хүмүүс бизнес хийж өмчтэй болох мөн гадаадад явах гэх мэтчилэнгээр маш олон шинэ эрхүүд нээгдсэн байдаг. Ийм цаг үед бас нийгэмдээ хэн оройлох ёстой юм бэ, нийгмээ хэн хөтлөх ёстой юм бэ, залуучууд хэнийг дагах, хэнийг үлгэрлэн дууриах юм бэ гэдэг асуултууд урган гарсан байдаг. Энэ ч агуулгаараа улс төрийн шинэчлэлийг хийж байгаа улс төрчдөө тэр дотроо залуу улс төрчдөө дэмжье, дээр нь бизнес, ганзагын наймаанаас дөнгөж эхэлж байсан бизнес гэдэг ойлголтыг олон улсын түвшний жинхэнэ корпорацийн бизнес болгох хүртэл хэрхэн явуулах ёстой юм бэ, энд бизнес хийж, дөнгөж бизнесийн гараагаа тавьж буй залуучуудаа бид хэрхэн дэмжих вэ гэсэн зорилгоор бизнесийн залуучуудаа тодруулж эхэлдэг болсон байгаа.

            Ингээд 1992 онд анх “Next Stop” наадмыг зохион байгуулж, анхны оны залуучууд тэгэхэд тодорсон байдаг. Түүнээс хойш 25 жил өнгөрч, албан ёсоор бид нар “Next Stop” наадмын 25 жилийн ой дээр “Шилжилтийн үе” өндөрлөлөө гэж зарласан байгаа. “Шилжилтийн үе” өндөрлөснийг бид юугаар дүгнээд байгаа юм бэ, “Шилжилтийн үе”-ийг бид нар үнэхээр өндөрлүүлж чадсан уу,”Шилжилтийн үе”-д бид нар юуг алдав, юуг онов зэрэг асуултууд хөвөрсөөр байгаа. Энэ асуултуудыг бид нар тодорхой байлгахын тулд, энэ асуултуудыг бид нар эзэнтэй байлгахын тулд мөн Шилжилтийн 25 жилийн алдаа, оноо, гавъяа шагнал, ял зэмийг бүгдийг нь үүрэх энэ чадалтай эрхмүүдийг 25 жилийнхээ ой дээр тодруулъя гэж шийдсэн билээ. Үнэхээр “Next Stop” наадам бүхий л түүхийнхээ хугацаанд шалгаруулж байснаас маш онцгойгоор, маш шударгаар 2017 оны мөн шилжилтийн 25 жилийн топ залуучуудаа өнгөрсөн жил тодруулсан. Энэ бүх процессыг та бүхэн олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, сошил медиагаар бүгд үзсэн учраас нуршихгүйгээр үлдээе. Ерөөсөө түүх гэдэг бол алдаа, оноотойгоо хамт бүтэж байдаг. Энэ алдаа, оноогоо бид нар хэрэв хүлээн зөвшөөрч чадах юм бол өнөөдрийн бүтээн байгуулалтыг өнөөдрийн залуучууд хийж чаддаг. Ингэж хийж чадна хэмээн ирээдүй тодорхой болж, ирээдүйд бидний үр хойч юу бүтээх юм, биднийг бас яаж үнэлж цэгнэх юм гэдэг 3 цагийн хэлхээс бүрэн болдог. Ийм л жамтай. Ийм учраас бид өнгөрсөн 25 жилийг үнэхээр нуруун дээрээ үүрч чадсан 2 эрхмээ залуучууд сонгож “Next Stop” наадамд оролцсон 500 эрхэм нууц санал хураалтаар тодруулж, гаргаж ирж зарласан байгаа. Энэ бол үнэн байсан учраас тодорсон. Ийм ч учраас өнөөдөр бид нар эдгээр эрхмүүдээс улс орноо өөрсдийн гар дээр хүлээн авч, өнөөдрөө бүтээн байгуулахдаа бид нар үнэн байх шаардлага байна. Тийм ч учраас хийх гэж байгаа биш хийсэн хүмүүсээс үг сонсох нь юу юунаас чухал байна. Энэ агуулгаараа Шилжилтийн 25 жилийн нийгэм,  улс төрийн ТОП залуу Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж гуай, Эдийн засаг, бизнесийн Шилжилтийн 25 жилийн ТОП залуу М-Си-Эс группийн захирал Ж.Оджаргал нараас юун дээр алдсан юм, юун дээр оносон юм, бидэнд юу захих гээд байгаа юм бэ гэдгийг өнөөдөр хэдүүлээ хамтдаа сонсоцгооё. Үүнийг бид нар алдахаасаа өмнө сонсоцгооё гэж сэтгэж, чин сэтгэлээсээ гүн ухаарай.

Алдсан хойноо ухаарах нэг хэрэг

Алдахаасаа өмнө санаж сэрэх гэдэг өөр хэрэг байдаг юм.

Тийм ч учраас юу ч мэдэхгүй эхэлж байсан эдний үеийг бодвол хийж үзээд алдаа оноогоо дэнсэлчихсэн ийм сайхан нэгэн үеийн багш нартай болж золгож байгаагаараа бидний үе бас азтай. Шилжилтийн үе дууссаны дараа ямар үе эхлэх юм бэ? Шилжилт дууслаа. Одоо бид нар хаа хаанаа олон улсын харилцаанд ч тэр, эдийн засгийн харилцаанд ч тэр, улс төрийн харилцаанд ч тэр. Нийгмийн бүрдүүлэгч бүхий л бүлгүүдийн хүрээнд хүртэл жинхэнэ монголчуудын хэлдэг “Бөөр нь бөгсөндөө, Цэр нь цээжиндээ байх” учир зүйгээрээ болж байна. Тийм учраас одоо бидэнд бүтээн байгуулах л ажил үлдэж байна. Шилжилтийн 25 жил өглөө болгон босоод бид нар өнөөдөр ажилтай болж чадах болов уу гэж өөрөөсөө асуудаг байсан бол өнөөдөр бид ажлын байр бэлэн байгаа. Тэрэнд харин би тэнцэх үү? гэсэн ийм л асуултаар бид солих гэж байна. Шилжилтийн 25 жил явсаар байгаад залуу хүний мөрөөдөл байртай болох л болж үлдсэн бол одоо бид нар яаж 2025 он гэхэд улсаа бүс нутгийн хэмжээний тэргүүлэгч улс болгох уу? 2044 он гэхэд яаж дэлхийд тэргүүлэгч улс болгох вэ? Энд залуу би яаж оролцох вэ? гэдгийг ярьж хэлэлцэх ийм сайхан үе иржээ. Тийм ч учраас 2017-2044 он хүртэлх 27 жилийн хугацаанд бид нар жинхэнэ агуулгаараа бид нар бүтээн байгуулалтыг хийнэ, дээр нь бид нар өөрсдөө бүтээгч үе байна, залуу хүн бүр өөрсдөө бүтээлч эзэн байх ийм цаг үеийг Шилжилтийн 25 жилийнхэн маань бидэнд нээж өглөө. Үүний өмнө бид нарын эмээ, өвөө нар ч гэсэн социализм гэдэг зүйлийг бүрэн дүүрэн таниулсан. Тэрний өмнөх элэнц эмээ, өвөө маань бидэнд өөрөөр хэлбэл бусдын дарлалд байж, яаж тэндээс сугарч гарч болдог юм гэдгийг, бидний дээд өвөг эцгүүд маань дэлхийг хэрхэн эрхшээж болдог юм, эвтэй байвал юунд хүрдэг юм бэ гэдгийг бүгдийг нь үлгэрлэн үзүүлсэн. Ийм учраас бид нарт одоо чин тулгар гэхээсээ илүү мэдэж таньсан бүхнээрээ өөрсдийгөө хурцалж, бүтээх л ганцхан зам үлдсэн байна. Тийм ч учраас өнөөдрийн лекцийн ач холбогдол бол түүхэн ач холбогдолтой. Энэ лекцээр бид нар Монгол орон даяар монгол залуу хүн болгоныг жинхэнэ бүтээлч эзэн болгох тэрхүү аяныг эхлүүлж байгааг мэдэгдэхийг хүсч байна.

            Энэ жил бид нар шалгаруулалт хийхдээ нийгмийн бүхий л бүлгийн байгууллагыг бүгдийг нь оролцуулсан байгаа. Монголын Халамжлан Хүмүүжүүлэгчдийн Холбоо гээд залуучуудаа гэсэн сэтгэлтэй ахмадуудаас бүрдсэн байгууллага. Дээр нь 27 жил нэлээдгүй бүдгэрчихсэн заавал нийгмийн гол багана болдог Монголын Сэхээтнүүдийн Холбоо, цаашлаад Их Монгол Язгууртан буюу бидний өв уламжлал, үндэс угсаа, цаашлаад бидний нэгдэн нийлэх бүх утга учрыг өөртөө агуулсан энэхүү сайхан байгууллага, мөн бидний залгамж, бидний үр хойч болсон Их Монгол Хүүхдийн Холбоо маань  энэхүү шалгаруулалтад нэгдэж оролцсоноороо энэ удаагийн түүхэн ач холбогдлыг илүү өндөрт өргөсөн. Эдгээр байгууллагынхаа нийт бие бүрэлдэхүүн, удирдлагуудад гүн талархал илэрхийлж байна. Бүтээгч үе маань 2017 оноос тодорч эхэлж байна. Энэ бүтээлч үеийг хоёр бүсгүй эхлүүлэх болсныг бид үнэхээр гайхсан, гайхсан гайхшрал маань бас тодорч байгаа хоёр салбар дээр улам лавширсан гэдгийг Монголын Залуучуудын Холбооны Ерөнхийлөгчийн хувиар хэлэхийг бас хүсч байна. Хэвлэл мэдээллийн салбарын бизнес эрхэлдэг бүсгүй маань эдийн засгийн салбарын бүтээгч бизнесмен болон тодорч гарч ирсэн. Мөн боловсролын салбарыг удирдаж байгаа Засгийн газрын гишүүн, Улсын Их Хурлын гишүүн маань бүтээгч улстөрч гэсэн энэ номинацад шалгарч гарч ирсэн байгаа. Үнэхээр үнэний дуу хоолой үнэн байхгүй бол бүтээх гэж байгаа эзэн хүн маань боловсролтой байхгүй юм бол бүтээгчдийн үе эхэлж байна гэж хэлэхэд эргэлзээ төрөх магадлал өндөр юм. Тийм учраас бид шалгаруулалт үнэхээр шударга байсан юм байна, нүдээ олсон юм байна, үнэхээр төр түмэн нүдтэй гэж үнэхээр үнэн юм байна, ард түмэн угаасаа төрийн үндэс байдаг гэж улам тодорч байна гэсэн итгэл үнэмшил авсан ийм сайхан шалгаруулалт болсон гэдгийг хэлэхийг хүсч байна. 2018 онд бид нар дараагийн түүчээлэгч нараа тодруулна. Үүнийг бид нар илүү хариуцлагатай, илүү итгэл үнэмшилтэй үнэн тодруулах ийм боломжийг олгосон бүтээгчдийн гараа болсон та хоёртоо талархаж байна. Ингээд олон зүйлийг нуршихгүйгээр алдаа онооноосоо суралцъя, бүтээгчид байх бэлтгэлээ хамтдаа базааж эхэлье. Гялайлаа. 

Сэтгэгдэл ачааллаж байна ..