2013-09-10 МЗХ
eenee-DELETED 201

А.Мөнхбат: “Эрдэнэт”-ийн шахааны бизнесийг ил гаргаж чадвал авлигыг халах эхлэл болно

Монголын залуучуудын холбооноос УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлийг Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын даргын албанаас чөлөөлүүлэх асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандаад буй. Мөн “Эрдэнэт” үйлдвэр дэх шахааны бизнесийг ил тод болгох талаар үйл ажиллагаа зохион байгуулж буй юм. Энэ талаар тус холбооны дарга А.Мөнхбаттай ярилцлаа.

 -Залуучуудын холбооноос УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлийн асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандсан. Ямар шалтгаанаар ийн хандах болов?

-Энэ зун бид Хөдөлмөрийн яамтай хамтран залуусыг ажилтай, орлоготой болгох чиглэлээр ажиллалаа. Ажлын байрыг нэмэгдүүлэх асуудал хувийн хэвшлийнхний нуруун дээр явдаг. Тэднийг дэмжвэл залуучуудыг ажлын байр, орон сууцтай болгох гол гүүр болно. Тиймээс хувийн хэвшлийн байгууллагуудтай уулзах явцад тэдэнд нэг талаас дэмжлэг, нөгөө талаас тээг болж байгаа зүйл нь Засгийн газар. Нөгөө талаар нийт аж ахуйн нэгжүүдийн хувьд нэгдсэн субьект нь Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим юм. Гэтэл энэ байгууллагын үйл ажиллагаанд маш олон бизнес эрхлэгчид шүүмжлэлтэй ханддаг юм байна. Өмнө нь бизнесийн байгууллагын ашиг сонирхлыг ярьдаг байгууллага байсан бол одоо улс төрийн хандлагатай болчихсон дүр зураг харагдаад байна. Өөрөөр хэлбэл, бизнесийнхнийг хамгаалахгүй, тэдний асуудлыг ярьдаг газар байхгүй болчихлоо гэсэн саналууд ирсэн. С.Дэмбэрэл бол энэ байгууллагын дарга, бас Улсын Их Хурлын гишүүн хүн. Тиймээс энэ талаар Үндсэн хуулийн цэцэд хандах асуудал гарч ирсэн.

-Тэгвэл Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын тэргүүний ажлаас чөлөөлүүлэх талаар хандсан гэсэн үг үү?

-Ард түмнийг төлөөлж УИХ-д сонгогдсон хүн хуулиараа Засгийн газрын гишүүний ажил болон багшлах гэсэн тодорхой заалтуудаар давхар ажил эрхлэх боломжтой. Гэтэл С.Дэмбэрэл Худалдааны танхимын дарга, улс төрийн намын дарга, УИХ-ын гишүүн зэрэг ажлыг хийж байна. Тэгэхээр энэ нь нийт бизнес эрхлэгчдийн ашиг сонирхлыг төлөөлж чадахгүй, Үндсэн хуулийн зарчмуудыг алдагдуулсан учир Үндсэн хуулийн цэцэд хандсан.

-Өнгөрсөн жилээс авлигын эсрэг үйл ажиллагаа эхлүүлж байгаагаа мэдэгдэж байсан. Сүүлийн үед та бүхэн энэ чиглэлээр томоохон ажил өрнүүлж байгаа сурагтай?

-Залуучууд ажиллаж, амьдрах, боловсроход нь хамгийн ихээр саад болдог зүйл нь авлига. Авлигыг бууруулахын төлөө бид бүтэн жилийн хугацаанд “Авлига би өгөхгүй, авахгүй” гэдэг аяныг өрнүүлсэн. Авлигын тоолуур ажиллуулж үзлээ, “Сэрэх цаг боллоо залуусаа” аян өрнүүллээ. Энэ хугацаанд авлигын талаарх ойлголтыг хэл яриагаараа нийгэмд сайн хүргэхгүй юм байна, хүн бүр жигшихээр, оролцсон хүн ичихээр, түүнээс үүдсэн хохирлыг эргээд арилгах чиглэл рүү томоохон ажил хийе гэсэн санааг гаргасан. Үүний эхлэл болгож “Эрдэнэт” үйлдвэрт шахааны бизнесээр орж ирсэн 10 гаруй тэрбум төгрөгийн барааг ил болгох ажлыг эхлүүлж байна. Тиймээс энэ бараа материалыг хэний үед, хэдэн төгрөгөөр авсан юм гэдгийг ил болгож, үзэсгэлэн гаргая гэсэн зорилготойгоор “Эрдэнэт” үйлдвэрийн захиралд санал хүргүүлсэн. Дээр нь төрийн өмч  хариуцдаг Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга, Уул уурхайн сайд Д.Ганхуяг нарт бичиг явууллаа. Үнэхээр манай сайд нар, улс төрчид авлигын эсрэг тэмцье гэж хүсч байгаа юм бол бидний саналыг дэмжих учиртай. 

-Яагаад заавал үзэсгэлэн гаргана гэж. Энэ асуудлыг үйлдвэрийн удирдлагууд нааштай хүлээж авахад эргэлзээтэй юм шиг?

-Тэгвэл тэд үеийн үед шахааны бизнесээ үргэлжлүүлнэ гэсэн үг. Одоогийн удирдлагууд, төр, засгийн хүмүүс энэ бүхэнд үнэхээр холбоогүй юм бол энэ үзэсгэлэн зохион байгуулагдаж л таараа. Монголд авлигыг хална гэвэл бид зоригтой алхмууд хийх ёстой. Зөвхөн “Эрдэнэт”-ээр тогтохгүй, “МИАТ”, “Багануур”, “Шивээ Овоо” зэрэг төрийн өмчит томоохон компаниудад жишиг болгож хийж чадвал цаашид тэнд ажиллах захирлууд хэн нэгэн улстөрч, сайд дарга нарын дарамтад орохгүйгээр тухайн компаниа үр ашигтай ажиллуулах чиглэлд анхаарна. Үүний хүчинд залуус хожино, Монголын авлига цэгцэрнэ.

-Үзэсгэлэнгээс олох орлогыг үйлдвэрийн залууст зориулна гэл үү?

-“Эрдэнэт” үйлдвэр 6000 гаруй ажилчинтай. Тэдний 70 орчим хувь нь залуус. Үзэсгэлэнгээс олох орлогоороо үйлдвэрийн залуучуудын нийгмийн асуудлыг шийдэж өгөөч, орон сууц бариач гэсэн санал тавьсан. Учир нь тэнд байрны хэрэгцээ маш их байгаа.

-Нэгэнт ярилцсаных Хүүхдийн паркийн асуудал ямар шатанд явж байгааг сонирхъё. Анхан шатны шүүхээс паркийн хувьчлал хууль бус болохыг баталсан. Харин давж заалдах шатны шүүхээс сураг алдарсан байх аа?

-Давж заалдах шатны шүүх хурал болоход шүүгчид үнэхээр шударга бус ажилласан. Шүүхийн шийдвэр гарсан боловч бидэнд танилцуулахгүйгээр хоёр сар дарж хэвтсэн. Тухайн үед сонгууль болж байсан болохоор түүнтэй холбож ойлгосон. Гэхдээ шүүх байгууллага ямар ч үед шударга л ажиллах ёстой. Тэгээд л шүүх үйл явц зогсчихсон, бидэнд албан ёсны шийдвэрийг танилцуулаагүй хэвээр. Бид дахиад анхан шатнаас нь эхэлнэ. Өмнө нь нэхэмжлэгч нь иргэд байсан бол одоо Монголын залуучуудын холбоо өөрсдөө нэхэмжлэгчээр оролцоно.

-Бусад залуучуудын байгууламжуудын хувьд бас л нааштай хариу сонсогдохгүй байна?

-Хүүхдийн паркаас гадна Залуу техникчдийн ордон, Хүүхдийн урлан бүтээх төв, Хүүхэд залуучуудын соёлын төв зэрэг байгууламжуудыг бүгдийг нь хэмлээд дуусгачихсан шүү дээ. Одоо обьект нь бараг сөнөх дөхсөн газрууд байна. Эдгээр байгууламжийг буцааж сэргээх асуудлаар Засгийн газарт хандахад Ч.Сайханбилэг сайдаар ахлуулсан ажлын хэсэг гарсан. Гэхдээ тэдний ажил маш удаан байна, одоо болтол шийдвэрээ гаргаж өгөхгүй хүлээлтийн байдалтай л байна. Сонингоор дамжуулаад “Сайханбилэг сайд аа хурдлаач” гэж хэлье.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин Б.Энхзаяа

Сэтгэгдэл ачааллаж байна ..