Хариу нэхээгүй тус аян Сэлэнгэ аймгийг зорьсон байна
2014-06-17 МЗХ
eenee-DELETED 149

Хариу нэхээгүй тус аян Сэлэнгэ аймгийг зорьсон байна

Монголын Залуучуудын Холбооноос 16 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж байгаа “Хариу Нэхээгүй Тус” аян энэ жил хоёр том үйл ажиллагааг зохион байгуулан тусламжийн гараа сунгалаа. “Хариу нэхээгүй тус” аян залуучуудын өөрсдийн санаачлан эхлүүлсэн ажил бөгөөд амьдралын түвшин доогуур бяцхан дүү нартаа туслах зорилготой юм. Өнгөрсөн хугацаанд “Дусал цус амьдрал бэлэглэнэ” өдөрлөг болон Залуучуудын өдрөөр нь “Хайраар дүүрэн хайрцаг”-ийг аялуулсан бөгөөд тэрхүү хайрцагт  хичээлийн хэрэгсэл болоод бусдад хэрэгцээт зүйлсийг авчирч сайн санааны аянд залуучууд нэгдэж тусламж хэрэгтэй хөөрхөн бяцхан дүү нартаа сэтгэлийн дэм, хэрэгтэй зүйлсийг хандивлаж, сэтгэл зүтгэл байхад залуучууд юуг ч хийж чадна гэсэн том жишээг харуулж чадсан юм. Тэгвэл өнгөрсөн амралтын өдөр “Хариу нэхээгүй тус” аяныхан маань Сэлэнгэ аймгийг зорьсон байна. МЗХ-ны гүйцэтгэх хорооны ажилчид, дэргэдэх клуб болон “Beat компанийн хамт олон санаачлан ном хандивлах үйл ажиллагааг эхлүүлж 200 гаруй номыг цуглуулан Бурхан багшийн Их Дүйчин өдрөөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын Зүүн-Хараа дахь хүүхдийн номын санд хандивласан юм. Аяны дараагийн хийсэн нэг том ажил нь Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт ослоор амиа алдсан бүсгүйн хүүхдүүд болох У.Ууганбаатар, У.Батсүх нарыг бага ангиа төгсөх хүртэл нь хичээлийн хэрэгслэлээр бүрэн хангахаар болсон байна.  “Хариу нэхээгүй тус” аян цаашид үргэлжилж тусламж хэрэгтэй мянга мянган хүүхдүүдийг баярлуулаасай гэдгийг Сэлэнгэ аймгийн хүүхдүүд маань хэлээд дараагийн тусламж хэрэгтэй хүүхдүүд рүү нь үдсэн юм.

Сэтгэгдэл ачааллаж байна ..