2018-11-28 МЗХ
Admin Admin 87

​Б.Янжмаа: Эрүүл байхын үнэ цэнэ орхигдож, мөнгөлөг, брэндлэг зүйл рүү хошуурдаг нийгэм болжээ

Энэ орчлонд эрүүл саруул төрсөн хэрнээ хөдөлмөрлөж, амьдралын үнэ цэнийг өөрийнхөө хичээл зүтгэлээр мэдрэхээс төвөгшөөдөг хүмүүн цөөнгүй. Тэгвэл харааны бэрхшээлтэй хэрнээ хэнээс ч, юу ч гуйхгүйгээр өөрөө хөдөлмөрлөж, өөртөө болон өрөөлд ажлын байр бий болгохын төлөө зүтгэж, өөрийгөө дайчилж чадсан нэгэн эмэгтэйг энэхүү сурвалжлагаараа онцлох гэж байна. Энэ эмэгтэйг Б.Янжмаа гэдэг. Тэрээр бусдад амьдралын сайхан,  итгэл, урам дэм өгөхийг зорин тэмүүлж буй хөдөлмөрч, хичээл зүтгэлээрээ залуу үеийнхэн дундаа үлгэр жишээ болж яваа эгэл жирийн эмэгтэй юм.


Тэрээр “Café more Ulaanbaatar” кофе шопод бариста хийдэг. Үндсэн мэргэжил нь  эрх зүйч. Б.Янжмаа өөрийнхөө төлөө гэхээс илүү бусдын сайн сайхны төлөө том хүсэл мөрөөдөл тээж явдаг. Тэрээр хэнийг ч ялгаж, алаг үздэггүй эерэг хандлагатай, соёлтой, бүгд тэгш оролцоотой, шударга нийгмийг бий болгоход өөрийн төлөө хувь нэмрээ оруулахын тулд эрх зүйч мэргэжлийг сонгожээ. Түүний нүдний хараа бага наснаас нь аажим аажмаар муудаж, хүсэн хүлээсэн их сургуульдаа суралцах болоход нь 90 хувийн хараа алдагдалттай болж, ном сурах бичиг уншиж чадахгүй, байгууллагын гаднах хаягийг ч харж чадахгүй, хэн нэгнийг хараад таньж чадахааргүй болсон байна. Гэсэн ч тэрээр харж чадахгүй гэдэгтээ бууж өгөлгүй, эцсээ хүртэл зүтгэж, шантарсан ч зорилгоо санан дахин босч чаджээ. Дээр нь халуун дулаан сэтгэлтэй багш, анги хамт олны хүчээр МУИС-ийн Хууль зүйн сургуулиа амжилттай төгсөж чадсан байна. Түүний сургуулиа төгсөх чин хүсэл, тэвчээртэй сэтгэл, дайчин чанарыг ангийнхан нь чин сэтгэлээсээ дэмжиж, зарим нь зөвхөн Б.Янжмаад харагдах гэж тод өнгийн цүнх, ороолт, малгайтай хичээлдээ ирж, зарим нь унших номыг нь утсан дээрээ хураагаад майлаар явуулдаг байжээ.


Өнөө цагт эрүүл саруул, их сургуулиа онц төгссөн залуус ч мэргэжлээрээ ажилд ороход амаргүй байхад Б.Янжмаа бусдын гарыг харалгүйгээр залуусын адилаар мэргэжлийн ажлаа хайж үзжээ. Ингээд эрэл хайгуул хийсний эцэст нэгэн хуулийн фирмд өмгөөлөгчийн туслахаар ажилд орсон байна. Тухайн үед ярьдаг программаар ажлаа хийж болж байсан ч хавтаст хэрэгтэйгээ танилцаж чадахгүй, шүүгчээ таниж чадахгүй, шүүх хуралдааны танхимаа өөрөө олоод орж чадахгүйн улмаас аргагүйн эрхэнд ажлаа орхижээ.

Гэсэн ч тэрээр бууж өгөөгүй, "ажил хийж чадахгүй юм байна" гээд хойш суугаагүй. Төрөөс хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс хаана ч, хэзээ ч хөгжлийн бэрхшээлтэй гэдгээрээ ялгагдахааргүй ажиллах боломжийг нэгэнт бүрдүүлж чадаагүй учир тэрээр өөртөө ажлын байр бий болгохыг хүсчээ. Ингээд Д.Нацагдоржийн номын санд жижиг кофе шоп ажлуулж эхэлсэн байна. Хувиараа кофе шоп ажлуулахдаа хэрэглэгчийн судалгаа хийгээгүй зэрэг зарим зүйл дутуу байснаас төдийлөн ашиг ололгүй, үйл ажиллагаагаа зогсоож, тус номын сангийн харааны бэрхшээлтэй хүмүүст зориулсан уншлагын танхимд сайн дураараа ажиллах болсон байна. Энэ зуураа БНСУ-ын хараагүйчүүдийн Шилоам нийгэмлэгээс зохион байгуулж буй баристагийн сургалтад хамрагдаж, байнгын ажлын байртай болж чаджээ. Өнгөрсөн намар нээлтээ хийсэн харааны бэрхшээлтэй хүмүүсийн ажлуулдаг “Café more Ulaanbaatar” кофе шоп бол Б.Янжмаагийн ажил. Тус кофе шоп нь Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны нэг давхарт байрладаг. “Café more Ulaanbaatar” кофе шопт 50, 70 хувийн хараа алдалттай хоёр хүн,  90 хувийн хараа алдалттай хоёр хүн ажилладаг юм. Бага хараа алдалттай хүн нь өндөр хараа алдалттай хүнтэйгээ хамт ажиллах зарчмаар өдрөөр ээлжлэн ажилладаг байна. Тус кофе шопт энгийн иргэд үйлчлүүлж болох ч ихэвчлэн ХНХЯ-ны ажилтнууд үйлчлүүлдэг юм байна. Тэд бусад кофе шопт худалдаалагддаг бүхий л халуун, хүйтэн кофег нарийн мэдрэмж, сэтгэл шингээн найруулан бэлтгэдэг аж.  


iToim.mn агентлагийн сурвалжлах баг “Café more Ulaanbaatar” кофе шопын менежерээс зөвшөөрөл авч, бариста Б.Янжмаатай цаг товлон тэдний кофе шопоор зочилсон юм. Биднийг очих үед кофе шоп хаахад хоёр цаг үлдсэн байлаа. Кофе шопын намуухан орчинд хоёр хүн кофе амтлан ярилцан сууж байв. “Café more Ulaanbaatar” кофе шопт саатахад цэвэрхэн, намуухан цаанаа л нэг халуун дулаан уур амьсгал мэдрэгдэж байсан юм. Ингээд тэкний ард манай онцлох зочин Б.Янжмаа эксфрессо кофе найруулж харагдлаа. Тэрээр 90 хувийн хараа алдалттай учраас баристагаар суралцаж байхдаа кофегоо нарийн мэдэрч, сонсохоос гадна маш олон давтамжийн үр дүнд сая кофе хийж сурчээ.

Тэрээр кофе найруулахдаа гарын мэдрэмжээ хөгжүүлж, ихэвчлэн баримжаагаар найруулдаг байна. Харааны бэрхшээлтэй хүмүүсийн сонсох мэдрэмж маш өндөр байдаг.  Тийм учраас Б.Янжмаа кофе бэлэн болж байгаа эсэхийг болон сүү нь зөв хөөрч байгаа эсэхийг сонсоод мэддэг аж. Мөн цаг харах боломжгүй учраас зарим хугацаа шаардсан зүйлийг өөрийн мэдрэмжээрээ дотроо тоолдог байна.  Б.Янжмаа анх кофены сүү халааж сурч байхдаа 60-70 градуст халаах сүүг 80 градуст буцалгачихдаг байсан. Одоо ч кофе найруулахад төгс хийж чаддаггүй зүйл бий. Суралцсаар л байгаа гэдгээ хэлсэн юм.


Ингээд ирсэн зочдыг сэтгэл шингэсэн кофегоор дайлж, ажлынхаа амтыг мэдэрч, итгэл дүүрэн мишээх бариста Б.Янжмаатай түр ярилцлаа.

-Таны хувьд хоёр удаагаа кофе шопт ажиллаж байгаа юм байна. Тэгэхээр өмнөх кофе шопийг бие даан ажиллуулахад ямар байсан бэ?

-Залуу хүн учраас өөртөө ажлын байр бий болгохын тулд кофе шоп ажиллуулсан. Харамсалтай нь зах зээлийнхээ судалгааг сайн хийгээгүй, хэрэглэгчээ тандаагүй зэрэг асуудал гарсан учраас удаан ажиллуулаагүй. Үүний үр дүнд аливаа зүйлд ул суурьтай, судалгаатай хандах ёстой юм байна гэдгийг мэдэж авсан. Хэнд юу хүргэх гэж байгаагаа олж хараагүй хэрнээ мөрөөдлөө хөтлөгдөөд ажилласан байгаа юм.

-Та Нацагдоржийн номын санд сайн дурын ажил хийдэг байсан юм билээ. Мөн өөр бусад төрийн бус байгууллагуудад ч сайн дурын ажил хийдэг гэж сонссон. Гэтэл сайн дурын ажил хийхэд ашиг олдоггүй шүү дээ. Та яагаад сайн дурын ажил хийгээд байдаг юм бэ?

-Нацагдоржийн номын сангийн хараагүй хүмүүс үйлчлүүлэх танхимаар үйлчлүүлж байгаа хүмүүсийн нийгмийн оролцоог дэмжих үүднээс гэрээсээ номын сан руу, номын сангаас гэрлүүгээ явах, зам дахь орон зайн баримжааг заах, таягаа ашиглаад явж сурах, бие даан явж сурах, кирилл үсэг мэдэхгүй хүмүүст кирилл үсэг заах, хожуу хараагүй болсон хүмүүс брайл үсэг заах зэрэг ажлуудыг хийж ирсэн.

Сүүлийн үед хүмүүс сайн дурын ажил, сайн үйлс их хийх болсон байна. Гэхдээ дийлэнх нь хэлбэр хөөж байхыг үгүйсгэхгүй. Би сайн дурын ажил хийх нь миний  нийгэмд оруулж чадах хувь нэмрийг илэрхийлэх орон зай гэж хардаг. Ингэснээр бусадтай харилцах, багаар ажиллах, аливаа зүйл дээр ул суурьтай хандах зэрэг олон зүйлийг олж авсан. Хэдийгээр төлбөр авдаггүй ч хувь хүн талаасаа илүү олон зүйлийг ойлгуулдаг.

-Таны хувьд хүссэн сургуульдаа сурахаас эхлээд байнгын ажилтай болох хүртэл маш их хичээл зүтгэл гаргасан байна. Монголд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс хүссэн ажлаа хийх, хүссэн сургуульдаа сурах боломж хэр байна вэ?

-Олон улсад хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс хүссэн мэргэжлээ эзэмшээд чөлөөтэй ажиллаж болоод байгаа юм. Тэдний ажиллах боломжийг төрөөс бодлогоор дэмжиж өгдөг. Монголд ийм нөхцөл хараахан бий болоогүй байна. Сурч боловсрох эрхтэй гээд хүн болгон хүссэн мэргэжлээр мэргэжил эзэмшиж байна. Гэсэн хэдий ч төгсөөд мэргэжлээрээ ажиллах боломж нь хязгаарлагдмал. Энэ нь Монголын залуучуудад тулгамддаг гол асуудал юм. Залуучууд ажилд ороход эмэгтэй нь илүү дүнтэй төгссөн ч эрэгтэйг нь авах ч юм уу, Ямар нэг байдлаар ялгаатай болоод ирсэн. Ингээд ирэхээр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн боломж нь дахиад хойшилж байгаа юм.  

Харин харааны бэрхшээлтэй хүмүүс боломжийн хэрээр ажил хийж байна. Уг нь заавал нүдээрээ хараад хийхгүй, програмийн тусламжтайгаар хийх боломжтой ажлууд байгаа юм. Үнэхээр харааны бэрхшээлтэй хүмүүсийг ажилд авбал нэг ч гэсэн хүн орлоготой болж, амьдралын чанараа дээшлүүлэх боломж байна.

-Хуучин хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг зарим нь гадуурхах тал ажиглагддаг байсан. Харин одоо хүмүүс нэлээд соёлжсон гэж бодож байна. Тэгэхээр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг өнөө үед Монголын нийгэм хэр хүлээж авдаг болсон бэ?

-Монголд нэг хэцүү зүйл нь нийтийн тээврээр үйлчлүүлэхэд “хүүхэд, баярлалаа, хөгжлийн бэрхшээлтэй, өндөр настан, хөнгөлөлттэй” гэж цоллож байгаа юм. Энэ үзэгдэл нь хүний эрхийн талаас авч үзэхэд маш том алагчлал байгаа юм. Яагаад би хэн байгаагаа олны дунд мэдэгдэх ёстой юм. Бүгдэд нь баярлалаа гэдэг үгийг хэлж болно шүү дээ. Тухайн нийтийн тээврийн газар тоон мэдээлэл чухал байж болно. Гэхдээ бүгдэд баярлалаа гэж хэлээд хянагч самбар дээр нь өнгө ялгаатайгаар мэдээлэл нь гарч болмоор санагддаг. Хүндэт донор гэж зарлах нь тухайн хүнд бахархалтай байж болох ч зарим хүмүүсийн хувьд халтай үзэгдэл болж байгаа юм. Нийгмийн хандлага, дуут дохио зэрэг нь биднийг хөгжлийн бэрхшээлтэй гэдэг категорит авч үзээд байгаа юм. Уг нь бидний бие, эрхтний аль нэг хэсэг нь л бага зэрэг доголдсон хүн шүү дээ.

Гэхдээ сүүлийн үед хүмүүсийн хандлага сайжирч байгаа. Өмнө нь бол хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг хараад эвэртэй туулай харсан юм шиг болж, халамжаа аваад гэртээ суух ёстой юм шиг боддог байсан. Бид ч бас бусдын адил хөдөлмөрлөж байгаа, татвар төлөгч, баялаг бүтээгч учраас ажиллах орчин нөхцөл бүрдэх ёстой.

-Ер нь хүн аливааг байгаагаар нь хүлээж авдаг, эерэг хандлагатай болоход яах ёстой гэж боддог вэ?

-Өөрөөсөө эхлэх хэрэгтэй. Ер нь фэйсбүүк дээр лайк дардаг биш, хэн нэгний хүний эрхийн асуудал хөндөгдөхөд сошиал орчинд оволзоод байгаа юм. Тэгсэн хэрнээ талбай дээр очоод үзэл бодлоо илэрхийлэхэд хэдхэн санаачлагч нь зогсож байх жишээтэй. Хүн бүрийн оролцоо маш чухал. Утга учиртай оролцоотой байгаасай. Залуу хүнийхээ хувьд би яаж сурах, улс, эх орондоо, гэр бүлдээ би юу хийж чадах, яаж хөгжих боломжтой эсэхийг эрэлхийлж, тууштайгаар оролцоотой байгаасай гэж хүсдэг.

-Таны хувьд өөрийгөө цэнэглэдэг, гол болгож барьж явдаг ямар үг байдаг вэ?

-Эзэн хичээвэл заяа хичээнэ. Би хийж чадна гэж зүтгэвэл чадна. Чадахгүй гээд хойш суугаад байвал байрандаа зогсоно эсвэл ухарна. Хийж байхдаа суралцдаг процесст итгэдэг. Угаасаа аливаа зүйлийг хийж үзэж байж л сурдаг. Зүгээр л хийж үзье. Эхлүүлье гэдэг уриа өөртөө тавьдаг.

-Эрүүл саруул хэрнээ ажил хийдэггүй, аливаад хойш суух, амьдралд урагшгүй ханддаг хүмүүсийг юу гэж боддог вэ?

-Хүн болгон л өөр өөрсдийн явах ёстой замаар явж байгаа байх. Тухайн хүнд хэзээ юу хийхээ ухаарах өдөр ирнэ. Өөр өөрсдийн жаргал, зовлонг амсаж байж л амьдралаас суралцана.  

-Хүн энэ хорвоод хувь зохиолоор ирдэг учраас амьдралд олон зүйлийг үзэж, туулахыг хүсдэг. Таны хувьд энэ амьдралаас юуг хамгийн их хүсч, мөрөөддөг байна вэ?

-Хүний ёсоор хүнд хүлээн зөвшөөрөгдөх мэдрэмжийг л хүсдэг. “Эвий дээ, хөөрхий дөө” гэсэн хандлага үнэхээр хог. Харин үүний оронд “Чи чадна. Хамт хийгээд үзье. Хамт эхлүүлье. Дахиад хийгээд үзье” гэх нь үнэхээр гайхалтай байдаг.

-Хүмүүс ямар нэг дутуу зүйлээ бий болохыг аз жаргал гэж хэлэх нь ч байдаг. Таны хувьд аз жаргалыг боддог вэ?

-Би амьдралдаа сэтгэл хангалуун байдаг. Гэхдээ сурах зүйл маш их байна. Монголын нийгэм залуу хүмүүсийн аз жаргалын ойлголтод хиймэл дүр оноогоод байгаа юм. Үздэг кино, шоу, энтертаймент үзүүлбэрээр нь оноож байна. Жип унасан байвал нэр төр нь юм шиг, орон сууцтай болох нь аз жаргал юм шиг дүр оноодог. Ийм хандлага нийгэмд тогтсон нь гол асуудал болж байна.

Монголд олон ангит савангийн дуурийг хараад манай залуус өөрийгөө хэмжих гээд байгаа юм. Би гоё ороолт зүүж байвал дулаан байх нь хамаагүй. Гоё л харагдах гээд байдаг болсон. Эрүүл байх үнэ цэнэ орхигдож, өнгөлөг мөнгөлөг, брэндлэг зүйл рүү хошууруулах үзэгдэл нийгэмд бугшаад залуусыг буруу зүйл рүү хөтлаж байгаа юм шиг санагддаг. Миний хувьд аз жаргалын одоогийн байгаа нөхцөл байдлаасаа хардаг. Би яг одоогийн ярилцлагадаа ямар ч дарамт шахалтгүйгээр хүссэн зүйлээ ярьж чадаж байна. Энэ чинь л өөрөө аз жаргал. Монголд хүмүүс ардчилал гээд хэн нэгний чөлөөтэй гутаан доромжилдог. Гэтэл бусдын эрхээр миний эрх хязгаарлагдана гэдгийг боддоггүй. Залууст Чингисийн монгол гэдгээс илүүтэйгээр хүн байх ёстой гэдгийг л боловсролын байгууллага, нийгэм ойлгуулдаг байгаасай гэж хүсдэг.

-Хүнд эргэж буцах, шантармаар үе олон тохиолддог. Танд ч бас ямар нэг зүйлийг хийж сурах гээд чадахгүй шантрах эргэж, буцмаар санагдах үе байсан байх. Энэ үедээ та хэрхэн босч, өөрийгөө ялан дийлж байсан бэ?

-Шантрах зүйл маш олон байдаг. Тэр үед нь чамаас илүү хүнд нөхцөлийг туулж байгаа хүмүүс байгаа. Түүний туулж байгаа мэдрэмжийг аваагүй байж юу яриад байгаа юм бэ. Дахиад яв, хийгээд үз. Хийх хүнд арга олдоно гэдэг.

 Эх сурвалж: itoim.mn

 

Сэтгэгдэл ачааллаж байна ..