Монголын Залуучуудын Холбоо Цахим хуудсаар дамжуулан авлигыг илчилнэ
2014-01-13 МЗХ
eenee-DELETED 268

Монголын Залуучуудын Холбоо Цахим хуудсаар дамжуулан авлигыг илчилнэ

Өнгөрөгч баасан гарагт “Монгол улсад үндэсний шударга ёсны тогтолцоог бэхжүүлэх, авлигатай тэмцэх хөтөлбөрийн төсөл” үндэсний чуулган Төрийн ордонд боллоо. Уг чуулганд авлигын эсрэг тууштай тэмцэж буй Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Авлигатай тэмцэх газар, Монголын Хуульч Эмэгтэйчүүдийн Холбоо, Монголын Залуучуудын Холбоо гэсэн төрийн болон төрийн бус байгууллагууд оролцож илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэн зөвлөмж гаргасан юм.  Манай улс 2005 онд Авлигатай тэмцэх тухай НҮБ-ын конвенцид нэгдэн орж, 2006 онд Авлигын эсрэг хуулийг батлан гаргасан талаар Р.Бурмаа /УИХ-ын гишүүн, Авлигын эсрэг “Монпак” бүлгийн ахлагч/ илтгэлдээ дурьдсан бол, А.Баянмөнх /Азийн засгийн Засаглалын хөтөлбөрийн менежер/ Авлига, хахуульд өгдөг мөнгөний хэмжээ ч буурч байгааг тэрбээр дурдаж, иргэдийн дунд авлига буурна гэсэн хүлээлт улам нэмэгдсээр байгааг судалгаа харууллаа. 2010 онд судалгаанд хамрагдсан иргэдийн 28.7 хувьд нь авлига буурна гэсэн хүлээлттэй байсан бол 2013 онд энэ үзүүлэлт 36 хувь болж өссөн” гэсэн мэдээллийг өгсөн юм. Хамгийн их сонирхол татсан илтгэл Монголын Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч А.Мөнхбатын илтгэл байсан юм. “Авлига би авахгүй, би өгөхгүй” аяныг МЗХ 2012 оны 4-р сараас эхлэн өрнүүлж байгаа. Аяны хүрээнд “Авлигын эсрэг” фото зургийн уралдаан, авлигагүй тоолуур ажиллуулж 10 мянга гаруй залуусыг нэгтгэсэн, “Залуучууд авлигын эсрэг хамтдаа”, “Залуусаа сэрэх цаг боллоо” “Авлигагүй орон сууц”, “Авлигын эсрэг залуучуудын мөрдөх 10 дүрэм”, “Авлигаас ангид байх амлалтын дэвтэр”-т гарын үсэг зуруулах зэрэг томоохон үйл ажиллагаануудыг зохион байгуулсан бөгөөд хамгийн сүүлд  АНУ-ын “Азийн сан”-ийн дэмжлэгтэйгээр www.avliga.mn сайтыг ажиллуулж цахим хуудсаараа дамжуулан ямар ажил үйлчилгээнд авлига бий болоод буйг судлахаас гадна түүнийг хэрхэн зогсоох арга замыг олох зорилгыг тавьж, хүүхэд залуучуудын дунд авлигын эсрэг байх амлалтыг ажил хэрэг болгохоор ажиллаж байгаа билээ.  Цаашид МЗХ “Авлига би авахгүй би өгөхгүй” аяныг үргэлжлүүлэх бөгөөд бүх сумдаар явж залуучуудтай уулзан авлигын эсрэг ухуулах сурталчилгаа хийх, www.avliga.mn сайт тогтмол ажиллуулах, төрийн байгууллагуудын шахааны бараагаар авлигын үзэсгэлэн гаргах, том төрөөс ухаалаг төр лүү шилжихэд залуусын оролцоог нэмэгдүүлэх зэрэг томоохон ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөж байна. 

Сэтгэгдэл ачааллаж байна ..