2018-09-28 МЗХ
Admin Admin 211

Дэлхийн 10 рекордыг эзэмшдэг монгол охин

Ой тогтоолтын спортоор хүч сорьдог 17 төрөл байдаг. Түүнээс монгол хүүхдүүд 14 төрөлд нь дэлхийн рекордыг эзэмшдэг. Гэтэл тэр 14 төрлөөс 10 рекордыг нь зөвхөн нэг тамирчин эзэмшдэг. Тэр бол ой тогтоолтын тамирчин олон улсын их мастер, 16 настай Э.Лхагвадулам. Түүнтэй ярилцсанаа хүргэж байна. 

-Дэлхийн ой тогтоолтын спортын 17 төрлөөс 10-ийг нь эзэмшдэг гэж байна. Ямар ямар төрлөөр дэлхийн рекордыг тогтоосон бэ?

-Хоёртын тоолол төрөлд таван минутад 1251 цифр цээжилж, дэлхийн рекордыг эвдсэн. Таван минутын дотор 104 түүхэн үйл явдал цээжилж дэлхийн рекордыг тогтоосон.  Мөн нэг багц 52 ширхэг хөзрийг алдаагүй санаснаар дэлхийн рекордыг эзэмшиж байна. Нэг цагт 26 багц хөзөр тогтоож 1300 хөзрийг тогтоож дэлхийн рекордыг тогтоосон. Хоёртын тоолол төрөлд 30 минутад 4665 цифрийг алдаагүй санаснаар дэлхийн рекорд эвдсэн. Мөн бага насны ангилалд долоон төрөлд нь рекорд эзэмшиж байна.

-Ой тогтоолтын спортоор хэзээнээ хичээллэж эхэлсэн бэ. Хамгийн хатуу дүрэмтэй төрөл аль нь вэ?  

-Миний хувьд 2015 оноос хойш Оюун ухааны академийн Дархан хотод байдаг салбарт хичээллэж эхэлсэн. Хоёртын тоолол төрөлд 30 минутад 4665 цифрийг алдаагүй санаснаар дэлхийн рекордыг эзэмшдэг. Энэ төрөл их хатуу дүрэмтэй. Нэг мөрөндөө 30 цифртэй байдаг. Түүнээс нэг цифр алдах юм бол тал оноогоо алдана, хоёр цифр алдах юм бол 0 оноо авдаг дүрэмтэй. Нэг нүүр хуудсанд 750 цифр байна. 4665 цифрийг санахад 6 хуудас орчим болдог. Миний хувьд Индонезед болсон дэлхийн аваргаар 4665 цифр цээжилж, рекордыг нь эвдсэн.

--Энэ олон цифрийг яаж ийм хурдан хугацаанд цээжилдэг юм бэ. Ямар нэг арга байдаг уу?

- Надад цифр бүр үг, утга болж харагддаг. Юу гэхээр 0-99 хүртэлх тоог гурав, гурван үгээр орлуулаад тогтоочихдог юм л даа. Тэгэхээр надад цифр биш үг болж, үг нь утга болж харагдана гэсэн үг. Тэгэхээр цээжлэхэд маш дөхөм байдаг.

-Энэ олон цифрийг яаж ийм хурдан хугацаанд цээжилдэг юм бэ. Ямар нэг арга байдаг уу?

-Надад цифр бүр үг, утга болж харагддаг. Юу гэхээр 0-99 хүртэлх тоог гурав, гурван үгээр орлуулаад тогтоочихдог юм л даа. Тэгэхээр надад цифр биш үг болж, үг нь утга болж харагдана гэсэн үг. Тэгэхээр цээжлэхэд маш дөхөм байдаг. 

-Яагаад ингэж цээжилдэг юм бэ. Хүний тархины санах ойтой холбоо байна уу?

-Хүний тархи энгийн зүйлсийг богино хугацаатай санаад мартдаг, харин хөгжилтэй, онцгой, дурсамжтай зүйлийг удаан хугацааны турш мартахгүй санаж байдаг. Жишээ нь, та хамгийн сайхан тэмдэглэсэн төрсөн өдрөө мартаагүй байхад долоо хоногийн өмнө идсэн хоолоо мартчихсан байгаа. Хүний тархи өөрөө ийм санах ойтой байдаг. Нэг үгээр хэлбэл, хүний тархи илүү дурсамжтай, хөгжилтэй, онцгой зүйлүүдийг хүлээж авах нь сайн байдаг юм. Тиймээс би энэ аргаар төсөөлөн бодож цээжилдэг.Түүнээс гадна орчин чухал байдаг. Орчинтойгоо дараалалтай цээжилж байж, дараа нь санадаг.  

Англи үгийг төсөөлөх аргаар цээжилдэг


-Зарим хүн ой тогтоолт муудаж байна, юм цээжлэхдээ удаан боллоо гэж ярьдаг. Ой тогтоолтыг сайжруулах ямар нэг арга байдаг уу?

-Сайн мэдэхгүй байна. Миний хувьд ой тогтоолтоо сайжруулах гээд ямар нэг дасгал, сургуулилт хийдэггүй.

-Оюуны спортоор ийм өндөр амжилт гаргадаг юм чинь мэдээж их онц сурдаг байх?

-Ой тогтоолтын чадвар маань өдөр тутмын энгийн зүйлүүдэд ч хэрэг болдог. Шүлэг, томъёог хурдан хугацаанд цээжилнэ. Нэг, хоёр удаа уншихад л тогтоочихдог байх жишээтэй. Мөн зарим англи үгийг төсөөлөх аргаар цээжилдэг. Жишээ нь, "Bald" гээд халзан гэсэн утгатай үг байна. Энэ үгийг цээжлэхдээ Болд халзан гээд хошин байдлаа төсөөлөх юм бол энэ үг дахиж надад мартагдахгүй.  

-Хичээлийнхээ хажуугаар оюуны спортоор хичээллэж амжилтад хүрэхэд шаргуу хөдөлмөр, тэвчээртэй байдал, уйгагүй бэлтгэл, сургуулилт их шаарддаг байх.Бэлтгэл хэр их хийдэг вэ?

-Өглөө 8 цагаас хичээл ороод, дараа нь сонгон давтлагадаа суугаад Академи дээрээ орой 18.00 цаг гэж очоод 21.30 хүртэл бэлтгэлээ хийдэг. Тэгээд гэртээ очоод даалгавраа хийдэг. Бэлтгэлийг хийхдээ өдөр бүр хийх нь чухал байдаг. Түүнээс нэг өдөр маш их бэлтгэл хийгээд, эсвэл бага хийгээд байж болохгүй. Өдөр бүр тууштай бэлтгэл хийж байж амжилтад хүрдэг. 


-Монгол хүүхдүүд гаднын тамирчдаас юугаараа ялгаатай байдаг вэ?

 -Монгол хүүхдүүдийн цээжлэх арга барил өөр байдаг. Гадаад хүүхдүүд бидний ой тогтоолтын аргачлалыг сонсохоороо маш их гайхдаг. Хоёртын тоолол төрөл дээр тэмцээн бүрт эхний 10 байр монгол хүүхдүүд байдаг. Гадаадын тамирчид хоёртын тооллоор монгол хүүхдүүд түрүүлдэг гээд эвлэрчихсэн байдаг.

-Мэргэжлээ сонгож амжсан уу?  

-Энэ жил 12-р ангиа төгссөн. Нэг жил өнжсөн байгаа. Мэргэжлээ сонгооод, хэлээ сайжруулаад тэмцээн уралдаандаа явна гээд төлөвлөчихсөн байгаа.  

-Мэдээж чиний ард аав, ээж, багш гээд тусалж, дэмждэг хүмүүс зөндөө байдаг байх. Тэр хүмүүстээ хандаад мөн үеийнхээ найзуудад юу гэж хэлэх вэ?

-Тэмцээнд явахад дандаа тусалж дэмждэг багш, гэр бүл найз нөхөд, Академийн хамт олондоо баярлалаа гэж хэлье. Та нарын дэмжлэг бидний амжилтад маш их нөлөөлдөг. Мөн Оюун ухааны академийн Х.Хатанбаатар, Баасандорж багш маань бидэнд үргэлж урам зориг өгч, олон зүйлийг зааж сургадагт нь баярлалаа гэж хэлье. Үеийнхээ найзуудад хандаад,өөрийн гэсэн зорилго мөрөөдөлтэй болоорой.Мөрөөдөлтэй, зорилготой хүн амжилтад хүрдэг шүү гэж хэлмээр байна. 

 Эх сурвалж:itoim.mn

Сэтгэгдэл ачааллаж байна ..