“Авлигын эсрэг” фото зургийн уралдаан болно...
2013-10-22 МЗХ
eenee-DELETED 217

“Авлигын эсрэг” фото зургийн уралдаан болно...

Нийгэмд буй  ашиг сонирхлын зөрчил, авлига, шудрага бус байдлын эсрэг залуусын дуу хоолойг олон нийтэд хүргэх, үүсэж буй үр дагаваруудыг ил тод харуулах зорилгоор Монголын Залуучуудын Холбооны санаачлагаар Азийн хөгжлийн сан, USAID болон Номин Холдинг ХХК-ны  дэмжлэгтэйгээр “Авлигын эсрэг” фото зургийн уралдаан зарлаж байгаа юм байна. Уралдаанд оролцох залуус мэргэжлийн аппарат болон энгийн гар утсанаас ч зургаа авч болох бөгөөд тухайн авсан гэрэл зураг хамгийн гол нь авлигын эсрэг үйл ажиллагаанд ашиглахыг зөвшөөрсөн байх, нэг оролцогч дээд тал нь хоёр зураг явуулж болох ба агуулга нь  хэн нэгний нэр төрд халдсан байж болохгүй зэрэг шаардлагуудыг хангасан байх хэрэгтэй ажээ. Түүнчлэн насны ангилал заагаагүй бөгөөд хүссэн хүн бүр оролцох боломжтой юм байна.

Шалгаруулалтын хувьд олон нийтийн саналаар шилдэг 10 оролцогч шалгаруулах бөгөөд үүнд 1  like дарвал 1 оноо, 1 share хийвэл 2 оноо мөн шүүгч нарын саналаар эхний 3 байрыг шилдэг 10 оролцогчоос сонгон шалгаруулахаар болжээ. Тус уралдааны шагнал нь   I байр- 1 500 000,  II байр - 1 000 000 , III байр- 800 000,  IV-X байр тус бүрт  100 000 төгрөгний ”Номин Холдинг” ХХК-ны бүх салбараас бараа худалдан авах эрхийн бичиг өгөх ажээ.

Бүтээлийг  энэ сарын 22-ноос 11 сарын 10-ны хооронд хүлээн авах бөгөөд  олон нийтэд хүргэж санал авах хугацаа нь 11 сарын 11-ээс 21-ны  хооронд болох ажээ.  Бүтээлээ явуулахдаа та хамгийн гол нь Facebook болон email хаяг утасны дугаараа хавсаргасан байх шаардлагатай бөгөөд  материалаа event@myf.mn хаягаар  ирүүлэх хэрэгтэй юм байна.

Сэтгэгдэл ачааллаж байна ..