А.МӨНХБАТ: АВЛИГА ӨГДӨГ ХҮНИЙГ БИШ АВДАГ ХҮНИЙГ ШИЙТГЭЕ
2013-04-04 МЗХ
eenee-DELETED 188

А.МӨНХБАТ: АВЛИГА ӨГДӨГ ХҮНИЙГ БИШ АВДАГ ХҮНИЙГ ШИЙТГЭЕ

А.МӨНХБАТ: АВЛИГА ӨГДӨГ ХҮНИЙГ БИШ АВДАГ ХҮНИЙГ ШИЙТГЭЕ

Монголын залуучуудын холбоонд хуульч, хууль судлаач залуус нэгдэж дөрвөн хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар хэлэлцэн, санал солилцлоо. Тэд нийгмийн сайн сайхны төлөө өөрсдийнхөө дуу хоолойг төрийн төвшинд илэрхийлж буй нь энэ юм. Хэлэлцүүлгийн үеэр МЗХ-ны ерөнхийлөгч А.Мөнхбатаас цөөн асуултад тодруулга авлаа.

-Хуулийн төсөлд өөрчлөлт оруулах хэлэлцүүлэгт залуучуудын хэдэн байгууллага оролцож байгаа вэ. Ямар ямар хуулийг хэлэлцэхээр сонгосон бэ?

-Өнгөрсөн оноос Монголын залуучуудын холбоо салбар хороо байгуулан ажиллаж эхэлсэн. Арваннэгдүгээр сард байгуулагдсан “Залуучуудын хууль, эрх зүйн хороо” санаачилж, өнөөдрийн хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Өнөөдөр намын дэргэдэх залуучуудын байгууллага, хууль эрх зүйн чиглэлээр ажиллаж, суралцдаг хуульч залуусыг цугларлаа. 50 гаруй байгууллагын төлөөлөл Монголын залууст хамаатай болон нийгэмд хандсан хуулийн төслүүдэд саналаа тусгахыг зорьж байгаа. “Авлигатай тэмцэх тухай”, “Улс төрийн намын тухай”, “Монгол Улсын эрүүгийн тухай”, “Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль”-ийг онцлон хэлэлцэж байна.

-МЗХ-ноос гаргасан “Би авлига өгөхгүй, авахгүй” гэсэн уриа багагүй хүрээг хамарч, танигдсан. Авлигын эсрэг хуульд ямар өөрчлөлт оруулахыг зорьж байна?

-Албан тушаалтан авлига авсан нь нотлогдвол албан тушаалаас нь шууд огцруулдаг болоосой гэж хүссэн. Яагаад гэвэл авдаг тал нь байхаар өгөх нөхцөл бүрдлээ гэсэн үг шүү дээ. Тиймээс авдаг талыг нь шийтгээд, өгдөг хүмүүсийг нь шийтгэхээ больё гэсэн саналыг хэлэлцэж УИХ-д өргөн барих юм. Үүнийг дагаад “Монгол Улсын эрүүгийн тухай хууль”-д өөрчлөлт орох шаардлагатай.

Харин “Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль”-д өөрчлөлт оруулах санал маань нийгмийн сайн сайхны төлөө чиглэгдсэн. Иргэдийн дунд үүсээд байгаа олон сөрөг зүйлийг байхгүй болгохын төлөө хамгийн их дуугардаг газар нь ТББ-ууд. Архи, тамхи, гэмт хэрэг, мансууруулах бодисын эсрэг сурталчилгааг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр сурталчилахад эдгээр байгууллагыг дэмжээсэй гэсэн санааг илэрхийлсэн. Тухайлбал, зар сурталчилгааг нь үнэгүй түгээх, хөнгөлөлттэй цацаж болно. Мөн гэмт хэрэгтнүүд, архины үйлдвэр, тамхи импортлогчдоор сурталчилгааны төлбөрийг гаргуулдаг байх зэрэг механизмыг тодорхой болгоосой гэсэн үүднээс хэлэлцэж байгаа юм. Үйл ажиллагаа нь ашиг олох зорилгогүй болохоор олон нийтийн сайн сайханд чиглэсэн сурталчилгаагаа цацахад хүндрэл учирдаг.

-Төрийн бус байгууллагуудыг намаас ангид байлгах санал боловсруулсан гэж дуулсан?

-Тийм ээ. Намын дэргэдэх ахмад, эмэгтэйчүүд, залуучууд, оюутнуудын гэсэн олон төрлийн төрийн бус байгууллага үүсч байна. Гэтэл энэ нь эргээд нам дотроо фракц үүсгэх эрсдэлтэй. Байгууллагыг нь авч үзвэл улс төрийн бүлэг ч юм шиг, ашгийн бус байгууллага ч юм шиг ойлгомжгүй байдал үүсчихдэг. Тэгэхээр үүнийг намын тухай хуульд дэлгэрэнгүй зааж, тодорхой болгож оруулах нь зүйтэй гэж бид үзлээ. Нам гэдэг нь эв нэгдлийн цул, цогц байх ёстой юм бол дотор нь хагарал үүсгэх магадлалтай зүйлсийг тусгаарлаж өгөх нь зүйтэй болов уу. Нөгөө талаас ТББ-уудын үйл ажиллагаанд намаас нөлөөлөх боломжийг хааснаар байгууллагын хөгжилд эерэг үр дүнтэй.

-“Улс төрийн намын тухай хууль”-д ямар өөрчлөлт оруулах саналтай байгаа вэ?

-Бидний хувьд залуучууд талцах ёсгүй гэдэг байр суурьтай байгаа. Мөн 40 хүртэлх насны залуусыг намын хатуу гишүүнчлэлд битгий хамруулаач гэсэн юм. Энэ нь хувь хүн, залууст сөрөг нөлөөтэй. Тодруулбал, нийгмээ олон хуваана, залуу хүнийг өөрийнх нь зорилго руу бус намын бодлого руу чиглүүлнэ гэж үзэж байна. Тиймээс намын хатуу гишүүнчлэлийг болих нь зүйтэй.

-Монголын залуучуудын холбооноос хуулийн төслөөр хэлэлцүүлэг хийж, тодорхой санал боловсрууллаа гэхэд парламентад хэлэлцүүлж, шийдвэрлэх нь хэр баталгаатай вэ?

-Өнгөрсөн оны тавдугаар сард УИХ-д “Залуучуудыг дэмжих лобби бүлэг”43 гишүүний бүрэлдэхүүнтэй албан ёсоор байгуулагдсан. Эдгээр хуулийн төслийг МЗХ-ны лобби бүлгээр дэмжүүлж, хаврын чуулганаар хэлэлцүүлнэ гэсэн зорилго тавин ажиллаж байна.

Эх сурвалж: Ардчилал сонин, Б.Билэгт

Сэтгэгдэл ачааллаж байна ..