16 настнуудын төлөөлөл 850 залуу иргэний андгай өргөв
2018-11-26 МЗХ
Admin Admin 122

16 настнуудын төлөөлөл 850 залуу иргэний андгай өргөв

Монголын Залуучуудын Холбоо залуу үеийнхэнд эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэн, төр улсаа эрхэмлэн дээдлэх, эх орон ард түмнийхээ өмнө хүлээх хариуцлагаа ухамсарлан чин шударгаар амьдрах, түүх соёлоороо бахархах үзлийг төлөвшүүлэх зорилгоор 2002 оноос хойш Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор“ИРГЭНИЙ АНДГАЙ ӨРГӨХ ЁСЛОЛ”-ын үйл ажиллагааг орон даяар 16 дахь жилдээ  Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, Хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтран зохион байгууллаа.

“Монгол Улсын Иргэний андгай өргөх” ёслолын үйл ажиллагааг нээж  Монголын Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч, Дэлхийн Залуучуудын ассамблейн дэд ерөнхийлөгч Аюушийн Мөнхбат хүндэтгэлийн индэрт:


“Өнөөдрөөс эхлээд та бүгдээс хүүхэд гэдэг хэмжүүрээр хүүхдийн хийх ёстой, хийх ёсгүй зүйл хүүхэд байхдаа амжуулдаг бүхнийг чинь нэхдэг байсан бол эндээс гарч явсан цагаас чинь эхлээд залуу хүн ямар байх ёстой вэ? залуу хүн өөрөө хэрхэн хөгжих ёстой вэ? улс орныхоо хөгжилд иргэний хувиар хэрхэн оролцох юм бэ? гэх мэтчилэн маш олон үүрэг хариуцлагуудыг нэхэж эхэлж байна. Одоо та бүхэн эндээс гараад явахад та бүгдээс хамгийн түрүүнд нэхдэг зүйл бол хариуцлага болж эхэлдэг. Хариуцлагатай Монгол иргэн байхын тулд юуг эзэмшсэн байх ёстой юм, хариуцлагатайгаар эх орныхоо бүтээн байгуулалтад оролцохын тулд чи ямар мэргэжилтай байх ёстой юм, тэр бүх эзэмшсэн мэргэжил чадвар чинь үнэхээр хариуцлага байгаа цагт хэрхэн танд мэдлэг боловсрол болж жинхэнэ эрх чөлөөтэй Монгол хүн болох юм бэ? гэдэг энэ бүх хэмжүүр тавигдаж эхлэх гэж байна. Энэ үнэхээр хүнд бөгөөд хүндтэй ажил, энэ ажлыг чи сайн гүйцэтгэж чадах юм бол чамд Алдар гэдэг зүйл Хүнд гэдэг зүйл олдоно. Тийм ч учраас үеийн үед Монгол Улсын Ерөнхий сайд нар эх орончид байсан, Монголчууд Монголдоо хайртай байсан энэ бүгдийн үргэлжлэл нь өнөөдөр та бүгд болж байгаа юм.  хэмээн  төгсгөлд нь “Өнөөдөр бүтээгүй үлдсэн бүхэн үгүй болох ийм л цаг үе иржээ. Бүтээлч уур амьсгал, Бүтээлч үг хэллэг, Бүтээлч сурлага, Бүтээлч ном, Бүтээлч анги танхим, бүтээлч үүх түүх хүн бүхэн бичих ийм цаг үе эхэлж байна. Тиймээс та бүхэн анхалж сонссоны хувьд заавал өдөр болгон өглөө гэрээсээ гарахдаа өнөөдөр би юуг бүтээх билээ, бүтээгч шиг байж чадаж байна уу? Гэдгээ заавал өөртөө нэг тунгаагаад гэрээсээ бодож гарч байгаарай. Энэ бол ах нарых нь бас шилжилтийн үеийнхний алдаж оносон хүмүүсийн хатуу үг юм шүү одоо бидэнд зөвхөн бүтээх зам л үлдлээ” хэмээн Монгол Улсын иргэн болж буй 16 настнуудад хандаж хэллээ.

 Мөн Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх хэлэхдээ:


Монгол улс 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр анхдугаар Үндсэн хуулиа баталж, Хаант засгаас Бүгд найрамдах засаглалд шилжиж, хамжлагат ёсыг халсан нь оюун санаа, улс төр, нийгмийн үсрэнгүй том хөгжил болсон гэдгийг ёслолын үеэр онцлов.

Тэрбээр, “Манай улс залуучуудын орон. Нийт хүн амын 33.7 хувийг 15-34 насны залуус эзэлж байгаа юм. Тиймээс төрөөс хүүхэд, залуучуудад чиглэсэн бодлого, хөтөлбөрийг оновчтой байлгах нь Засгийн газрын үйл ажиллагааны тэргүүн зорилтын нэг юм. Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль энэ оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлсэн. 21 аймаг, 9 дүүрэгт Залуучуудын хөгжлийг дэмжих төвүүд үйл ажиллагаагаа явуулж байгаа. Эдгээр төвүүд нь залууст сэтгэл зүй, гэр бүлийн зөвлөгөө өгөх, эрүүл мэнд, хууль эрхзүйн үйлчилгээ үзүүлж байна. Монголын хүүхэд, залуучуудын ирээдүйд үнэт хувь нэмрээ оруулах үйл ажиллагаа, бодлого хөтөлбөрийг Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд бүх талаар дэмжин ажиллах болно. Энд хүрэлцэн ирсэн залуус та бүхэн Монгол Улсын хөгжил дэвшлийн хөдөлгөгч хүч юм. Манай улсын тусгаар тогтнолын баталгаа, хөгжил, дэвшлийн үндэс суурь нь эрдэм боловсролтой, чадварлаг, бүтээлч, Монголоо гэсэн зүрх сэтгэлтэй залууст тулгуурлаж байна. Тиймээс шинийг мэдэж, сурах үйлстэй анхаарч, бие дайчлан ажиллахыг дүү нараасаа хүсч байна” гэлээ.

Өнөөдөр Төрийн ордонд болсон Монгол Улсын иргэний андгай өргөх ёслолд нийслэлийн 9 дүүргийн 850 сурагч оролцлоо. Монгол Улсын Иргэний андгайг Монгол 3-р сургуулийн  11б ангийн сурагч Хосбаярын Өгөөмөр, Шинэ Монгол сургуулийн 11 ангийн сурагч Эрдэнэбилэгийн Билгүүнзаяа нар тайзнаас уншин сонордуулсан байна.


            Иргэний андгай өргөх ёслолд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, МЗХ-ны ерөнхийлөгч А.Мөнхбат, МУЕСайдын зөвлөх Д.Сүхжаргалмаа, МЗХ-ны ерөнхийлөгчийн зөвлөх Ө.Баяраа, Сангийн дэд сайд Х.Булгантуяа, УБЕГ-ын дарга Б.Баасандорж, Их Монгол Язгууртан ТББ ерөнхийлөгч Г.Оюун, болон яам, агентлагуудын удирдлага, урлаг, соёлын алдартнууд оролцож шилдэг 33 сурагчид иргэний үнэмлэхийг нь гардуулан өгчээ.

16 нас хүрч буй залуус УИХ, Засгийн газрын гишүүд, урлаг, спорт, бизнес, нийгмийн салбарын шилдгүүдээс иргэний үнэмлэхээ гардан авч, иргэний андгай уншлаа.

Монгол Улсын иргэний андгайд:

Эртний их түүхт Их Монгол Улсын ирээдүй хойч Монгол Улсын иргэн би

Монгол төрийнхөө сүр хүчийг сүлдлэн дээдэлж

Монгол Улсынхаа тусгаар тогтнолыг батлан хамгаалж

Монгол иргэнийхээ нэр төрийг өндөрт өргөн

Бүрэн Эрхт ард түмнийхээ итгэлийг даан

Их түүх, эрх чөлөөнийхөө эзэн нь байж

Эх орон, газар нутгаа хайрлан хамгаалж

Их соёл, зан заншлаа өвлөн дэлгэрүүлж,

Энхтайван, амар амгаланг эрхэмлэн дээдэлж

Их засаг, хууль ёсыг чандлан сахиж

Үнэнч шударга

Цэвэр ариун

Оюун төгс

Хөдөлмөрч хичээнгүй Иргэн байхаа

Их төрийнхөө дор андгайлж байна хэмээжээ.

Сэтгэгдэл ачааллаж байна ..