2018-11-13 МЗХ
Admin Admin 112

ЭМГЭНЭЛ

            2001 оны хайрын шүлгийн “Цагаан-Уул” яруу найргийн наадмын тэргүүн шагналт яруу найрагч, Д.Нацагдоржийн нэрэмжит Утга зохиол нийгмийн ажилтны дээд сургуулийн төгсөгч, авьяаслаг яруу найрагч Лхамсүрэнжавын Ганзул (1979-2018) хорвоогийн мөнх бусыг үзэж, бид бүхэнд нөхөж баршгүй гарз тохиолоо. Л.Ганзул нь 1979 онд Булган аймгийн Баян-Агт суманд төрсөн бөгөөд Баян-Агт сумын 8 жилийн дунд сургууль, Булган сумын 10 жилийн сургууль, 2001 онд Утга зохиол нийгмийн ажилтны дээд сургуулийг тус тус төгссөн. Ажлын гараагаа “Улаанбаатар таймс” сониноос эхэлж, Улаанбаатар төмөр замын “Ган зам” сонин, “Шинэ Монгол” радио, Монголын Үндэсний Олон Нийтийн Радиогийн Уран зохиолын редакци, Зиндаа.мн сайт, “Зиндаа” сэтгүүлд сэтгүүлч, тоймчоор ажиллаж байлаа. Л.Ганзул “Нэгэн цагийн галбир”, “Сэтгэл бүрдийн тойром”, “Улирлын гүн” зэрэг яруу найргийн ном хэвлүүлсэн бөгөөд "Болор цом” яруу найргийн наадмын тусгай байрын гурван удаагийн шагнал, хойд бүсийн “Болор цом”, “Цагаан уул”, “Алтан үзэг”, “Алтан цом”, “Залуу нас”, “Аморе”, “Оюухай” зэрэг 20 шахам яруу найргийн наадмын тэргүүн байрыг эзэлж байсан. Тэрээр “Жиндээх салхигүй хорвоо”, ”Марал буусан шөнө”, “Төгөлдөр гоо”, “Хайр” зэрэг олон дууны шүлэг туурвисан яруу найрагч байлаа. Түүний Монголын утга зохиол, урлаг, сэтгүүл зүйд оруулсан хувь нэмрийг төр засгаас үнэлж “Хөдөлмөрийн хүндэт медаль”, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан" цол тэмдгээр шагнасан юм. Мөн Монголын Зохиолчдын эвлэлийн болон Г.Сэр-Одын нэрэмжит шагнал, "Ган үзэгтэн" шагнал тус тус хүртжээ.

Монголын шинэ үеийн утга зохиолын сод билиг төгөлдөр яруу найрагч түүний эгэл даруу дүр бид бүхний сэтгэл зүрхэнд үүрд хоногшин үлдэх болно.

Өндөр тэнгэртээ амгалан залрах болтугай.

Сэтгэгдэл ачааллаж байна ..