2018-11-20 МЗХ
Admin Admin 76

Энэ жил анх удаа даунтай залуус Иргэний андгай өргөх ёслолд оролцоно

Монгол Улсын Иргэний андгай өргөх ёслол 16 дахь жилдээ болох гэж байна. Монголын Залуучуудын Холбоо санаачлан Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, Хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтран тус үйл ажиллагааг зохион байгуулдаг билээ.

Энэ жилийн Иргэний андгай өргөх ёслолд анх удаа дауны синдромтой буюу Оюуны ялгаатай хөгжилтэй залуус оролцох гэж байна. Ёслолын үеэр Г.Орхон иргэний үнэмлэхээ гардан авах бол Б.Ананд тус ёслолд оролцох юм байна.

Энэхүү ёслолын үйл ажиллагаа нь арваннэгдүгээр сарын 26-ны өдөр буюу Бүгд найрамдах улс тунхагласан өдрийг тохиолдуулан зохион байгуулагддаг бөгөөд Их бүтээн байгуулалтыг түүчээлэх 16 нас хүрч байгаа шинэ залуу үеийн төлөөллүүд оролцдог билээ.

Монгол Улсын Иргэний андгай өргөх ёслолын үйл ажиллагаанд нийслэлийн 9 дүүргийн 850 сурагч нэгэн дор андгайгаа өргөж, 33 төлөөлөл сурагч Монгол Улсын Ерөнхий сайд болон салбар бүртээ манлайлан ажиллаж байгаа олны танил эрхмүүдээс иргэний үнэмлэх, батламжийг гардан авдаг онцлогтой.

Эх сурвалж:newspress.mn


Сэтгэгдэл ачааллаж байна ..