2018-05-24 МЗХ
Admin Admin 240

Шатрын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн болж байна

Архангай аймгийн Цэцэрлэг хотод шатрын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн эдгээр өдрүүдэд болж байгаа билээ. Эрэгтэйчүүдийн 58, эмэгтэйчүүдийн 50 дахь удаагийн тэмцээнд шилдэг 24 шатарчин өрсөлдөж байна.

Тэмцээний хуваарийн дагуу өнөөдөр 7, 8-р өргийн тоглолт болно. Шатарчид өчигдөр тоглолтгүй амарсан ч эртний хаадын өлгий арын сайхан хангай нутгийн үзэсгэлэнт байгалиар аялажээ. Булган хайрхан, Жамганы булаг, Зая Гэгээний хийд буюу Орон нутаг судлах музей, Ганц модны рашаан, Цагаан даваа, Тайхар чулуу зэрэг нь архангай нутгийн үзэсгэлэнд газруудын нэг билээ. Шатарчид амралтын өдрөөр байгалийн сайханд амарсанаас гадна гольфийн тэмцээнд ур чадвараа сорин өрсөлджээ. Энэ тэмцээнд Ү.Үүрийнтуяа түрүүлж, Х.Баярхүү хоёрдугаар байрт орсон байна. 


Шатарчид өнөөдрөөс эхлэн ням гаригийг хүртэл шатрын хөлгийн ард сууж, оюун ухаан, хүч чадлаараа өрсөлдөнө. 

Одоогоор зургаан өргийн дараах байдлаар эрэгтэйчүүдийг олон улсын мастер С.Билгүүн 5.0 оноотой тэргүүлж байгаа бол Дэлхийн шатрын холбооны мастер У.Насанжаргал, олон улсын мастер Н.Баттулга, Г.Мөнхгал нар 4.5 оноотой удаалж байна.

Эмэгтэйчүүдээс олон улсын мастер, эмэгтэй Их мастер Б.Мөнгөнтуул 5.0 оноогоор ганцаараа тэргүүлж эхэлсэн бол Дэлхийн шатрын холбооны мастер Э.Хулан, олон улсын мастер, эмэгтэй Их мастер Т.Батчимэг, дэлхийн шатрын холбооны эмэгтэй мастер Т.Мөнхзул нар 4.0 оноотой болжээ.

Тэмцээний 11 дэх өргийн тоглолт ням гаригт болж, улсын аварга шалгаруулах тэмцээний шилдэг шатарчид тодорно.

Сэтгэгдэл ачааллаж байна ..