2018-05-24 МЗХ
Admin Admin 189

Бүтээлч хүмүүс ертөнцийг өөрөөр хардаг. Учир нь...

Уран зураг, дуу хөгжим гээд бидний сэтгэлийг хөдөлгөж, баяр бахдалыг төрүүлж байдаг уран бүтээлийн нууц нь юунд оршдог вэ? Ер бусын шинэлэг зүйлийг гаргаж, хүмүүс бидний олж хараагүйг дэлгэн харуулахад оршдог уу?

“Хүмүүс юу гэдгийг нь онцолж, яагаад гэж асуудаг бол би юу байж болох, яагаад болохгүй гэж асуудг” гэж Пабло Пикассо хэлж байсан удаатай. Зарим хүмүүс бусдаас илүү их боломжийг олж хардаг нь бүтээлч сэтгэлгээтэй нягт холбоотой байдаг байна. 


Сэтгэл судлаачид бүтээлч сэтгэлгээг хэмжихдээ хэр задгай сэтгэж байгааг нь шалгасан даалгавар  өгдөг. Ингэхдээ тоосго мэтийн энгийн зүйл өгч, түүнийг олон янзаар хэрхэн ашиглах боломжтойг асуудаг. Тоосгыг хана барихад ашиглана гэх мэт энгийн хувилбараас илүү олон, өөр төрлийн хувилбаруудыг санал болгосон хүмүүс нь илүү бүтээлч байдаг байна (Барби хүүхэлдэйн авсны макет г.м). 

Бүтээлч сэтгэлгээг өдөөдөг хувь хүний зан чанар бол нээлттэй байдал юм. Нээлттэй байдал нь задгай сэтгэлгээг илтгэх бөгөөд бодит амьдрал дээрх ололт амжилт, өдөр тутмын бүтээлч сэтгэлгээ шаардсан үйл хэрэгт чухал нөлөө үзүүлж байдаг. Скотт Барри Кауфман, Каролин Грогари нарын “Бүтээх гэж бий болсон” номонд нээлттэй хүмүүсийн бүтээлч сэтгэлгээ нь дотоод болон гадаад ертөнцийг танин мэдэх хүслээс эхэлдэг гэжээ. Аливаа зүйлийг олон талаас нь таньж мэдэх гэсэн сониуч хүсэл нь энгийн хүмүүсээс илүү нээлттэй байхад нь тусалдаг байна.

БҮТЭЭЛЧЭЭР ХАРАХ

Нээлттэй хүмүүс өөр үзэл бодолтой байдгаас гадна энгийн хүмүүстэй харьцуулахад аливааг тэс өөрөөр хардаг болохыг “Зан байдлын судалгаа” сэтгүүлд нийтлэгдсэн судалгаа олж тогтоожээ. Судалгаанд нээлттэй байдал нь “дурангийн өрсөлдөөн”-тэй холбоотой эсэхийг шалгажээ. Баруун нүдэнд улаан өнгө, зүүн нүдэнд ногоон өнгө харуулах зэргээр хоёр өөр зургийг зэрэг харуулах үед дурангийн өрсөлдөөн бий болдог.


Хоёр өнгө ээлжлэн солигдож харагддаг бөгөөд үе үе хоёр өнгө нь голын зураг дээрх шиг нийлж харагддаг байна. Энэхүү холилдсон дүрсийг энгийн хүмүүстэй харьцуулахад нээлттэй хүмүүс илүү удаан хардаг болох нь гурван удаагийн туршилтаар нотлогдсон.  Тэгэхээр бүтээлч хүмүүс угаасаа аливааг харахдаа өөрөөр хардаг байна.

БУСДЫН ХАРААГҮЙГ ОЛЖ ХАРАХ

Хүмүүс нэг зүйл дээр төвлөрөхөөрөө нүднийхээ өмнө байгаа зүйлээ ч олж харахгүй байх нь бий. Үүнийг анхаарал сарних сохролт гэж нэрлэдэг. Үүнийг тодорхой харуулсан нэг жишээ авъя.

Туршилтад оролцогчдод хоорондоо бөмбөг дамжуулж буй хүмүүсийн бичлэгийг үзүүлэн цагаан цамцтай хүмүүс нийт хэдэн удаа бөмбөг дамжуулсныг тоолох даалгавар өгсөн байна. Харин бичлэг дээр сармагчны өмсгөлтэй хүн дундуур орж ирэн чээжээ дэлдэж байгааг туршилтад оролцогчдын бараг тал нь анзааралгүй өнгөрсөн байна. Уг туршилтын дараа хийгдсэн судалгаанд анхаарал сарних сохролт нь хүний зан төлөвтэй холбоотой бөгөөд нээлттэй хүмүүс сармагчныг олж харах нь элбэг гэжээ. 

 

Эх сурвалж: Weforum.org

Сэтгэгдэл ачааллаж байна ..