Б.Бэлгүтэй: “Бүтээгч ертөнц” бол боломж, хамтын ажиллагаа юм.
2019-04-17 МЗХ
Admin Admin 62

Б.Бэлгүтэй: “Бүтээгч ертөнц” бол боломж, хамтын ажиллагаа юм.

Монголын залуучуудын холбоо “Бүтээгч Ертөнц” хамтын хөгжлийн оффисын нээлтээ хийв. МЗХ-ны байрны хоёр давхрыг бүхэлд нь эзлэн байрших “Бүтээгч ертөнц” буюу шэйрийн оффис нь хурлын танхим, уулзалтын өрөө, номын сан, уншлагын танхимтай бөгөөд байгууллага, хувь хүмүүс ажлаа явуулах бүх орчин нөхцөл бүрджээ.

Нээлтийн үеэр МЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Бэлгүтэйтэй уулзаж тодруулга авлаа.

-Хамтын хөгжлийн оффист ирж нэгдэхийг хүссэн ТББ, хүмүүс эхнээсээ ирээд уулзаж байх шиг байна. Олон хүн хамт ажиллах учраас давхцал үүсэх, хэт бужигнах асуудал гарах уу?

-МЗХ “Бүтээгч ертөнц” хамтын хөгжлийн орон зайг бүтээхдээ ямар нэг ашиг орлого олохыг зориогүй. Тийм учраас үнийн хувьд маш хямд байгаа. Бидний гол зорилго бол улсдаа сайн иргэн бэлдэж өгөх юм. Тэр сайн иргэнийг бэлдэх хүмүүс нь хэн бэ гэхээр Төрийн бус байгууллагууд байх юм. Тэгээд бид, ТББ-ууд нэгдсэн зохион байгуулалтад орж залуусынхаа төлөө хамтран ажиллая гэсэн санааг дэвшүүлж, энэ ажлын байрыг бий болголоо. Гэхдээ энд ирж оффист суухгүй ч “Бүтээгч ертөнц”-д нэгдэж болно. Тогтсон ажлын байргүй, санхүүгийн хувьд хараахан хөлөө олоогүй байгаа хүмүүс энд ирж болно.

Бидний яг одоогийн бэлдсэн зай талбайд 120 хүн нэг дор ажиллах боломжтой. Тэгэхээр бид энэ багтаамж боломжиндоо тулгуурлаж, барьж ажиллана. Цагийн хуваарилалтыг зөв хийж, аль болох сул цагийг ашиглах менежментээр ажиллах учраас давхардал үүсэхгүй. Мөн тодорхой журамтай, ажил хэргийн уур амьсгалтай байх учраас бужигнах, давхцах асуудал гарахгүй. Энэ төсөл маань амжилттай хэрэгжиж үр дүнгээ өгвөл оффисын орон зайг нь томруулах боломж бий. Хамгийн гол нь ТББ-ууд, залуучуудын төлөө ажиллах гэж байгаа хүмүүс чөлөөтэй хүрээд ирэхэд болно. Бүгд нэгдээд залуучууддаа зориулсан маш дэлгэрэнгүй, тодорхой хөгжлийн хөтөлбөрүүдийг гаргая, хамтарч ажиллая, улсдаа сайн иргэнийг бэлдэж өгье.

-Төлбөрийн хувьд жилээр, сараар, өдрөөр ч хийж болох юм байна. Тэгэхээр ажил хэргийн уулзалт, яриа хийх гэж байгаа хүмүүс шууд ирээд хандаж болох уу?

-Журмын дагуу төлбөрөө төлөөд, шаардагдах бичиг баримтаа үзүүлж гэрээ байгуулаад шууд ажлаа хийж болно. Олон хүнтэй уулзах бол уулзалтын өрөөг ашиглах боломжтой.

-Хамтын хөгжлийн оффис 24 цагаар ажиллах юм байна. Аюулгүй байдал, дэг журам талаас нь яаж анхаарах вэ?

-Оффис маань гурван ээлжээр 24 цагийн турш нээлттэй ажиллах юм. Бүх өрөөнд камер байрлуулсан байгаа. Хамгаалалтын ажилтнууд, менежерүүд ч гурван ээлжээр ажиллана. Бид ямар нэг эрсдэлтэй байдал үүсэх нь гайгүй байх гэж бодож байна.

-Бичиг хэргийн үйлчилгээ үзүүлнэ гэсэн. Тэр талаар тодруулж яриач?

-Нарийн бичгийн болоод бичиг хэргийн үйлчилгээ үзүүлнэ. Энэ үйлчилгээ нь амьдралаас урган гарсан юм л даа. ТББ-ууд ихэнх нь тогтсон хаяг, шуудангийн хайрцаггүй байдаг. Үнэндээ ТББ-ыг хөгжүүлэх орчин нөхцөл байхгүй байгаа. Тухайн байгууллага хүмүүст ирсэн бичиг захидлуудыг архивлах, албан бичиг боловсруулах, бичих, илгээх гээд бүх ажлыг нь бид хийгээд өгнө. Мөн уулзалт, яриа хэлэлцээрийн үед өрөөг нь бэлдэх, цай, кофегоор үйлчлэх, утсан харилцаанд нь хариулт өгөх гээд олон ажил багтаж байгаа.

Монгол Улсад бүртгэлтэй 24000 ТББ байна. Үүнээс 1200 орчим нь идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг. Үлдсэн хэсэг нь улирлын чанартай, баяр ёслолын үеэр, сонгуулийн мөчлөгөөр ч гэх юм уу боломжтой үедээ үйл ажиллаж байна. Тэгэхээр ТББ-ууд тоотой нь харьцуулбал бага үр дүнтэй ажилладаг. Үнэндээ ажлын байр түрээслээд үйл ажиллагаа явуулахад маш их зардал гарна. Тийм учраас олуулаа нэгдээд, боломжит цагаараа, хямд өртөгтэйгээр ажиллах боломжийг бид олгож байгаа юм. Нийлж, нэгдээд, хамтраад ажиллах нь ямар үр дүнтэй байдаг юм бэ гэдгийг бид удахгүй харна. Тодорхой хугацааны дараа нийгэмдээ ч харуулах байх.

-Танайх хоёрдугаар давхраа чөлөөлчихлөө. Тэгэхээр МЗХ ч зохион байгуулалтын хувьд цэгцрээд, цомхон болж байна уу?

-Тэгэлгүй яах вэ. Бид ажиллаж байгаа залуустаа тодорхой шаардлагуудыг тавьж байгаа. Энэ залуучууд, мэргэжилтнүүд тухайн нэг асуудлаар мэрэгшээд, тэр асуудлынхаа хүрээнд ТББ-уудыг удирдаж, ажил аваад явах чадвартай болсон. Тэр боломжуудыг нь гаргаж өгч байгаа. “Бүтээгч ертөнц” төслийн үр дүнд олон ТББ нэгдээд, залуусын төлөө ажилладаг хүмүүс олон болоод ирэхээр ахин шинэ зохион байгуулалт хийж ч болох юм. Бид ТББ-уудаа есөн чиглэлд ангилаад залуусыг хөгжүүлэх есөн үндэсний хөтөлбөрийг боловсруулна. Энэ бүхний үр дүн нь бүтээгч иргэн буюу улсдаа сайн иргэнийг бэлдэж өгөх тэр зорилго дээр очиж нэгдэж байгаа.

-МЗХ залуусынхаа хэдэн хувьд нь хүрч ажиллаж байна вэ?

-Бид залуусынхаа 30 орчим хувьд хүрч ажиллаж байна. Тухайлбал, амьдралд хөл тавьж иргэний үнэмлэхээ гардан авч буй залууст зориулсан “Иргэний андгай өргөх ёслол”-ыг 17 дахь жилдээ, “Эврика” эрдэм шинжилгээний хурлыг 25 дахь жилдээ, “Залуучуудын өдөр”-ийг жил бүр хийж байна. Мөн бүх аймаг сумдын залуусыг хамруулдаг бүсийн чуулган, сургалт, уулзалтууд, улс орны бодлого, хөгжлийн хөтөлбөрүүдийг танилцуулах гээд олон ажил бий. Мөн олон нийтэд чиглэсэн, танигдсан үйл ажиллагаануудаа тогтмол зохион байгуулж байна.

АРДЧИЛАЛ ТАЙМС СОНИН·TUESDAY, APRIL 16, 2019

Сэтгэгдэл ачааллаж байна ..