Н.Мөнхбаясгалан: "Унадаг дугуйтай Улаанбаатар"  хөтөлбөрийн хүрээнд 30 гаруй км дугуйн замтай болоод байна
2015-12-21 МЗХ
Admin Admin 452

Н.Мөнхбаясгалан: "Унадаг дугуйтай Улаанбаатар" хөтөлбөрийн хүрээнд 30 гаруй км дугуйн замтай болоод байна

Хүн амын нягтаршил, төвлөрөл ихэссэнээс болж замын түгжрэл нийслэлийнхний хувьд томоохон асуудал болоод байгаа.  Иймд “Унадаг дугуйтай Улаанбаатар” хөтөлбөрийг Монголын Залуучуудын Холбоо болон МЗХ-ны дэргэдэх байгууллагууд, унадаг дугуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй бүхий л байгууллагууд хамтран хэрэгжүүлж, унадаг дугуйг нийтийн хэрэглээ болгох үйл ажиллагааг 2013 оноос эхлүүлсэн. Уг хөтөлбөрийн хүрээнд дугуйчдад тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхийн тулд байгууллага тус бүр өөрсдийн үүрэг чиглэлийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа билээ. Унадаг дугуйн хэрэглээ нэмэгдэхийн хэрээр унадаг дугуйн зам зайлшгүй хэрэгтэй болж, энэ талаар дээр чамлахааргүй ажлууд хийгдэж байгаа.  Ингээд унадаг дугуйн замын асуудлыг хариуцан ажиллаж буй Монголын Авто Замчин Залуучуудын Холбооны тэргүүн Н.Мөнхбаясгалантай унадаг дугуйн зам болоод Авто Замчин Залуучуудын Холбооны үйл ажиллагааны ярилцлаа.

Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе. Монголын Авто Замчин Залуучуудын Холбоо байгуулагдаад багагүй хугацаа өнгөрсөн байна. Анх энэ холбоог яагаад байгуулах болсон талаар яриагаа эхлэе?

Авто замын салбар бол Монгол Улсын хэмжээнд ууган салбаруудын нэг. Энэ жил салбарын маань түүхт 86 жилийн ой тохиож байна. Өнгөрсөн 86 жилийн түүхэнд авто замын салбарт залуучуудын байгууллага гэж байгаагүй. 2012 оны 12-р сард Авто замчин залуучуудын холбоог анх үүсгэн байгуулж байлаа. 2013 оны нэгдүгээр сарын 20-нд авто замын салбарын 67 байгууллагын төлөөлөлөөс бүрдсэн 120 гаруй замчин залуусын оролцоотой “Монголын автозамчин залуучуудын анхдугаар их чуулган”-ыг зохион байгуулсан. Тус чуулганаар зорилго, зорилтоо тодорхойлоод, Тэргүүн, удирдах зөвлөлийн гишүүдээ сонгосноос хойш 3 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Бид залуучуудын нийгэмд эзлэх байр суурь, оролцоо, идэвх санаачилгыг дээшлүүлэх тал дээр Автозамчин залуучуудынхаа дунд олон үйл ажиллагааг зохион байгуулдаг. Энэ ч утгаараа бид салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн холбоо болсон.


Энэ хугацаанд багагүй ажил амжуулсан байх? Хамгийн эхний ажил нь юу байв?

Монголын Залуучуудын төв байгууллагатайгаа хамтран ажиллахаар шийдэн МЗХ-ны дэргэдэх салбар холбоо болсноос хойш олон ажлыг амжуулсан байна. Бидний хамгийн анх хийсэн томоохон ажлуудын нэг бол “Унадаг дугуйтай Улаанбаатар” төсөл. 2013 оны гуравдугаар сарын 1-нд Нийслэлийн холбогдох байгууллагуудтай хамтран “Автомашингүй өдөр”-ийг зохион байгуулсан. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл даргад “Унадаг дугуйн замтай болъё” гэсэн албан бичгийг хүргүүлж байлаа. Одоо бол “Унадаг дугуйтай Улаанбаатар” төсөл маань хөтөлбөр болон улам өргөжсөн.

“Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийг олонд таниулахын тулд багагүй хүчин зүтгэл гаргасан байх?

 “Унадаг дугуйтай Улаанбаатар” төсөлд оролцож байгаа олон байгууллага бий. Анх UBS телевизээр цуврал нэвтрүүлэг гаргах зэргээр унадаг дугуйг таниулах олон ажил хийсэн. Мөн дугуйн парад, унадаг дугуйн хэрэглээний талаар мэдээлэл өгөх ажлыг зохион байгуулж байсан. Тухайн үед парад зохион байгуулахад дугуй унадаг хүн нь цөөхөн, прокатнаас дугуй авч найзуудаа уриалан оролцдог байлаа. Харин одоо бол хүн нь их дугуй нь олдохгүй болчихсон байна.

Унадаг дугуйн хэрэглээ нэмэгдэхийн хэрээр Улаанбаатар хотод маань дугуйн зам зайлшгүй хэрэгтэй болж байна?

“Унадаг дугуйтай Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд хийх нэг гол ажил бол унадаг дугуйн зам. Дугуйн замыг барьж байгуулж, дугуйн зам хийх ажлыг манай Авто замчин залуучуудын холбоо хариуцаж ажилласан. Энэ хүрээнд нийслэлд шинээр тавигдаж байгаа автозамуудын зураг төсөлд нь унадаг дугуйн замыг оруулж эхэлсэн. Бид уг төслийн хүрээнд 2013-2015 он хүртэл нийтдээ 30 гаран километр дугуйн замтай болоод байна. Хөгжиж байгаа, иргэнийхээ эрх ашиг, эрүүл мэндийг боддог бүх л улс унадаг дугуйн замтай. Тиймээс бид унадаг дугуйн замтай болох цаг үе нь болсон. Явган хүн, автомашин, унадаг дугуй гээд өөр өөрийн замаараа зорчдог болох нь чухал.

Энэ жил ашиглалтанд орох хэдэн километр дугуйн зам байгаа вэ? Ирэх онд дугуйн замыг хаагуур барихаар төлөвлөж байгаа вэ?

Энэ жил хийгдэж байгаа бидний хамгийн том ажил бол Дамбадаржаагийн уулзвараас Шадивлан, Шаргаморьт, Хандгайтын чиглэлд 15,6 километр унадаг дугуйн зам. Аравдугаар сараас ашиглалтанд орсон. Энэ бол бидний хувьд том амжилт юм. Цаашид хийгдэх олон ажлууд бий. Одоогоор зураг төсөл нь гарсан Хуурай мухрын зуслангийн 2 километр, Морингийн давааны 3,5 километр авто зам байна.

Шинээр унадаг дугуйн зам барих ажил хийгдээд явж байна. Харин хуучин замуудад унадаг дугуйн зам хийгдэх боломж бий юу?

Бид шинэ гэхээс илүү одоо байгаа замуудад дугуйн зам хийх боломж юу байна вэ гэдгийг эхлээд судалсан. Хамгийн гол хүндрэл бол зай талбай. Улаанбаатарын төв замууд, Бага тойруу, Их тойруу, Энхтайвны өргөн чөлөөнд шинээр дугуйн зам тавих ямар ч боломж байхгүй. Залуучууд маань юу хүсээд байна вэ гэхээр өглөө гэрээсээ гараад  ажил, сургуульдаа очихдоо унадаг дугуйн замтай болмоор байна гэдэг. Мэдээж бид бүгд л ингэж хүсч байгаа. Тиймээс бид явган хүний замыг дугуйн замтай хосолмол аргаар ашиглах тал дээр судалгаануудыг хийсэн. Энэ жил Замын Цагдаагийн Газартай ярилцаад баруун дөрвөн замаас зүүн дөрвөн зам хүртэлх урд талын явган хүний замыг дугуйн замтай хосолмол аргаар хэрэглэх боломж юу байна гэдгийг судлаад, эхний ээлжинд өөрсдийн боломжоор зургийн компаниуд болон холбооны залуустайгаа хамтран зураг төслөө хийж байна. Өөрөөр хэлбэл замын өргөнийг хоёр хуваагаад нэгийг нь явган хүний, нөгөөг нь дугуйн зам болгон ашиглах боломжийг хайж судалгааны ажил хийсэн гэсэн үг. Гадны орнуудад явган хүний замыг дугуйн замтай хосломол аргаар ашиглах нь элбэг байдаг. Үүнийг ямар аргаар шийддэг вэ гэхээр тэмдэг, тэмдэглэгээ цагаан зураасаар тусгаарлаж, баруун гар талыг нь дугуйн зам, зүүн талыг нь явган хүний зам болгон ашиглах маягаар зохицуулдаг. Бидэнд тулгараад буй хамгийн том хүндрэл бол орц, гарцыг хэрхэн шийдэх вэ гэдэг байна. Жишээлбэл дөрвөн замын уулзварын аль нэг замаар дугуйтай зорчигч нэвтэрч гарч таарна. Энэ тохиолдолд яаж аюулгүй зорчуулах вэ гэдэг нь асуудал болоод байгаа юм. Үүн дээр л зөв гаргалгаагаа олчих юм бол явган хүний замуудыг дугуйн замтай хослуулан ашиглах боломжтой.

Унадаг дугуйн замтай болоход бусад улсын туршлага чухал нөлөөтэй байх? Ямар улсын туршлагаас судалж байна вэ?

Европ, Азийн нэлээдгүй олон хотуудаар судалсан. Ач холбогдол гэхээр хамгийн түрүүнд эрүүл мэндэд тэр тусмаа хөдөлгөөний дутагдлаас сэргийлж, зүрх судас, амьсгалын системийн үйл ажиллагаа сайжран эрүүл аж төрөхөд сайнаар нөлөөлнө гэдэг нь батлагдсан. Эдийн засгийн энэ их хямрал нүүрлэж байгаа үед өндөр үнээр импортоор орж ирдэг автомашины тоо цөөрч шатахуун зарцуулалт багасаж, агаарын бохирдол, доргио, чимээ багасна. Мөн замын түгжрэл тодорхой хэмжээгээр буурна.  Дугуйн дэд бүтэц нь бусад тээврийн хэрэгсэлтэй харьцуулахад харьцангуй хямд өртөгтэй. Байгаль орчинд ээлтэй бодлого явуулдаг хотын шинэ дүр төрх бий болно.


Унадаг дугуйн замын стандарт боловсруулах ажил хийгдэж байгаа гэж сонссон. Энэ ажил ямар шатандаа явж байна?

Унадаг дугуйн замын стандартыг боловсруулах ажил жил гаруй хугацаанд үргэлжилж байна. Энэ хугацаанд олон судалгааны ажлыг хийлээ. Унадаг дугуйн замыг явган хүний замтай хэрхэн хослуулах, автомашины зам дээр дугуйгаар зорчих гэдэг дээр бид нарийн стандарт боловсруулаад бэлэн болж байгаа. Ер нь стандарт боловсруулахад цаг хугацаа их ордог юм байна. Түүнчлэн замын стандарт нь  улиралд нэг удаа, жилд хоёр удаа болдог Техникийн хороогоор ордог учраас жаахан хүлээгдэж байгаа.Удахгүй стандартаа батлуулна.

Автозамчин залуучуудын холбооны дараа дараагийн томоохон зорилт юу байгаа вэ?

Бид анхны чуулганаараа залуу хүмүүс хурдтай ажиллах ёстой гэж үзээд Авто замчин залуучуудын холбооны чуулганыг хоёр жилд нэг удаа зохион байгуулж байхаар тогтсон. Түүгээрээ хийсэн ажил, ололт амжилтаа дүгнэж, цаашид юу хийх вэ гэдгээ ярилцаж байх ёстой гэж үзсэн юм.Дүрмийн дагуу 2015 оны хоёрдугаар сард Хоёрдугаар чуулганаа хийсэн. Чуулганаар Удирдах зөвлөлийн гишүүдээ шинэчилж, тэргүүнээ сонгосон. Мөн өнгөрсөн хоёр жилд бид салбартаа байр сууриа бататгах, залуучуудын байгууллага байгуулагдсанаараа ямар үр дүнтэй вэ гэдгийг таниулсан ажлуудыг хийж чаджээ. Дараагийн хоёр жилд бол бид нэгэнт салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн холбоо болсон учир бүтээх, залуучуудынхаа мэдлэг боловсролыг дээшлүүлэх, эрүүл амьдралын хэв маягт хэвшүүлэх ажлуудыг хийх хэрэгтэй гэсэн том зорилт тавиад “Авто замын салбарын соёл спортын төв”-ийг байгуулахаар болсон. Авто замчин залуучуудын холбоо 2014 онд Монголын залуучуудын холбооны дэргэдэх тусгай салбар холбоодыг үйл ажиллагаагаараа тэргүүлж байсан. Энэ амжилтаа 2015 ондоо  бататгахын төлөө маш олон ажлуудыг санаачилж хийж байна.

“Авто замын салбарын соёл спортын төв”-тэй болохыг зорьсон гол шалтгаан юу вэ? Хэдий хугацаанд дуусгах төлөвлөгөөтэй байгаа вэ?

Замын салбарын ажил улирлын чанартай байдаг. Хавар дөрөвдүгээр сараас намар арваннэгдүгээр сар хүртэл ажиллаад, үндсэндээ 11-4 дүгээр сар хүртэл залуус маань амардаг. Энэ хугацаанд амралтаа зөв зохистой өнгөрүүлснээр ажил мэргэжилдээ үнэнч байж, эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлж, эрч хүчтэй ажиллана. Иймээс л бид соёл спортын төв байгуулж залууст чиглэсэн клубүүд ажилладаг цогцолборыг барихыг зорьсон. Энэ ондоо газрын асуудлаа шийдээд, ирэх жил гэхэд дуусгах төлөвлөгөөтэй байна.

Хөрөнгө санхүүжилтийг хэрхэн зохицуулж байгаа вэ? Багагүй санхүүжилт хэрэг болох байх?

Бид хандивын данс нээнэ. Үүнд бэлэн болон бэлэн бусаар хандив цуглуулж цогцолбороо барихаар төлөвлөж байгаа. Бэлэн бус гэдэгт бетон, арматур болон машин техник бусад барилгын материалууд орно. Үүнийг салбарын компаниудаас хандив болгон авах юм. Энэ тал дээр олон компани дэмжиж ажиллана гэдэгт бид итгэлтэй байна.

Монголын Авто Замчин Залуучуудын Холбооны санаачлагаар авто замын гэрэлтүүлгийн шинэ технологийг нэвтрүүлж эхэллээ. Энэ талаар...?


Энэ жил авто замын салбарт чамлахааргүй ажлыг санаачлан хэрэгжүүллээ. Түүний нэг нь 5 сая орчим гэрэлтүүлгийг үйлдвэрлэх хүчин чадалтай 24 жилийн түүхтэй  БНСУ-ын Younglim корпорацитай 2020 он хүртэл хамтран ажиллах санамж бичгийг өнгөрөгч зургадугаар сард байгуулсан. Энэхүү санамж бичгийн гол зорилго нь Улаанбаатар хотод сүүлийн үеийн авто замын гэрэлтүүлгийн шинэ техник технологийг нэвтрүүлэх, гэрэлтүүлгийн стандарт норм дүрмийг шинэчлэн боловсруулахаас гадна Монголчууд өөрсдөө замын гэрэлтүүлгийг үйлдвэрлэдэг болох юм. Гэрэлтүүлэг гэдэг бол нэгдүгээрт хотын өнгө үзэмж, хоёрдугаарт иргэдийн аюулгүй байдалд маш чухал нөлөөтэй. Гэрэлтүүлэг сайтай газар автомашины аваар осол, гэмт хэрэг зөрчил бага байдаг гэсэн Замын цагдаагийн газрын судалгаа байдаг. Тэгэхээр бидний оруулж ирж байгаа энэ гэрэл БНСУ-д үйлдвэрлэгдсэн хамгийн сүүлийн үеийн лед гэрэлтүүлэгч. Азийн топ гэсэн орнууд импортоор оруулж байгаа. Гэхдээ эхний хоёр жилийн хугацаанд патентаа гадагшаа гаргахыг нь Засгийн газраас нь хориглочихсон байдаг юм билээ. Одоогоор яг албан ёсны эрхийг Япон авчихсан байгаа. Үүний дараагийн хоёр дахь улс нь Монгол болж байна. Бид одоогоор АСЕМ-ын өндөр дээд хэмжээний хурлыг зохион байгуулах ажлын хүрээнд Яармагийн гүүрнээс Чингис хаан олон улсын нисэх буудал хүртэл нийт 1130 лед гэрлийг тавьж дуусгахаар ажиллаж байна. Энэ ажил маань арванхоёрдугаар сарын 25-нд хийгдэж дуусгана. Маш сайхан гэрэлтүүлэгтэй болно.

Энэ лед гэрэлтүүлэгчийг хотын төвөөр болон, алслагдсан гэр хорооллуудаар тавих боломж хэр байдаг юм бол?

Боломж бол нээлттэй. Эхний ээлжинд ирэх онд болох АСЕМ-ын уулзалтанд зориулж Чингис хаан олон улсын нисэх буудлаас Яармагийн гүүр,  Яармагийн гүүрнээс Баянзүрхийн товчоо хүртэлх богд уулын арын замд тавихаар болж байгаа. Цаашид Улаанбаатар хотын төв гудамж, замуудад тавих байх. Бид энэхүү ажлын санаачлан хэрэгжүүлж байгаа ч ямар нэгэн бизнесийн ашиг хонжоо бол байхгүй.

Саяхан Авто замын салбарын залуу инженерүүдийн зөвлөгөөнийг анх  удаа зохион байгууллаа. Энэхүү хурлаас ямар үр дүн гарав? Хэлэлцсэн гол асуудал юу байв?

Уг хурлыг өнгөрөгч 11 сард манай холбоо санаачлан, зохион байгууллаа. Зөвлөгөөнд салбарын залуучууд өргөнөөр оролцохын зэрэгцээ төрийн болон төрийн бус байгууллагын удирдлагууд оролцож үнэтэй сургаал зөвлөгөөгөө өгсөн. Бид энэ зөвлөгөөнөөс маш том үр дүн хүлээж байгаа. Жил бүр  салбарынхаа тулгамдаж буй асуудлаа хэлэлцдэг, цаашдынхаа ажлыг төлөвлөдөг, санал бодлоо хуваалцдаг байхаар шийдсэн. Зөвлөгөөнөөр жилдээ нэг сэдвийг голчлон авч, түүндээ ач холбогдол өгч, үр дүн гаргадаг байхаар болсон. Энэ удаагийнх анхдугаар гэдэг утгаараа онцлог байлаа. Зөвлөгөөнөөр боловсон хүчин,залуу инженерүүдын чадавхи ёс зүйн талаар голчлон хэлэлцлээ.

Ер нь Автозамын салбарт ажиллаж буй залууст тулгамдаж буй бэрхшээлтэй асуудлууд юу байдаг вэ?

Бүх л залууст адилхан тулгарч байгаа асуудал бол өөрийн гэсэн орон сууц, унах унаатай болох. Манай салбарын хувьд ч адилхан. Тиймээс сүүлийн үед сайн ажилласан инженер залуусаа өөрсдийнх нь хүсэлтийнх дагуу манай компаниуд дэмжиж байртай болгож байгаа.

Эцэст нь залуустаа хандаж юу гэж хэлэх вэ?

Залуу хүн бүр л сайхан амьдрахыг хүсч, тэмүүлж хөдөлмөрлөж байна. Монголын Залуучуудын холбооноос залуудаа сайхан амьдаръя гэдэг урилга гаргасан. Бид МЗХ-оос хэрэгжүүлж буй “Хулгайчгүй Монгол” хөдөлгөөнд нэгдэн, бодитой асуудлыг хөндөж 100 хар үйл явдлын жагсаалтанд оруулсан байгаа. Бид ч бас хулгайчгүй Монгол оронд амьдармаар байна. Залуучууд бид хүссэн хүсээгүй Монгол улсын ирээдүйг түүчээлэн авч явна. Тиймээс залуус бид эв нэгдэлтэй байж бие биенийхээ хийж буй ажлыг дэмжин дэм дэмэндээ явбал ямар ч  бэрхшээлийг даван гарч, юуг ч бүтээж чадна.  

Сэтгэгдэл ачааллаж байна ..