2019-03-06 МЗХ
Admin Admin 156

Мартын 8-нд "Хүчирхэг эмэгтэйчүүд амар тайвны гүүр болдог" жагсаал болно

Жил бүрийн 3-р сарын 8 буюу Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр бол баярлаж цэнгэх баярын өдөр гэхээс илүүтэй эмэгтэйчүүд өмнөө тулгарч буй асуудлаа ярилцах, нийгэмд дуу хоолойгоо хүчтэй хүргэх тэмцлийн өдөр юм. Тиймээс ч энэ өдрийг олон оронд тайван жагсаал цуглаан хийх, уулзалт хэлэлцүүлэг өрнүүлэх байдлаар тэмдэглэн өнгөрүүлдэг.

Үүний нэг томоохон хэлбэр болох дэлхийн 70 гаруй оронд зохион байгуулагддаг “Join Me on the Bridge” олон улсын хөдөлгөөнийг Монголын Залуучуудын Холбоо 5 дах жилдээ “Хүчирхэг эмэгтэйчүүд амар тайвны гүүр болдог” нэрийн дор зохион байгуулах гэж байна.

Энэхүү арга хэмжээ нь эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх оролцоог нэмэгдүүлэх, эмэгтэйчүүдэд тулгамдаад байгаа асуудлын талаар хөндөж, дуу хоолойг нь олон нийтэд хүргэх, уриалах нөлөөллийн томоохон арга хэмжээ болдог юм.

Энэ жилийн эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах тайван жагсаал 2019 оны 3 сарын 8-ны өдөр  11:00 цагаас МЗХ-ны төв байрнаас эхэлж, Энхтайвны гүүр- МЗХ-ны төв байр гэсэн маршрутаар өрнөх ажээ. Оролцогчид  үндэсний хувцастай байх бөгөөд "Байгалийн шалгуурыг эх чанар явуулдаг буюу сонголтыг эмэгтэй хүн хийдэг", "Хольж үл болох цус, хөндөж үл болох яс", "Эмэгтэй хүн уламжлалыг залгаж Эрэгтэй хүн удамшлыг дамжуулдаг" зэрэг эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах зорилго бүхий үг мэссэжийг олон нийтэд хүргэх юм байна.

Тайван жагсаал оролцохыг хүссэн хүн бүрт нээлттэй бөгөөд “Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоо”, “Их Монгол эмэгтэйчүүдийн холбоо”, “Хэм”, “Тэлмэн түүчээ”, ”CIM” клубүүд  зэрэг  эмэгтэйчүүдийн эрхийн чиглэлээр ажилладаг ТББ-уудын төлөөлөл оролцох юм. 


Өмнөх жилүүдийн тайван жагсаалын зурагнуудаас...

Сэтгэгдэл ачааллаж байна ..