4 дүгээр сар Залхуурлаа Чөлөөлье уриатайгаар өрнөнө
2016-04-05 МЗХ
Admin Admin 324

4 дүгээр сар Залхуурлаа Чөлөөлье уриатайгаар өрнөнө

Монголын Залуучуудын Холбоо 2016 оныг залуусаа “Чөлөөлье” уриан дор нийгмийн хөгжилд түгжээ болж буй асуудлыг хөндөн, түүнийг чөлөөлөхийг олон нийтэд уриалж сар бүрийг өөр өөрийн онцлог нэршилтэйгээр бодлого чиглэлээ тодорхойлсоор байгаа билээ. Тэгвэл энэ дөрөвдүгээр сард “Залхуурлаа чөлөөлье” хэмээн уриаллаа.

Сүүлийн үед залуучуудын дийлэнхи нь хөнгөн хялбар аргаар ашиг, орлого олох гэсэн гэнэн бодолдоо хөтлөгдөөд сайхан боломжоо алдсаар байгаа нь нууц биш. Тиймээс МЗХ дөрөвдүгээр сард залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор бүхий л үйл ажиллагаагаа чиглүүлэхээр болсон юм.

Уг сарын хүрээнд МЗХ-ны дэргэдэх Залуучуудын хөдөлмөрийн төв биржээс залуучуудыг байнгын болон цагийн ажлын байранд зуучлах, тогтвортой ажиллах нөхцөл боломжоор хангах, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн өнөөгийн байдал, ажилчдын ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, хэрэгцээт мэдээллээр хангахаар ажиллана. Түүнчлэн цагийн ажил хайгчдад зориулсан чиглүүлэх сургалт, "Залхуурлаа Чөлөөлье" өглөөний бүтээлч уулзалт, Залуучуудын өргөн чөлөөг залуучуудын оролцоотойгоор тохижуулах, залуучуудын хэв маягтай гудамж болгох, Ажил олгогчдын зөвлөгөөн зэрэг олон талт үйл ажиллагааг зохион байгуулахаар болсон юм.

Мөн энэ сард хийгдэх томоохон ажлын нэг нь олон нийтийн анхаарлын төвд байсан “100 хар үйл явдал”-ыг 4 сарын 07-нд албан ёсоор зарлаж, хөгжлийн гарц хайсан гутлын жагсаал зохион байгуулахаар болсон юм.

Сэтгэгдэл ачааллаж байна ..