2017-02-09 МЗХ
Admin Admin 354

Бүгд Найрамдах Куба Улсын Элчин сайд МЗХ-ны үйл ажиллагаатай танилцлаа

МЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга П.Анхжаргал, Гадаад Харилцааны албаны дарга Ч.Хонгорзул нар 2017 оны 2-р сарын 9-ны өдөр Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, ноён Раул Делгадо Консепсионыг хүлээн авч уулзлаа.


Уулзалтын үеэр Элчин сайд ноён Раул Делгадо Консепсион Куба Улсын залуучуудын байгууллагуудын талаар мэдээлэл өгч, залуучууд руу чиглэсэн ямар бодлого, төсөл хэрэгждэг талаар ярьсан юм. Тус улсын эдийн засгийн өсөлт, хөгжил залуучуудтай салшгүй холбоотой. 2006 онд хэрэгжсэн “Эрчим хүчний хувьсгал”-ыг залуучууд нь амжилттай хийж чадсаныг онцлон хэлж байлаа.

Куба улсаас Монголын оюутан, залуусын боловсролд дэмжлэг үзүүлэх зорилгоор засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийг 1963 оноос хойш тасралтгүй зохион байгуулж байгаагаа дуулгасан юм. Өнгөрсөн хугацаанд Монгол улсаас 200 орчим залуу тус улсад боловсрол эзэмшсэн бөгөөд одоогийн байдлаар 20 залуу их дээд сургуульд суралцаж байгаагийн 19 нь анагаахын чиглэлээр суралцаж байна.


МЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга П.Анхжаргал Куба Улстай залуучуудын байгууллага болон залуучуудын эрүүл мэнд, аялал жуулчлалын тал дээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.

Куба Улсын элчин сайд ноён Раул Делгадо Консепсион эдгээр ажил дээр хамтран ажиллах бүрэн боломжтой бөгөөд элчин сайдын яамны зүгээс холбогдох байгууллагатай холбож өгөх гүүр нь болоход бэлэн байгаа гэдгээ илэрхийллээ. 

Сэтгэгдэл ачааллаж байна ..