Эмчилгээний зардлын 70 хувь нь бүрджээ
2015-07-27 МЗХ
Admin Admin 1025

Эмчилгээний зардлын 70 хувь нь бүрджээ

Өнгөрөгч зургадугаар сарын 10-нд 16 настай А.Цэрэнтогтох хүү шатаж буй галаас найман сартай дүүгээ аварч, өөрөө 80 хувийн түлэгдэлд орсон билээ. Эр зориг гарган дүүгээ аварсан А.Цэрэнтогтох хүүгийн эмчилгээнд Монголын ард түмэн хандив өргөсөөр байна. Түүний эмчилгээнд 268 сая төгрөг шаардлагатай болсон. Тэгвэл сайхан сэтгэлт ард түмний буянаар эмчилгээний зардлын 70 гаруй хувь нь бүрдсэн байна.

Өнөөдөр Монголын залуучуудын холбооны Хүмүүнлэгийн байнгын хорооныхон мэдээлэл хийсэн юм. Монголын залуучуудын холбооныхон наадмын гурван өдөр Хүй долоо худаг, Төв цэнгэлдэх хүрээлэнд “Ахыг аваръя” аян өрнүүлсэн. Энэ аяны хүрээнд нийтдээ 10 орчим сая төгрөг цугларсан байна. Үүнийг өнөөдөр Монголын залуучуудын холбооны Хүмүүнлэгийн байнгын хорооныхон А.Цэрэнтогтох хүүгийн аав Б.Амарбат, нагац эгч М.Дэлгэрмаа нарт гардуулан өглөө.

Энэ үеэр А.Цэрэнтогтох хүүгийн аав Б.Амарбат “Монголынхоо сайхан сэтгэлт ард түмэндээ баярлаж талархаж буйгаа чин сэтгэлээсээ илэрхийлмээр байна” гэв. Харин хүүгийн нагац эгч М.Дэлгэрмаа “Ийм олон хүн дүүд маань тусалж буйг хэлсэн. А.Цэрэнтогтох дүү маань их баярлаж нулимс унагаж байсан. Дүүгийн минь биеийг эмч нар бүрэн эдгэж босох боломжтой гэж хэлсэн. Харин гоо сайхны асуудлыг бүрэн шийдвэрлэж чадахгүй гэсэн. Гэхдээ бид монголын ард түмнийхээ тусламж дэмжлэгт үнэхээр баярлаж байна” гэв.

Наадмын үеэр ард иргэдээс цуглуулсан 10 сая төгрөг нэмэгдсэнээр эмчилгээний нийт зардлын 70 гаруй хувь нь буюу 210 сая төгрөг цуглараад байгаа юм. Ингэснээр А.Цэрэнтогтох хүүгийн эмчилгээний зардалд 60 сая төгрөг л шаардлагатай болоод байна.

Сэтгэгдэл ачааллаж байна ..