2019-04-30 МЗХ
Admin Admin 147

МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ “ЗАЛУУЧУУДЫН ЗӨВЛӨЛ”-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИЦУУЛАХ ЖУРАМ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ.

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ


1.       дүгээр зүйл. Ерөнхий зүйл

1.1.     “Залуучуудын Зөвлөл”(цаашид зөвлөл гэх)-ийг төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж,  Их дээд сургууль, МСҮТ, Коллеж, Ерөнхий боловсролын сургууль, Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй олон улсын байгууллага болон гадаад улс оронд ажиллаж амьдарч буй Монгол улсын иргэд /15-45/ насны залуучууд байгуулж болно.

1.2.      Зөвлөл нь тухайн харьяалагдаж буй аймаг, дүүрэг, байнгын хорооноос удирдлагаар хангагдана, гадаад дахь залуучуудын зөвлөл нь гүйцэтгэх хороонд хамарна.

1.3.     Зөвлөл нь Монгол Улсын хууль, Төрийн бус байгууллагын тухай хууль, МЗХ-ны Үндсэн дүрэм болон энэхүү журмыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгоно.

1.4.     Зөвлөл нь байгууллагынхаа онцлогоос хамаарч нэгж байгууллагууд дээрээ салбар хэсэг, клуб, дугуйлан, төв, хороо, сан байгуулж болно.

1.5.     Зөвлөл нь өөрийн болон нэгж байгууллагын үйл ажиллагааны дотоод журмыг энэхүү журам, МЗХ-ны үндсэн дүрэмтэй уялдуулан боловсруулж тэргүүлэгч гишүүдийн  хурлаар батлана.

2.       дугаар зүйл.  Үнэт зүйлс, үйл ажиллагааны үндсэн чиглэл

2.1.     Үнэт зүйлс: Зөвлөл нь үйл ажиллагаандаа МЗХ-ны эрхэм зорилго, зарчим нь  Монгол залуу хүний эрмэлзэх 9 зүйл, эрдэнэт  9 шинжийг мөрдлөг болгон ажиллана.


Монгол залуу хүний эрмэлзэх 9 зүйл, эрдэнэт 9 шинж

1.       Их түүхээ нэхэн өртөөлж эрдэнэт биеийг гэгээрүүлмү

                Монгол Залуу хүний эрдэнэт нэгэн шинж нь

                                                                Онолч мөргүн хөгжил мөн

2.       Их хуулиа жам ёсолж журамт биеийг гэгээрүүлмү

        Монгол Залуу хүний эрдэнэт нэгэн шинж нь

                                                        Ёс журамт хөгжил мөн

3.       Үүрэг хариуцлагаа ухамсарлан биелүүлж эзэн биеийг гэгээрүүлмү

        Монгол Залуу хүний эрдэнэт нэгэн шинж нь

                                                        Эзэн эрхт хөгжил мөн

4.       Чин үнэнийг эрхэмлэн дээдэлж ариун биеийг боловсруулмуй

        Монгол Залуу хүний эрдэнэт нэгэн шинж нь

                                                        Үнэнч шударга хөгжил мөн

5.       Биеийн тамирийг асран тэжээж эрүүл биеийг боловсруулмуй

        Монгол Залуу хүний эрдэнэт нэгэн шинж нь

                                                        Эрүүл саруул хөгжил мөн

6.       Ухаан санааг аргадан тэтгэж төгс биеийг боловсруулмуй

        Монгол Залуу хүний эрдэнэт нэгэн шинж нь

                                                        Өв тэгш гоо зүйт хөгжил мөн

7.       Хөдөлмөрч хичээнгүйг сурч хүмүүжин хүн биеийг мэргэшүүлмүү

        Монгол Залуу хүний эрдэнэт нэгэн шинж нь

                                                        Мэдлэг оюунт хөгжил мөн

8.       Авьяас чадварыг хөхиүлэн ахуй биеийг мэргэшүүлмүү

        Монгол Залуу хүний эрдэнэт нэгэн шинж нь

                                                        Эрдэм соёлт хөгжил мөн

9.       Эх орон, эх дэлхийгээ хайрлан дээдэлж төрсөн биеийг мэргэшүүлмүү

        Монгол Залуу хүний эрдэнэт нэгэн шинж нь

                                                        Суу заль төгс хөгжил мөн

2.1.1.  Зорилго: Их Монгол иргүнийг төрүүлэх /Иргүн-Ир мөр нь гүн бат байх, авъяасны боломжоо нээх/

2.1.2.  Зорилт: Залуучуудад эх орон, ард түмнийхээ төлөө бүтээлчээр ажиллаж амьдрах, шинийг санаачлах сэтгэлгээг төлөвшүүлэх, түүх, өв соёл, уламжлалыг өвлүүлэх, залуучуудын хөгжлийг урамшуулан дэмжих, эерэг өөрчлөлтүүдийг нийгэмд бий болгох

2.1.3.   Зарчим: Зөвлөл нь үйл ажиллагаандаа дараах зарчмыг баримтална. Үүнд:

a)       Аливаа нэг нам, улс төр болон шашны байгууллагууд, тэдгээрийн үйл ажиллагаанаас ангид байж, үзэл суртлыг дэмжихгүй байх,

b)       Хувь хүн болон ажилтан албан хаагч, суралцагчийн эрхийг хүндэтгэн дээдэлж, ямар нэг байдлаар зөрчихгүй байх,

c)       Ирээдүйг угтаж мэдэж, тосож бэлтгэж, тэсэж давах чадварыг бүрдүүлэх,

d)       Залуудаа эх орондоо сайхан амьдрах боломжийг нээх,

e)       Бусдын алдаа надаас болдог хохирол нь намайг хорлодог зарчмыг ухамсарлах,

2.2.     Үйл ажиллагаа. Зөвлөл нь үйл ажиллагаандаа дараах үндсэн чиглэлийг баримтална.

2.2.1.   Зөвлөл нь өөрийн байгууллагын онцлогт тохирсон  ажлуудыг тухайн цар хүрээнд зохион байгуулан хэрэгжүүлнэ.

2.2.2.   Зөвлөл нь МЗХ-оос зохион байгуулж буй ажлуудыг өөрийн зөвлөлийн хүрээнд танилцуулан зохион байгуулж, залуучуудын оролцоог нэмэгдүүлнэ.

2.2.3.   Гишүүдийн саналыг хэрэгжүүлэхийг эрэлхийлнэ.

 

ХОЁРДУГААР БҮЛЭГ.БҮТЭЦ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

3.       дугаар зүйл. Зөвлөлийн бүтэц

3.1.     Гишүүдийн нэгдсэн хурал, Тэргүүн, нарийн бичиг, тэргүүлэгчид болон гишүүдээс бүрдэнэ.

4.       дүгээр зүйл. Зөвлөлийн тэргүүн

4.1.     Тэргүүн нам бус байх

4.2.     Тэргүүний эрх. Тэргүүн нь зөвлөлийн дээд албан тушаалтан байх ба дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.

4.2.1.   МЗХ-ны үйл ажиллагаа, бусад үндэсний болон олон улсын чанартай үйл ажиллагаанд төлөөлөгчөөр оролцох,

4.2.2.   Нэгдсэн хурлыг чиглүүлэх,

4.2.3.   Өдөр тутмын үйл ажиллагааг удирдлагаар хангах,

4.2.4.   Бусад албан тушаалтнуудыг томилох,

4.2.5.   Нарийн бичгийг томилох,

4.2.6.   Тэргүүлэгч гишүүдийг санал болгох,

4.3.     Тэргүүний үүрэг.

4.3.1.  Нэгдсэн хуралд ажлаа тайлагнах,

4.3.2.  Тайлан, мэдээллийг МЗХ-ны албан ёсны вэв хуудсанд байрлуулах, олон нийтэд хүргэх,

4.3.3.   Бусад албан тушаалтнуудын ажил үүргийг тодорхой болгох, тэдгээрийн ажилд хяналт тавих,

4.3.4.   Аравтын зохион байгуулалтыг удирдан зохион байгуулах

4.3.5.   Нарийн бичгийн ажлын чиглэлийг тодорхойлох

5.       дугаар зүйл. Гишүүн, Тэргүүлэгч гишүүн, түүний эрх үүрэг

5.1.          Гишүүн

5.1.1           Зөвлөлийн гишүүн нь МЗХ-ны гишүүн /15-45/ насны Андын гэрчилгээний эзэнг хэлнэ.

5.2         Тэргүүлэгч гишүүн

5.2.1           Зөвлөл 9 ба түүнээс дээш тэргүүлэгч гишүүнтэй байна. /жендер, хөгжлийн дэмжлэгтэй залуучуудын оролцоог хангасан байх/

5.2.2           Зөвлөлийн гишүүн нь зөвхөн тухайн байгууллагын ажилтан (оюутан, суралцагч)  байна.

5.3       Гишүүн, тэргүүлэгч гишүүний эрх. Зөвлөлийн гишүүн нь дараах эрхийг эдэлнэ.

5.3.1            МЗХ болон зөвлөлөөс зохион байгуулах үйл ажиллагаанд бусад гишүүдийн нэгэн адил тэгш эрхтэйгээр оролцох,

5.3.2            Зөвлөлийн албан тушаалуудад сонгогдох болон томилогдон ажиллах,

5.3.3            Зөвлөлийн талаар болон бусад санал хүсэлтээ зөвлөлөөр дамжуулан МЗХ-д илэрхийлэх шийдвэрлүүлэх,

5.3.4            Бусад заагдаагүй үйл ажиллагаанд өөрийн сайн дурын үндсэн дээр оролцох,

5.4       Гишүүн,Тэргүүлэгч гишүүний үүрэг. Зөвлөлийн гишүүн нь дараах үүргийг биелүүлнэ.

5.4.1            МЗХ-ны эрхэм зорилго, үнэт зүйлс, үндсэн дүрэм зэргийг сахин, эрх бүхий этгээдийн гаргасан шийдвэрийг даган биелүүлэх,

5.4.2            МЗХ-ны нэр хүндийг ямагт дээдлэн, дэлгэрүүлэх,

5.4.3            МЗХ болон  зөвлөлөөс зохион байгуулах үйл ажиллагаанд идэвхтэй оролцох, бусдыг уриалан оролцуулах,

5.5       Зөвлөл нь дараах үндэслэлээр гишүүний эрхийг түдгэлзүүлнэ.

5.5.1            МЗХ-ны болон зөвлөлийн журмыг удаа дараа болон ноцтой зөрчсөн,

5.5.2            Зөвлөлийн ажил хэргийн нэр хүндийг унагаасан, хохирол учруулсан,

5.5.3            МЗХ-ны нэрийг буруугаар ашиглах болон ашиглахыг завдсан,

5.5.4            Гишүүн өөрөө зөвлөлөөс гарах хүсэлтээ бичгээр гаргасан,

5.5.5            Зөвлөлөөс  хасах шийдвэрийг зөвлөлийн тэргүүн тэргүүлэгчдийн саналаар гаргах ба энэ тухай МЗХ-ны гүйцэтгэх хороонд мэдэгдэж шийдвэрлүүлнэ,

6            дугаар зүйл. Зөвлөлийн хурал

6.1        Гишүүдийн нэгдсэн хурал нь зөвлөлийн өөрөө удирдах байгууллага мөн.

6.2       Зөвлөлийн гишүүдийн нэгдсэн хурал нь жилд 1-ээс доошгүй удаа болох ба шаардлагатай тохиолдолд зөвлөлийн тэргүүн, тэргүүлэгч гишүүдийн саналаар Ерөнхийлөгч ээлжит бус хурлыг зарлаж  болно. 

6.3       Нэгдсэн хуралдаанд оролцогчдын ирц 75(далан тав)-аас дээш хувьд хүрсэн тохиолдолд тухайн хуралдааныг хүчинтэйд тооцно.

6.3.1            Дор дурдсан асуудлуудыг гишүүдийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэнэ. Үүнд:

6.3.2            Зөвлөлийн тэргүүнийг сонгох, чөлөөлөх,

6.3.3            Зөвлөл өөрийн болон нэгжүүдийн ажиллах дотоод журмыг батлах, нэмэлт өөрчлөлт оруулах,

6.3.4            Зөвлөлийн хөгжлийн бодлого, хэтийн төлөвийг тодорхойлох,

6.3.5            Зөвлөлийн үйл ажиллагаа, санхүүгийн тайлантай танилцаж, хүлээн авах,

6.3.6            Зөвлөлийн удирдлагаас  томилсон албан тушаалтнуудын бүрэн эрхийг батлах,

6.3.7            Зөвлөлийн  гишүүнээс хасах эсэх асуудлыг хэлэлцэх,

6.3.8            Зөвлөлийн дараа онд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийг хэлэлцэн батлах,

6.3.9            Нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр гишүүдийн оруулсан бусад асуудлууд,

6.4       Хэлэлцсэн асуудал хуралд оролцогчдын 51-ээс дээш хувийн саналаар  дэмжигдсэн тохиолдолд “Тогтоол” гаргана.

6.5       Нэгдсэн хуралдаанд зөвлөлийн тэргүүн өөрийн биеэр оролцох боломжгүй болсон тохиолдолд, өөрийгөө итгэмжилсэн төлөөлөх эрх бүхий этгээдийг томилсон тухайгаа хуралдаан эхлэхээс өмнө албан бичгээр мэдэгдэнэ.

6.6       Нэгдсэн хуралдааны тэмдэглэлийг Гүйцэтгэх хороонд  мэдэгдэн, гэрчилгээний өөрчлөлтийн бүртгэл хийлгэнэ.

6.7       МЗХ-ны үндсэн дүрмийн хорин нэгдүгээр зүйлийг мөрдлөг болгоно.

 7            дугаар зүйл. Зөвлөлийг татан буулгах

7.1        Дараах үндэслэлээр зөвлөлийг, МЗХ-ны бүтцийн байгууллагаас хасах шийдвэрийг МЗХ-ны Удирдах хороо,  Ерөнхийлөгч гаргана. Үүнд:

7.1.1            МЗХ-ны нэр хүндийг буруугаар ашигласан, ашиглахыг завдсан

7.1.2            МЗХ-ны Үндсэн дүрэм болон энэхүү журмыг зөрчсөн тохиолдолд

7.1.3            Бусад заагдаагүй ноцтой шалтгаанаар


ГУРАВДУГААР БҮЛЭГ. ЖУРАМ ХҮЧИН ТӨГӨЛДӨР ҮЙЛЧЛЭХ

8            дугаар зүйл.  Журам хүчин төгөлдөр үйлчлэх

8.1       Энэхүү журмыг  МЗХ-ны Ерөнхийлөгч баталснаар тухайн өдрөөс хүчин төгөлдөр үйлчилнэ.

9            дүгээр зүйл. Журамд нэмэлт өөрчлөлт оруулах

9.1       Энэхүү журамд өөрчлөлт оруулахаар бол  асуудлыг хэлэлцэхээс 14-аас доошгүй хоногийн өмнө Гүйцэтгэх хороонд бичгээр хүргүүлнэ.

9.2       Журамд өөрчлөлт оруулах эсэх хариуг Гүйцэтгэх хороо санал ирүүлсэн өдрөөс 7 хоногийн дотор бичгээр мэдэгдэнэ.


Сэтгэгдэл ачааллаж байна ..