2019-08-25 МЗХ
Admin Admin 81

МЭНДЧИЛГЭЭ

Өнөөдөр Монголын залуучуудын өдөр. Залуучуудын байгууллагын үе үеийн удирдах ажилтнууд, гишүүд, дэмжигчид болон нийт залуучууддаа Монгол улсад Залуучуудын байгууллага үүсэн  байгуулагдсаны  98  жилийн ойн өдрийн мэндийг хүргэе!

Тэртээ 1921 оны Ардын хувьсгал, эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөөх хурц ширүүн тэмцлийн дунд анх Бошгыг халах залуучуудын эвлэл нэртэйгээр үүсэн бий болсон Монголын залуучуудын ууган байгууллага нь Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэл  юм.

Монгол төрийн зургаан одонгоор шагнагдсан Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэл нь улс орныхоо тусгаар тогтнолыг хамгаалах, шинэ Монгол улсыг сэргээн хөгжүүлэх, ард түмнийг соён гэгээрүүлэх, залуу үеийнхнийг дэвшилт үзлээр хүмүүжүүлэх үйлст  онцгой үүрэг гүйцэтгэсэн билээ.

Энэ жил Халхын голын түүхт ялалтын 80 жилийн ой тохиож байна.

Эх орны батлан хамгаалах хүчин чадлыг зузаатгах, залуучуудыг цэрэг, эх оронч үзлээр хүмүүжүүлэх үйл хэрэгт Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэл далайцтай ажиллаж, чин зоригт эрэлхэг залуучууд дайны талбарт баатарлаг гавьяа байгуулж, тусгаар тогтнолынхоо төлөө алтан амиа өргөж байсныг хүндэтгэн дурсаж байна. Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэл 1931 онд Цэргийн Гавьяаны одонгоор, 1939 онд Хөдөлмөрийн Гавьяаны Улаан Тугийн одонгоор тугаа мялааж байсан түүхтэй.

Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн олон арван ажилтан өнөөдөр ч төр, нийгэм, эдийн засгийн олон салбарт  нэр төртэй ажиллаж явааг тэмдэглэхэд  таатай байна.

Нийгмийг ардчилах өөрчлөлт шинэчлэлтийн нөлөөгөөр  1991 онд МХЗЭ-ийн суурин дээр үүсгэн байгуулагдсан Монголын Залуучуудын Холбоо нь Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн албан ёсны залгамжлагч юм. Монголын Залуучуудын Холбооноос  нийгмийн  ардчилал, зах зээлийн эдийн засгийн цоо шинэ харилцаа бүрэлдэн тогтох үеийн залуучуудын нийгмийн сэтгэлгээ, оюун санааны хөгжлийг зөв төлөвшүүлэх, тэдний нийтлэг хүсэл сонирхол, эрх ашгийг хамгаалахад чиглэсэн үйл ажиллагаа явуулж, бүтээлч эерэг хандлагатай, эрх чөлөө, шударга ёсыг эрхэмлэгч, өв уламжлалаа тээгч монгол залуу хүнийг төлөвшүүлэх, хүмүүжүүлэх зорилго чиглэлтэй ажиллаж байгаад талархал илэрхийлье.


            Монгол орон мандан бадрах болтугай!

            Монголын залуучуудын алдар улам бадартугай !


МХЗЭ-ИЙН АХМАД АЖИЛТНЫ ХОЛБООНЫ

ТЭРГҮҮН , АКАДЕМИЧ Д.ДАШЖАМЦ


           


Сэтгэгдэл ачааллаж байна ..