Казах түмний соёл, ёс заншлыг сурталчлах өдөрлөг боллоо
2019-03-20 МЗХ
Admin Admin 100

Казах түмний соёл, ёс заншлыг сурталчлах өдөрлөг боллоо

Наурыз-Нарны баярын халуун мэндийг хүргэе!

Казах түмний үндэсний баяр болох Наурызын баярыг угтан Улаанбаатар дахь Баян-Өлгий аймгийн Залуучуудын холбооноос жил бүр зохион байгуулдаг “Казах ёс заншлыг сурталчлах өдөрлөг”-ийг МЗХ-ны байранд  олон нийтэд нээлттэй зохион байгууллаа.

Өдөрлөгт А. Бакей УИХ-ын гишүүн асан, Х. Ержан зам тээврийн дэд сайд асан, А. Ерболат Туран Ворлд компаны захирал мөн МЗХ-ны Ерөнхий Нарийн Бичгийн дарга Б.Бэлгүтэй мөн Улаанбаатар хот дахь Баян-Өлгий аймгийн Залуучуудын холбооны тэргүүн Б.Ербулан болон залуучуудын төлөөлөл оролцлоо.

Өдөрлөгөөр МЗХ-ны залуус танхимд казах үндэсний гэрийг тусгайлан барьсан юм. Хүрэлцэн ирсэн зочидийг наурыз көже, идээ будаагаар дайлж, казах түмний ёс заншил, түүх соёл, уламжлалын  талаар мэдээлэл өгч, танилцууллаа. Түүнчлэн казах ардын дуу, доомборын аялгуу, бүргэд хэрхэн сургадаг талаар сонирхуулсан юм.

Энэ үеэр ажил үйлсээрээ бусдыгаа манлайлсан Жандос, Берденбек, Актанберди нарыг МЗХ-ны “Тэргүүний Залуу” цол тэмдгээр шагнасныг МЗХ-ны Бодлого Хэрэгжилтийг Зохицуулах Газрын дарга Ө.Шинэхүү гардуулан өглөө.

Сонирхуулахад Наурыз нь цаг тоолол ёсоор өдөр шөнө тэнцсэн өдөр тохиодог хаврын баяр билээ. Нарны баяр бол казах үндэстний баяр бахдал, нүүдэлчин түмний нийтлэг ёслол бөгөөд Казах түмэн Наурызын баярыг тэмдэглэхдээ амьдралын үндэс болсон байгаль орчноо хайрлан хамгаалахын зэрэгцээ ахас дээдэс, багачууд хүүхдээ энхрийлж золгодог юм байна. 







Сэтгэгдэл ачааллаж байна ..