МЗХ-ны Ерөнхийлөгч А.Мөнхбат Эрдэнэт хотод болсон Төвийн бүсийн чуулга уулзалтын үеэр тавьсан илтгэлийг бүрэн эхээр нь хүргэж байна
2015-08-14 МЗХ
Найманцэцэг Ичинхорлоо 622

МЗХ-ны Ерөнхийлөгч А.Мөнхбат Эрдэнэт хотод болсон Төвийн бүсийн чуулга уулзалтын үеэр тавьсан илтгэлийг бүрэн эхээр нь хүргэж байна


Цай хүртэл, өдрийн хоол хүртэл зөвхөн би ярина. Надтай зэрэгцэж нэг ч хүн ярьж болохгүй. Бүгд маш анхааралтай сонсоно. Хоёрдугаарт, миний зөвшөөрөлгүйгээр нэг ч хүн битгий гар. Чиний ард байгаа 1000 залуу чи сонсоогүйгээс болоод дөрвөн жил бодлогоос хаягдах аюул байгаа. Тэгэхээр чи ардаа байгаа 1000 залууг хаях уу хаяхгүй юу гэдэг өнөөдөр энд хоолны цаг хүртэл хоёр цаг тэсвэртэй суух тухай л асуудал юм. Энэ хоёр цагийн тэсвэр, өөрийнхөө өмнө бий болгож байгаа хариуцлага, үүрэг, ачааг ухамсарлаж байж л өөрсдийгөө бид нар залуучуудын дарга, бид манлайлагч, удирдагч нар, бид нар өнөөдрийн залуусын удирдагч, маргааш улс орны удирдагч гэдэг омогшил, энэ бүх зүйлийг өөрсдөө олж авах юм. Энийг зөвхөн МЗХ-ны тэмдгийг энгэртээ зүүснээрээ, залуучуудын холбооны тэргүүлэгч, тэргүүний сэтэр зүүснээрээ олж авахгүй. Энэ бүгдийг бид нар зүтгэж байж, хийж байж, бүтээж байж олж авдаг зүйл. Тэгэхээр нэгэнт бид энэ замыг сонгоод, энэ замаар карьераа бий болгоод бид нар хүний төлөө ажиллаж чадна гэдэг тэр зүйлээ, бусдаас миний тэр чадвар онцгой юм гээд нийлээд орж ирж байгаа залуус байна.

Бид бүтэн жилийн турш буюу 2015 оны турш юу хийчихэв ээ? 2012 оноос хойш А.Мөнхбат гэж хүн МЗХ-ны ерөнхийлөгчөөр ирснээс хойш юу хийсэн бэ гэдгийг хоёр багцлаад ярья.

2012-2015 он хүртэл үндсэндээ бид нар МЗХ-ны 5-р их хурлын бэлтгэлийг л хийсэн. МЗХ 9 жилийн хугацаанд нэлээн унтаа байдалтай байсан. Энэ хугацаанд залуу байсан хүмүүс бүгд дараагийнх нь ангилал руу шилжчихсэн. Тэгтэл үндсэн удирдлага, хүмүүс нь яг л тэр насаараа байгаад байсан. Жишээ нь нэг аймгийн Залуучуудын холбооны дарга гэхэд аль хэдийнэ 50 нас хүрчихсэн байх жишээтэй. Залуучуудын холбооны гүйцэтгэх хороо гэхэд дандаа тэтгэврийн насны 12 хүн ажиллаж байх жишээтэй намайг ерөнхийлөгч болоод очиход. Яг ийм нөхцөл байдал биднийг хүлээж авсан. Энэ бүгдийг буюу залуучуудын холбооны анхан шатны үндсэн нэгж байгууллагуудыг залуучуудын гарт нь атгуулах ажлыг хийсэн. Хоёр жилийн хугацаанд бид бүх аймгаар тойрсон. Хөвсгөлөөс бусдад нь оччихсон. Бүх аймгийн чуулганууд хийгдсэн. Бүх аймагт шинэ бүрэлдэхүүнүүд гарч ирсэн. Энэ шинэ бүрэлдэхүүнүүд дахиад их хурлын бэлтгэл хийж эхэлсэн. Ингээд 2015.03.28-нд буюу 12 жилийн дараа 5-р их хурлаа хийсэн.

5-р их хурлаар бид 94 жилийн турш хийгдээгүй зарчмын нэг том өөрчлөлтийг хийсэн. Энэ байгууллагын үндсэн зорилгыг 180 градус сольсон. 1921 онд Бошгыг халах залуучуудын эвлэл гэж манай байгууллага анх байгуулагдсан. Ирэх жил бид нарын 95 жилийн ой болно. Ирэх жилийн бүх ажлууд энэ ойтой холбоотой хийгдэнэ.

МЗХ бол Азийн хамгийн анхны залуучуудын байгууллага. Азид нэг ч залуучуудын байгууллага байхгүй байхад 1921 онд Монгол Улсад Бошгыг халах залуучуудын эвлэл гэж байгуулагдсан. Бошгыг халах залуучуудын эвлэл. 2015 онд бид юу болсон гэхээр Бошгыг сэргээх, мөрдөх залуучуудын холбоо болж байгаа. Өөрөөр хэлбэл, 180 градус эргэсэн байгаа биз. Бид 94 жилийн өмнө 1921 онд тухайн үед маш зөв юм хийлээ гэж ойлгож байсан. Алдаад 94 жилийн дараа засах ийм ажлыг л хийсэн. Энэ бүгдийг бид өөрсдөө, их хурлын төлөөлөгч нар, яг энэ цаг үеийн бидний бүрэлдэхүүн хамтдаа хийсэн юм. Бид ач зээтэй болсон үед маш зөв юм хийсэн байна, яагаад энэ цаг үеийг 94 жилийн дараа эхлүүлсэн юм бэ, эхлүүлэгчид нь бид өөрсдөө юм байна гэдгийг ойлгоно. Тийм учраас МЗХ юу хийдэг байгууллага юм бэ гэхээр хамгийн эхэнд, хамгийн энгийнээр хариулах нэг хариулт нь энэ юм.

Дараагийн нэг зүйл бол 94 жилийн түүхээс бид нарт сурсан, бүтээсэн зүйл маш их байгаа. Тэр 94 жилээс сүүлийн 25 жил нь бидний хүүхэд настай холбоотой, бид өөрсдөө амьдарч ирсэн он жилүүд. Энэ залуучууд өнөөдөр бид нарын нуруун дээр ирж байгаа ачааг цаашид 25 жил үүрч, үр хүүхэддээ яаж хүлээлгэж өгөх вэ гэдгийг шийдэх эгзэгтэй цагт ирчихээд байна. Энэнд зохируулж, тохируулж бид МЗХ-ныхоо дүрмийг бүрэн шинэчилж баталсан. 24 жилийн хугацаанд бидний алдсан, бидний хийж чадаагүй зүйлсийг энэ дүрмээр нөхөх гэж оролдсон. Дээрээс нь 1991 онд батлагдсан Үндсэн хуулиар хийгдсэн засаглалын хувиарлалтууд болоод иргэний нийгмийн байгууллагуудын бүтэц, үйл ажиллагааны чиглэл, төрийн үйл ажиллагаанд оролцох оролцоо, дараагийн залуу үеийг бэлдэх бүх ажлуудын алдаа оноог нэлээн сайн базаад энэ байдлаар ажиллах юм бол бид илүү үр дүнтэй гэж үзсэн.

Сул дорой, аргацаасан, бүр цаашлуулж хэлвэл бэлэнчилсэн, нэр төдий бүх үйл ажиллагаануудыг хаах тэр нүх сүв болгоныг аль болох бөглөхийг хичээсэн. Одоо хэн их идэвхтэй байх, хэн илүү санаачлагатай байх, хэн илүү урам зориг бадраах, хэн илүү залуучуудтай хүрсэн бодитой ажлыг хийж чадаж байгаа нь залуучуудын байгууллагыг авч явдаг, залуучуудын байгууллагын ноён нуруу болдог ийм тогтолцоог л бид энэ дүрмэндээ хийж өгсөн. Өөрөөр хэлбэл, шударга бус юм залуучуудын байгууллага дээр байх тэр хөрсийг бетондож байхгүй болгосон гэсэн үг. Шударга бус юм залуучуудын байгууллага дээр иштэй цомирлогтой болох тэр бүх зүйлийг л бид энэ дүрмээр хаасан гэж ойлгож байгаа. Одоо бидэнд юу хүлээгдэж байна гэхээр оюун санаанд бүрэлдэн бий болж цаасан дээр буучихсан байгаа дүрмийг МЗХ-ны бүх анхан шатны салбар, холбоо, нэгжүүддээ цэг таслалгүй мөрдөж хэрэгжүүлэх ажил. Энийг бид хийж гэмээнэ энэ дүрмийг өөрчилсөн зорилго, 5-р их хурлын зорилго, энэ цаг үеийн бидний оюун санааны бүтээгдэхүүн болсон энэ дүрэм, энэ зарчим, энэ алсын хараа, эрхэм зорилго, зорилтууд бүгд хэрэгжих зүйлийн торгон гараан дээр бид нэг баг болж, нэг цаг үеийн эзэд болж сууж байна. Одоо энд хүрэлцэж ирсэн залуучуудаас өөр мундгийг олоод ир гэвэл нэг хоёр залууг нэрлэж магадгүй. Өөр гурав дөрвийг нэрлэж магадгүй. Гэхдээ нэг чухал юм байгаа. Бие биенээ хүлээн зөвшөөрөөд энд яг итгэл сэтгэл нэгдээд хамтдаа ирсэн байна аа гэдэг өөрөө хамгийн чухал юм. Нэг сайн залуу тодроод гарч ирж магадгүй. Гэхдээ тэр залуугийн зорьж буй, хүрч байгаагаас илүү бидний цуглаад, нийлээд хийж байгаа юм илүү хүндээ үлддэг ийм л нийгэм, ийм л хүний орчлонд бид өөрсдөө амьдарч байгаа. Тэгэхээр бидний хамгийн том давуу тал бол нэг тоглоомын дүрмийг, нэг алсын харааг, нэг зорилгыг бүгдээрээ хүлээн зөвшөөрөөд, бие биенээ бас хүлээн зөвшөөрөөд нэгдчихээд энд сууж байгаа нь юм. Бидний нэгдэл бол Монголын бусад байгууллагуудын хэнийх нь ч хүсээд мөрөөдөөд хичээгээд хүрч чаддаггүй ийм сайхан нэгдэл.

Одоо хамгийн сүүлийн жишээ МАН-ын зургаан сайдыг гаргаж байгаа. Бидний хийж чадаж байгааг Монгол Улсын Засгийн газар ч хийж чадахгүй байна. Энэ зааланд Ардын намын залуучууд ч байна, Ардчилсан намын залуучууд ч байна, МАХН-ын залуучууд ч, Иргэний зоригийнхон ч байж байна. Ахиад ХҮН-ынхан гээд ороод ирнэ. Манайхны зарим нь ХҮН-д орчихсон л явж байна. Өөрөөр хэлбэл, улстөрийн үзэл бодол бидэнд ерөөсөө хамаатай биш. Хэн ч байсан энд дүрмийнхээ дагуу уралдаад илүү их санаачлагатай, оролцоотой, илүү их идэвхтэй, дээр нь ачаа үүрч чадна гэдгээ харуулж чадсан нь өнөөдөр энд нэгдчихсэн байж байна. Тийм учраас Монголын залуучуудын эв нэгдлийн цул нь МЗХ юм. Одоо энэнтэй маргахааргүй болж байгаа. 2012 оноос хойш бүх намын залуусыг урьж ажиллуулахад эхлээд харддаг байсан. За А.Мөнхбат ч ардчилсан намын угшилтай хүн дээ, наадах чинь худлаа ярьж байгаа шүү гэж. Энэ хар гурван жил ажилласны дараа арайхийж алга болж байна. Сая их хурал хийгээд нас насны ангилалын 5 дэд ерөнхийлөгч, тэргүүн дэд ерөнхийлөгч нь МОХ-ны ерөнхийлөгч гээд нийт 6 дэд ерөнхийлөгчтэй болсон. Энэ 5 дэд ерөнхийлөгч нам намын төлөөлөл болж орж ирсэн. Залуучууд, улс орон, бидний хүүхдүүдийн өмнө тулгамдаад байгаа асуудлыг ямар нэг үзэл бодол гэхгүйгээр хамтарч суугаад ярьж чадах газар бол МЗХ болж чадсан. Энэ бол дараа дараагийн маш олон хийхэд бидний үндсэн гол имиж, үндсэн гол түлхүүр болох ач холбогдолтой.

Бид 25 жилийн хугацаанд ялгарч үзсэн. Үзэл бодлоороо ялгарч үзсэн. Үзэл бодлоороо ялгарахад өнөөдрийн ерөнхий дүнгээр нь үзэхэд бид нарын хурдыг гүйцэхгүй байгаад байгаа. Үзэл бодлоор ялгарах шаардлагагүй юм байна гэдэг дүгнэлт үндсэндээ тавигдаж байгаа гэж ойлгож байна. Одоо бид юугаараа ялгарах ёстой юм, ямар чадамжаараа ялгарах ёстой юм гэдэгт залуучууд өөрсдөө хариултаа өгөөд энэ бүгд дээр бид тодорч гарч ирэх шаардлага тулгарч байна.

МЗХ шинэ дүрмээрээ алсын хараагаа “ЭВЛЭЛДЭН НЭГДСЭН ЭРХ МЭДЭЛТЭЙ ЗАЛУУЧУУД” гэж тодорхойлсон. Яагаад эрх мэдэлтэй гэж хэлээд байгаа юм? Өөрөөр хэлбэл дарга болчихсон хүмүүсийн цуглуулга биш. Гол нь би өөрөө хэн байх вэ гэдэг өөрийнхөө эзэн эрхээ шийддэг эрх мэдлийн асуудлыг яриад байгаа юм. Хүний эрх мэдэл гэдэг зүйл хэзээ би болдог вэ гэхээр тухайн хүнийг боловсролтой болсон үед нь л бүрдэж бий болдог. Тиймээс Монгол залуу хүн бүрийг боловсролтой болгоё гэж хэлээд байгаа юм. Энэ боловсролоороо бид орон зайгаа дүүргэдэг, энэ боловсролоороо бид нэгдэж чаддаг энэ зүйлийг хэлж байна. Боловсрол гэдэг нь юу вэ гэж их олон хүн асууж байгаа. Үүнийг ярих юм бол зөвхөн нэг өдөр хангалттай биш.

Дараагийн нэг чухал зүйл байгаа. Бидний эвлэлдэн нэгдэх зарчим юу байх вэ, зөвхөн дүрэм байх юм уу, эсвэл Залуучуудын холбоонд ажиллаад байх юм бол аятайхан ажил амьдралтай явчихдаг юм байна лээ, Залуучуудын холбоонд жаахан ажиллаж байгаад аль нэг нам руу ороод дараа нь дарга болоод явна даа гэж боддог. Залуучууд янз бүрээр хэлж байгаа. Би түрүүн ярьсан. Шударга бус юм ургахгүй байх тэр хөрсийг нь бид бүгдийг нь бетондоод тавьчихсан гэж. Эвлэлдэн нэгдэнэ гэдэг А.Мөнхбат гоё болохоор эсвэл А.Мөнхбат зөв ярьдаг болохоор А.Мөнхбаттай нийл гэж хэлж байгаа үг ерөөсөө биш. Бид бүх эвдэлдэн нэгдэх байдлыг үнэнтэй нэгдэх гэдэг энэ л зарчмыг ярьж байгаа. Чи үнэнтэй л эвлэр, үнэнтэй л эвлэлдэн нэгд. Тэгэх юм бол чи өөр хэн нэг үнэнтэй нийлсэн хүнтэй нэгдэж чадна. Өөрөөр хэлбэл, чи ангийнхаа хүүхдийг, найз нөхдийг, ажлын газрынхныгаа ч юм уу цуглуулаад залуучуудын байгууллага гэдэг нэр бариад ажиллаад байх хэрэггүй. Тэр их хэврэгхэн. Тэгж харагдах юм бол бид Монголын нийт залуусын эрх ашиг болоод ашиг сонирхлыг бүрэн дүүрэн илэрхийлж чадахгүй. Тэгэхээр бид юутай эвлэрдэг юм, та нарын эвлэлдэн нэгддэг үндсэн зарчим нь юу юм гээд захын хүн асуухад бид нар үнэнтэй л эвлэрдэг, үнэнийг хүлээн зөвшөөрсөн хүмүүс л МЗХ-нд нэгддэг. Бид нар үнэнтэй л нэгддэг юм. Тэрнээс хэн нэг А.Мөнхбат ч юм уу, шашин, нам бол биш шүү. Энийг шууд хэлдэг байх ёстой. Үнэнээс хазайхад худлын орон зай гэдэг юм үүсдэг. Худлаа байгаад байх юм бол, худлаа руу л явчих гээд байх юм бол бие биедээ шууд хэлдэг л байх ёстой.

Өнөөдөр бид залуудаа сайхан амьдарч чадахгүй байгаа. МЗХ-ны мөрөөдөл бол ердөө энэ. Гуравхан үг. Залуудаа сайхан амьдрая. Энэ концепцийг хэрэгжүүлэхийн тулд бидэнд үнэн л хэрэгтэй байгаа юм. Өөр юу ч биш. Бусад нь бидэнд бүгд байгаа. Ээж ааваас заяасан сайхан бие байна, багш нараас өгсөн мэдлэг байна, мэргэжил байна. Нийлээд тордчих юм бол дэлхийн аль ч залуусаас дутахааргүй юм байгаа. Тэгтэл бид үнэнээсээ холдихсон. Худал юмыг үнэн гэж ойлгодог болчихсон. Үнэн худал хоёрын байр нь солигдчихсон. Зүрх сэтгэлдээ, оюун ухаандаа худлаадаа гэж мэдэж байгаа ч гэсэн би энийг сөрөөд дийлэхгүйдээ гээд худлааг нь хүлээн зөвшөөрөөд явдаг. Хүлээн зөвшөөрч явж байгаад 40 хүрэнгүүт л би ч одоо энийг худлаа гэж хэлээд ч яахав, одоо байгаа байр сууриа бэхжүүлье, хүүхдээ бодоё, за яршигдаа гээд өнгөрөөдөг. Бид социализмын үед үнэнээ мэддэг байсан ч гэсэн өөр улсын нөлөөгөөр хэчнээн үнэнээс нь гажиж байсан ч гэсэн бид хүссэн хүсээгүй инээгээд явдаг байсан. Дараа нь 1990 онд бидэнд өөрсдийгөө бүрэн шийдэх эрхийг Ардчилсан хувьсгал өгсөн. Анх удаа л бид аль нэг улсын нөлөөгүйгээр өөрсдийн төр засгаа байгуулж, өөрсдийнхөө яаж амьдарч болохоо шийдэх энэ зүйл 1990 онд ирсэн. Яг энэ эрхтэй хамт авилгал гэдэг зүйл давхар ороод ирсэн. Одоо ингээд дүнгээр нь харахад манай лидерүүд бүгд үнэн гэдэг зүйлээ, хэмжих хэмжүүрээ авч байгаа авилгынхаа хэмжээтэй яг адилхан ойлгодог болчихсон. Бодит байдал бол ийм байгаа. Бодит байдлыг хэн зоригтой хэлж чадах вэ гэхээр залуу хүн л хэлж чадна. Хэн нэгдэж энийг эсэргүүцэж, босч чадах вэ гэхээр залуучуудын байгууллага л босч чадна. Ийм л зүйлийг хэлээд байгаа. Үнэнтэй нэгдэх, худлыг байхгүй болгох, залуудаа сайхан амьдрах зэрэг бүх зүйлийг бид хамтдаа хийе гэж босч ирж байна. Өнөөдрийг хүртэл миний ярьж байгаа зүйл, та нарын ойлгож байгаа ойлгоц зөрж байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ маргааш өчигдөр шиг та нар байх юм бол өнөөдрөөс ирээдүйг бүтээх хүмүүс биш шүү. Хэрэв тийм байх юм бол залуучуудын байгууллагын орон зайг чөлөөлөөд шударгатай нөхөрлөж чадах залуучуудыг оруулж ирэх боломжийг нь хангаж өгөөрэй. Яагаад гэхээр үнэнд гүйцэгдэнэ. Бүх агуулгааргаа Монголын ард түмэн шударга хүмүүсийг хайж байгаа. Гэхдээ нэг шударга дуучин биш, нэг шударга их хурлын гишүүн биш, нэг шударга бизнесмэн биш, нэгдсэн шударгыг л хайгаад байгаа юм. Тийм хүмүүст улс орны жолоог ард түмэн өгөх бэлтгэлийг 25 жилийн туршид хийлээ. Хэнд өгөх юм бэ гэхэд бэлэн баг нь байхгүй байгаа. Бид шударгаар ядаж нэг өдөр амьдрахад л, ядаж нэг өдөр шударга болоод эхлэхэд л бидэн рүү ард түмний царай, нүд, итгэл сэтгэл бүх юм эргэж харна. Ийм зүйлийг л МЗХ хэлээд байгаа.

МЗХ бол бүх цаг үеийн туршид Монголын хөгжлийн хөдөлгүүр нь байсан. Дархан, Эрдэнэтийг босгосон, атрын аяныг хийсэн гээд өнгөтэй өөдтэй бүх юм МЗХ-той холбоотой байдаг. Одоо бид үүний дараагийн бүтээн байгуулалтын үеийг бид өөрсдөөсөө эхлүүлье гэж байгаа юм. Өмнөх Баярцогт ерөнхийлөгчийн удирдлагын багийнхан ийм боломж гарсан боловч тэд ашиглаж чадаагүй. Суралцаад л яваад байсан. Сайханбилэг ерөнхийлөгчийн үед ашиглах боломж байсан ч эдийн засгийн боломж гэдэг зүйлээ нээж чадаагүйгээс тэр боломж нь ашиглагдаж чадаагүй. Зоригтбаатар ерөнхийлөгчийн үед залуу хүний хамгийн гол зовлон бол орон сууц юм байна аа гээд орон сууц руу дайрч орсон. Туршлагагүйгээсээ болоод алдчихсан. Тэгтэл өнөөдрийн А.Мөнхбат ерөнхийлөгчийн удирдлагын баг та бүхэн тэр бүх хүмүүсийн алдаан дээрээс сурсан. Тэр бүх хүмүүсийн нээх гэж хичээж байсан тэр олон боломжууд бид нарын үед дийлэнх нь нээгдээд зах зухаасаа нарны гэрэл тусаад онгойж эхэлж байна. Энэ торгон үеийг бид ашиглаж чадвал Монгол Улсын түүхэнд үлдэнэ ээ. Бид үр хүүхэд, ач зээгээрээ миний өвөө ийм юм байна, миний эмээ ийм юм байна шдээ, нөгөө Багануур гээд шинэ хотыг тэр хэд хийсэн юм байна лээшдээ, нөгөө хос төмөр замыг тэр хэд барьчихсан юм байна лээ. Тэд л биднийг залуудаа сайхан амьдрах боломжийг өөрсдийнхөө амьдралыг золиосолж бидэнд хийж өгсөн юм байна лээ гэж ярина. Тэр боломж нь бидэнд байна. Энийг л бид хийе. МЗХ-ны далбаан дор, залуучуудынхаа холбооны дүрмийн хүрээнд нэгдэж хамтдаа хийхийг л та бүгдээс хүсээд байгаа юм. Ердөө л энэ. Үүнийг бид яг энэ цаг үед хийж чадах юм бол Монголын төрийн жолоог 30 жил тасралтгүй атгуулах эрхийг ард түмэн өгөхөд бэлэн байна. МЗХ-нд тэргүүн, тэргүүлэгч нь байсан юм, МЗХ-ны хүн гэхээр Баабарын хэлдгээр хонь байсан ч  сонгоход бэлэн ийм цаг үе бидэн рүү ирж байна. Үүнийг бидэнд шударга байсан тэр л зүйл өгнө. Өөр юу ч биш.

Монголд байгаа бүх институтууд шударгын гэдэг зарчмаа алдчихсан. Монголд хамгийн шударга байх ёстой зүйл юу вэ, шүүх засаглал. Монголд хамгийн шударга үйл ажиллагаа явуулж байх ёстой зүйл юу вэ, Засгийн газар. Амнаас нь үргэлж шударга үг гарч байх ёстой хүмүүс хэн бэ, их хурлын гишүүд. Тэгтэл өнөөдөр ийм байж чадахгүй байгаа. Тиймээс энэ орон зай руу дараагийн удирдагч нарыг бид нар бэлдэж оруулъя, энэ рүү хэдүүлээ нийтээрээ ороё л гэж байгаа юм.

Аймгууд дээр залуучуудтай уулзахаар арай л болоогүй байна аа, би арай л болоогүй байна. Дахиад нэг дөрвөн жил болчихоод үзнэ ээ гээд байдаг. Юу хүлээгээд байдаг юм, мэдэхгүй. Би ойлгодоггүй. Бүх цаг үеийн хувьсгалуудыг 25-30 настай залуус хийсэн байдаг юм шүү. 1990 оны хувьсгалыг Элбэгдорж, Бат-Үүл, Зориг нар хэдтэй байхдаа хийсэн юм? Хамгийн хөгшин нь Зориг байсан. 27 настай. Тэгтэл одоо хамгийн хөгшин нь хэн байна? Би 37-той энд зогсч байна шүү дээ. 10 жил алдчихсан. Хайран 10 жил. Залуудаа сайхан амьдрах мөрөөдөл маань бараг байхгүй болох гэж байна. Миний залуу нас дуусах гэж байна. 1921 оны хувьсгалд хамгийн хөгшин нь Бодоо 33 настай байсан. Сүхбаатар 21-тэй байсан. Өөрсдийгөө голдог. Энэ голдог юмыг хаанаас суулгасан гэхээр Манжийн бодлогоос суусан. Дараа нь Оросууд үргэлжлүүлсэн.

Омог бардам, цэвэр ариун, оюун төгс, сүр хүч төгөлдөр байх Монгол хүний энэ чадвар, сортоо, энэ сайхан босоо юмыг 400 жилийн турш байхгүй болгох гэж Хятадууд үзсэн, Оросууд үзсэн. Тэрний үр дүн нь өнөөдөр энд ингээд сууж байгаа юм. Өөрсдийгөө голоод л, яах гэж ч голдог юм. Сумын залууст Засаг даргаасаа илүү ажиллах сэтгэл байгаа байхгүй юу. Дээрээс нь хулгай хийхээр миний амьдрал сайжирна гэдэг буруу бодол байхгүй. Хулгайчийн бодол байхгүй, бүх юмыг сэтгэлээрээ хийдэг. Энэ сэтгэлээрээ хийх гэж явж байгаа хүнд хүмүүс итгэл өгдөг. Нэгэнт итгэлээ өгсөн хүмүүс үргэлж дэм болдог. Нутгийн олон аяндаа бүчээд л дэмжээд ирдэг. Энэ тухай л яриад байгаа. Тийм учраас ерөөсөө өөрсдийгөө битгий гол. Та нар эерэг өөрчлөлтийг авчрах, залуудаа сайхан амьдрах, улс орныг өнгөтэй өөдтэй байлгах, үр хүүхэддээ бүрэн бүтэн өвлүүлж үлдээх үйлсэд 18 нас хүрсэн л бол бүгд оролцоод явах ёстой. Өөрсдийгөө битгий гол. Та нар л хийж чадна. Өөр хэн ч хийж чадахгүй. Хэн нэг хүн хотоос баахан дээд сургууль төгсчихөөд давхиж очоод сумыг хөгжүүлнэ гэж бараг л гонжийн жоо доо. Суман дээр байж байгаа залуус л  сумаа хөгжүүлнэ. Аймаг дээр байгаанууд нь аймгаа хөгжүүлнэ. Энэ бол гарцаагүй үнэн. Эзэн нь та нар шдээ. Өөр эзэн хаанаас ч хайгаад олохгүй. Эзэн нэгэнт тодроод ирэхэд ард түмэн хүлээн зөвшөөрөөд л явчихдаг. Төрийн төлөө оготно боож үхнэ гэдэг үгийг Манжууд гаргаж ирсэн. Төрийн бүхий л үйл ажиллагаанд оролцох хэрэгтэй. Оролцохдоо харин юунд оролцож байгаагаа мэдэж л оролцох ёстой. Би сумын дайны ажлыг мэдэж байгаа шүү гэж бодож байвал чи сумынхаа асуудалд оролцоод л явах ёстой. Үүнтэй адил аймгийнхаа асуудалд оролцох л хэрэгтэй. Би ер нь улсын дайны хүн болчихсон юм байна шүү, миний харааны өнцөг, миний боловсрол, чадамж улсын дайных гэж бодож байвал улсынхаа ажилд оролцоод л явах ёстой. Тэр бүгдэд өөрийгөө бэлдэх зүйл нь залуучуудын байгууллага. Түүнээс биш МУИС байтугай Харвардад хүртэл энэ залуучуудын байгууллага дээр олгож байгаа чадамжийг эзэмшүүлж чаддаггүй. Энийг аль ч сургуулийн профессорууд, эрдэмтэн багш нар бүгд хүлээн зөвшөөрдөг. Ийм учраас иргэний нийгмийн байгууллага, тэр дотроо залуучуудын байгууллага өнөөдөр оршин тогтнож байгаа.

Монголын хүн амын хэдэн хувь нь залуучууд билээ? Хүүхэдтэйгээ нийлэхээр 70 хувь. Дээр нь бид бараг сонгогчдын олонх болдог. Бид нар сонгогчдын олонх юм бол олонх руу л чиглэсэн бодлого хэрэгжих ёстой биз дээ. Олонх юу хүсч байна тэрийг л итгэл авсан, сонгогдож гарсан хүмүүс хийх ёстой шд. Тэгтэл Монгол Улс залуучуудын гэсэн бодлогогүй л явж ирсэн. Нөгөө 70 хувийн төлөө хийдэг зүйл нь хэдэн хувь юм гээд хамгийн энгийн төсөвтэй нь харьцуулаад үзэхээр байдаггүй. Шударга зарчим үйлчилнэ ээ гэх юм бол 70 хувийн төлөө 70 хувийн төсөв л явах ёстой биз дээ. Тийм юм байхгүй. Тэгэхээр нэгэнт л шударга бус зүйлүүдийг мэдэж байгаа учраас бид нар шударга бусыг нь зоригтой хэлээд бид энийг ингэж шударгаар өөрчлөх хэрэгтэй байна гэдгийг залуучуудын байгууллага өөрсдөө боловсруулж өөрсдөө хэлдэг болж байгаа.

Өмнө нь залуучуудын асуудал гэхээр залуучуудын холбооны тэргүүний ч юм уу ерөнхийлөгчийн шийдэх, хөөцөлдөх ёстой асуудал байсан. Хуучин бид нарын дүрмээр. Одоо бол залуучуудын холбооны бүтцийн хүрээнд Үндэсний залуучуудын зөвлөл гэж 339 гишүүнтэй шинэ байгууллага их хурлаас их хурлын хооронд 4 жилийн хугацаатай үндсэн бодлогыг тодорхойлж ажиллах ёстойгоор байгуулагдсан. Үндэсний залуучуудын зөвлөл бол бүтэцдээ 16 байнгын хороотой. Энэ бол мэргэжлийн хороо биш, энэ бол асуудлын хороо. Залуучуудын өмнө тулгамдаад байгаа 16 асуудал байна гэж бид гаргаж ирсэн. Багцлаад. Үндэсний залуучуудын зөвлөлийн байнгын хороод энэ 16 асуудлын шийдлийг нь боловсруулж, араас нь өдөр тутам хөөцөлдөж байх үүрэгтэйгээр гарч ирсэн. Хуучин ерөнхийлөгчийн асуудал байхад над дээр хөөцөлдөх асуудал гээд хэдэн зуугаараа овоорчихсон байж байдаг байсан. Тэрний араас хэчнээн гүйгээд гүйгээд хүрдэггүй. Одоо тэгэхээр 16 байнгийн хороонд тухайн чиглэлээр мэргэшсэн залуус шийдлийг нь гаргаад хөөцөлддөг ийм л тогтолцоотой болж байгаа.

Би гоё юм мөрөөдье. Дараагийн Засгийн газар байгуулагдахад энэ 16 байнгын хороо гэдэг манай 16 чиглэлийн яамны сайд л юм байгаа юм. Манай 16 чиглэлийн яамдын үндсэн мэргэжилтнүүд. Яагаад гэхээр асуудлаа мэдэж байгаа. Байнгын хороод дээр зориглож ажиллаж байгаа залуустаа бид баяр хүргэх ёстой. Жишээ нь бидний эрүүл мэндийн асуудал бид нарынх ч юм шиг, эрүүл мэндийн яамных ч юм шиг, өрхийн эмнэлгийн асуудал ч юм шиг эзэн байхгүй. Бид нарын асуудалд эзэн байхгүй. Тэгтэл хохирогч нь бид нар өөрсдөө болоод л яваад байдаг. Монголын төрийн уламжлалын хамгийн нарийн чухал нэг зарчим байдаг. Энийг манай төрд байгаа хүмүүс нэг нь ч мэддэггүй. Хүний буруу надаас болдог, хохирол нь намайг эргээд хорлодог гэдэг зарчим. Манай чуулган дотор малчин залуу байна уу, гараа өргө дөө. Ирсэн хоёр малчин залуудаа баяр хүргэчих. Манай хоёрын мэргэжлийг жагсаагаад бичих юм бол энд сууж байгаа хүмүүсийг нийлүүлээд жагсаагаад бичсэнээс илүү их зүйлийг эзэмшсэн, эзэмшихээр зориг шулуудаад байж байгаа. Малчин хүн гэдэг 1943 мэргэшилтэй байсан байгаа юм. Тэгтэл бид 1943 байтугай 43 хүрч байна уу? Малчин хүн сая миний хэлсэн хүний буруу надаас болдог, хохирол нь намайг хорлодог гэдэг зарчмыг мэдэх үү? Хэзээ ч саахалтын хонийг нийлчихсэн байхад та нар ялгалгүй хаядаггүй биз дээ. Ерөөсөө л энэ зарчим. Энэ зарчим манай байнгын хорооны үйл ажиллагаа, МЗХ-ны бүх шатны байгууллагын удирдлагуудын болоод бүх хийгдэж байгаа үйл ажиллагаануудын хамгийн гол зарчим. Өнөөдөр тэр хүнийг шударга бус байгааг нь чи хэлэхгүй л юм бол тэр хүний шударга бус үйлдэл эргээд чамайг хорлоно. Чамайг л хохироогоод байгаа. Энэ зарчим байхад Монголд хариуцагдахгүй нэг ч хүн үлдэхгүй болчихож байгаа юм. Өөрөөр хэлбэл, хүн болгон хүндээ хариуцагдаж байгаа. Тийм учраас бид хариуцлагын хороо гэж байгуулсан. Урьд нь байгууллагуудад хяналтын хороо гэж байсан. Тэр бол дээрээс өгсөн чиглэлийг доор хэрхэн хэрэгжүүлж байна гэдгийг хянадаг л байсан. Одоо тийм юм байхгүй. Дээрээс өгсөн чиглэлийг хэрэгжүүлэхгүй байвал доодуулын хохь. Тэгээд л үлддэг л юм байгаа биз. Дараагийн чадах залуучуудад нь арчуулаад л явна шүү дээ. Ердөө ийм зарчим. Үүнийг А, Б-гүй цээжлэх хэрэгтэй. Хүний буруу надаас болдог, хохирол нь намайг хорлодог. Бид дандаа ийм зарчим, сэтгэлээр бүх ажлаа хийж байгаа. Энэ бол манай малчдад, зөвхөн хөдөөнийхөнд л хадгалагдаж үлдсэн. Жишээ нь би дөрвөн жил хоёр хөрштэй амьдарч байгаа. Лифтэнд дайралдахаараа сайн байна уу гэж мэндэлдэг, өөр харьцаа байхгүй, нэр нь ч хэн юм, хэдүүлээ ч амьдардаг юм мэддэггүй. Бид яг ийм болчихсон. А.Мөнхбатыг нэг хүн хариуцаж байвал би нэг хүний үнэтэй хүн байхгүй юу. Хүнийг тэгж үнэлдэг. Тэрнээс биш зоосоор үнэлэхгүй. Чамайг 100 хүнтэй салбар нэгж хариуцаж байвал чи 100 хүний үнэтэй. Тийм учраас бид салбар нэгж байгуулаад 2014 оны дүнгээр Орхон аймгийн Залуучуудын холбооныхон 83 салбар нэгж байгуулсан байсан. Тэр үзүүлэлтээрээ бусад аймгуудаас 1-р байранд орсон.

Орон сууц бидний бүгдийнх нь толгойны өвчин шүү дээ. Яаж орон сууцтай болох юм бэ? Орон сууцны байнгын хороон дарга Анхаад бүтэн нойртой хонох өдөр байхгүй дээ. Яана аа, болно доо. Яагаад гэхээр бүгдээрээ нийлээд хөдөлж байгаа учраас. Байнгын хороо бол үнэхээр чухал. Байнгын хорооны бүтцийг аймгийн түвшинд яг паралельны хийх ёстой. Дээр нь шинээр байнгын хороо нэмэх ёстой. Хөдөө аж ахуйн байнгын хороо гэж малтай аймгуудад ажиллуулах хэрэгтэй. Эрдэнэтэд үйлдвэржилтийн байнгын хороо гэдэг ч юм уу. Бид дүрмээр хамгийн минималийг өгч байгаа юм. Өөрөөр хэлбэл, ганцхан логикийг хэлж өгч байгаа. Минималь өгөгдлөөр максмаль руу энэ дүрмийн хүрээнд л зүтгээрэй гэдэг ганцхан юм хэлж өгч байгаа юм. Минималь, тэрнээс доошлуулж болохгүй. Тэрнээс задлаад дээшээгээ аймаг болгон, салбар зөвлөл болгон, байнгын хороо бүр улам их дэлгэрүүлж болно. Аймгийн залуучуудын холбооны дүрэм нь 30 хуудас. МЗХ-ны үндсэн дүрэм 20 хуудас байхад ажилтай сумын Залуучуудын холбооны дүрэм аль хэдийнэ 60 хуудас байхыг үгүйсгэхгүй. Жишээ нь Хэнтий аймгийн Залуучуудын холбооныхон малжуулах хөтөлбөр хийж байгаа. Тус аймагт 680 мянгат малчин байдаг юм байна. Хамгийн олон мянгат малчинтай. Мянгат малчин болгоноос 10, 10 хонь аваад 200-аас доош малтай залуу малчин өрхүүддээ 200 гартал малынх нь тоог гүйцээж өгч байгаа. Хоёр жилийн дараа хөлөөр нь авна шүү гээд. Суман дээр хийх хамгийн анхны юм бол тэр. Малаа барчихсан залуучууд хот руу явж барилгачин болж байгаа. Бид Хөдөө аж ахуйн корпораци гэж байгуулаад хөдөө очиж малаа маллана гэж байгаа залуучуудад мал, цалинг нь өгөөд гаргадаг юм хийх гээд бэлдээд байгаа юм.

Дараа нь бид Үндэсний залуучуудын зөвлөл дээрээс 40 гаруй тогтоол, их хурал дээрээс 40 гаруй тогтоол гаргасан. Энэ тогтоолуудыг бүлэглэх юм бол МЗХ-ны зарчмуудтай холбоотой бүлэг тогтоол, залуудаа сайхан амьдрая гэдэг концепцитэй бүлэг тогтоол, шударга бусуудыг шударга болооч гэдэг тогтоол буюу нийгэмд нөлөөлөхүйц гэсэн гурван багц тогтоол байгаа.

Эхний үйл ажиллагаатай холбоотой зүйлсүүд бидний нээлттэй байдал. Залуучуудын холбооны myf.mn вэб сайтан дээр аль ч салбар нэгж хийсэн үйл ажиллагаагаа оруулж тавиагүй л бол тухайн үйл ажиллагааг яваагүй гэж шууд тооцдог болж байгаа. Тэр мэдээллийн нээлттэй системд үйл ажиллагаагаа оруулаагүй 10 ажил хийчихсэн байхад ганцхан ажил хийчихээд тэрийгээ оруулчихсан салбар зөвлөл нэгдүгээр байранд орох боломжтой болж байгаа. Дээр нь санхүүгийн бүх үйл ажиллагааг тэр мэдээллийн систем дээр ил тавь гэж байгаа. Дараагийн хамгийн чухал юм бол гишүүдийг гурав хуваадаг болсон. Залуучуудын холбооны гишүүн юу вэ гэхээр залуу л бол хүн шдээ, 40-өөс доош настай бол манай гишүүн гэж урьд нь хэлдэг байсан. Мангарлавал манайх гэдэг шиг. Тэр нь маш идэвхгүй харилцаа үүсгэдэг.

Гишүүн, идэвхтэн гишүүн, сонгуульт гишүүн гээд гурав хуваасан. Идэвхтэн гишүүн гэдэг бол 1000 төгрөгийн татвар төлөөд гишүүнийхээ үнэмлэхийг аваад бүх төрлийн сонгуулиудад сонгох болоод сонгогдох эрхтэй болж байгаа юм. Сонгуульд оролцоод сонгогдсон гишүүдийг сонгуульт гишүүд гэнэ.

Бүтцийн хувьд Үндэсний залуучуудын зөвлөл, тэрний доор удирдах хороо, тэрний доор гүйцэтгэх хороо гэсэн бүтцүүд гарч ирсэн. Манай орон нутгийн залуучуудын холбооныхны хийдэг нийтлэг нэг алдаа бол танай МЗХ гэж ярьдаг. Арай нэг сийргүүд нь гүйцэтгэх хороо гэж ярьдаг. Одоо бол тэгж ярихгүй. Дэд ерөнхийлөгч, ерөнхийлөгчийн түвшний асуудлыг удирдах хороо гэж ярина. Гүйцэтгэх хорооны түвшний ажлыг гүйцэтгэх хороо л гэж ярина. Тэрнээс танай залуучуудын холбоо гэж ярихгүй. Гүйцэтгэх хорооноос ингээд, удирдах хорооноос ингээд, ерөнхийлөгчөөс ингээд, байнгын хороо, хариуцлагын хорооноос ингээд гэж дандаа ярьж байна.

Дараагийн нэг өөрчилсөн зүйл бол урьд нь сумыг салбар зөвлөл гэдэг байсан бол одоо залуучуудын холбоо гэж нэрлэдэг болсон. Булган аймгийн Хангал сумын Залуучуудын холбоо гэх жишээний. Яагаад гэхээр суман дээр ч гэсэн бусад холбоодууд байгаа. Суманд АЗХ, НАМЗХ, Ардчилсан шударга ёс МЗХ, ИЗН ч байгаа. Бүгдээрээ нийлж байгаад МЗХ болж байгаа учраас сумыг холбоо болгосон.

Дээр нь байгууллага болон баг дээр залуучуудын зөвлөл байгуулагдаж байгаа. Мөн аймаг дүүргийн түвшинд Бага чуулган гэж байгуулагдана. Жишээ нь Үндэсний залуучуудын зөвлөлийн 339 хүн дээр 500 хүн өрсөлдөж байж орсон. Жилийн 240 мянган төгрөгийн татвартай. Тэгэхээр аймаг дээр байгуулагдах Бага чуулганы гишүүдийн татвар бол жилийн 120 мянга байгаа. 120 мянга төлсөн 119 залуугаас бүрдэж байх ёстой. Тэгэхээр Бага чуулганы сонгуулийг аймгуудад зарлаад эхлэхээр магадгүй зарим аймагт 200, 300-аараа орж ирэх байх. Залуучуудын байгууллагын гол бодлогын шийдвэрийг гаргадаг аймаг дүүргийн түвшний байгууллага гэсэн үг Бага чуулган бол.

Бид Хэнтий аймагт Зүүн бүсийн чуулганыг зохион байгуулсны дараа 9 дүүргийн чуулга уулзалтыг Багануур дүүрэгт очиж хийнэ.

Ингээд урьд нь зөвхөн даргын асуудал байсан зүйлүүдийг Үндэсний залуучуудын зөвлөлийн асуудал болгочихож байгаа юм. Аймгийн тэргүүн зөвхөн 17 дайчинтайгаа зүтгээд байдаг юмыг 119 хүний асуудал болгочихож байна. Тэгэхээр Залуучуудын холбоо ахиад шударга бус юм хийх, Мөнхболд зөвхөн нэг намд худалдагдах, эсвэл нөгөө 17 ажиллахгүй алга болох зэрэг бүх зүйлүүдээс сэргийлж өгч байна гэсэн үг. Аймаг дээр 119 залуу босоод ирнэ гэдэг өөрөө том хүч. Тэр 119-ийн ард ахиад 100, 100 залуус жагсаахад аймгийг манайх авч байгаа юм.

Түрүүн манай Дарханы Ганболд дарга их сайхан тоо хэлж байна лээ. Дарханд 38900 залуу байдаг гэсэн тоо. Баруун дөрвөн аймгийн чуулган дээр очоод аймгийн дарга нарыг босгож байгаад би гуравхан  тоо л асуусан.  Дөрвүүлээ хэлж чадаагүй. Ер нь Бага чуулгантай болтол та дөрөв энэ тоогоо өгч чадахгүй бол энэ ажлаа өгөөрэй гэдгийг хэлчихээд ирсэн. Одоо энд ирсэн 6 аймгаас асуумаар байна. Гуравхан тоо л нөхдийнхөө өмнө хэлээдэх. Миний өмнө хэлээдэх. Нийт яг хэдэн залуу байдаг юм танай аймагт. Тэдний хэд нь ажилгүй юм. Ажилгүй залуу яг хэд байгаа юм. Архи уудаг залуу хэд байгаа юм. Орон байрны асуудалтай залуу хэд байгаа юм. Нийт залуусынхаа тоог мэдэж байгаа хүн бол дараагийн гурван тоог маш амархан хэлж чадна. Залуучууд руугаа тулж ажиллаж  байгаа хүн бол дор нь хэлчихэж байгаа юм.

-За Орхон аймгийн Залуучуудын холбооны дарга Мөнхболд хэлээрэй.

-59 мянга.

-Хэчнээн нь ажилгүй юм? За мэдэхгүй байна. Архи уудаг хэд байгаа юм, Эрдэнэт хэдэн архины хамааралтай залуутай юм? Хэл. За мэдэхгүй байна. Орон байрны асуудалтай хэчнээн залуу байна, орон сууцны судалгаагаа хийсэн юм уу та хэд?

-2000 хүнээс судалгаа авсан. Үүний 1900 орчим нь өөрийн орон сууцгүй гэсэн дүн гарсан.

-Тэгэхээр танай аймгийн залуусын 90 хувь нь орон сууцны асуудалтай гэсэн үг. За Мөнгөн-Эрдэнэ хаана байна, Хөвсгөл. Хэлээдэх. Намайг аргалахгүй шүү. Яг тоо л хэлнэ шүү.

-Хөвсгөл аймаг 120-иод мянган хүн амтай. 62100 залуустай. Хөдөлмөрийн хэлтэст бүртгүүлснээр бол 4500 нь ажилгүй байгаа.

-Тийм бага уу?

-Бүртгүүлсэн нь.

-Чи засгийн газрын ярьдаг юмыг яриад байна. Чи засгийн газрын дарга нараа л хуур. Намайг бол ийм юмаар хуурч чадахгүй. Архи уудаг хэд байгаа юм?

-Хэчнээн нь архи уудгийг нь мэдэхгүй.

-Орон байрны асуудалтай нь хэд байна? Мэддэг болоорой за. Тэгэхгүй бол Бага чуулганаар ажлаа өгсөн нь дээр шүү. Чөлөөт бүсийн дарга босоод ир. Сэлэнгэд хэдэн залуу байна?

-50 орчим мянга.

-Яг хэд?

-50 орчим мянган залуу байгаа.

-Хэд нь архи уудаг юм?

-Архи уудаг бол байхгүй ээ Сэлэнгэ аймагт. Архины хамааралд орсон нэг ч залуу одоогоор байхгүй.

-Ажилгүй хэд байгаа юм?

-Ажилгүй бол 50, 60 хувьтай байна.

-Мэдэхгүй байна. Орон байрны асуудалтай нь?

-Орон байрны асуудалтай нь 80-90 хувь.

-Бас л мэдэхгүй байна. Залуучуудын байгууллагын ажлаа сайн хий. Ганболд тоогоо гүйцээчих.

-Архи уудгийг нь бол нарийн тооцож үзээгүй байгаа.

-Булган аймагт 2014 оны жилийн эцсээр 60500 орчим хүн тоолуулсан. Үүний 26500 нь залуучууд.

-Бид нар юу хийх ёстой вэ? Энэ дөрвөн тоог асуухаар хариуцах ёстой залуусаасаа ямар хол байгаа юм бэ гэдгээ харуулчихаж байгаа юм. Би МУ-ын Ерөнхийлөгч дээр орчихоод надаас тоо асуух юм бол би ахиад худлаа ярина. Эд нар надад худлаа тоо өгчихөж байгаа болохоор. Эд нарын авч байгаа тоо нь төрийн байгууллагуудын бас л нөгөө аргацаадаг, худлаа арга зүйгээр хийдэг, хүн рүүгээ очдоггүй тоо.

Бид яг ард түмнийхээ дунд байж хэдэн архичин, хэдэн орон байрны асуудалтай, хэдэн ажилгүй нөхөр байгаа, хэдэн өрх толгойлсон эмэгтэй байгаа, хэдэн эхнэрээ зоддог нөхөр байгаа, хэчнээн янхан байгааг яг тоолоод гаргаж чаддаг хүмүүс бид өөрсдөө болсон цагт тэр намууд өөрсдөө биднийг гуйж, хадаг барьж ирж өөрийнхөө намыг шинэчилнэ. Ингэж байж бидний өөрсдийнх нь төлөө ажиллаад байдаг иргэдээс залуучуудаас санал авч тухайн нам сонгуульд ялна. Ойлгож байгаа биз. Тэрнээс биш өнгөрсөн 25 жилд гоё харагдаад, дийлэнхдээ хэлбэр хөөсөн, дийлэнхдээ албан тушаал, авилгаар барьцаалсан энэ зүйл цаашаа явах ямар ч боломжгүй болно. Яагаад гэхээр иргэдийн чадамж доод цэгтээ тулж байна. Дээрээс нь шинэ, шударга, эв нэгдэлтэй хүчнийг хүсч байгаа тэр хүсэл нь дээд цэгтээ хүрчихэж. Урьд нь шударга бус замаар явчихсан хүмүүс хэчнээн хэлээд хэлээд ард түмэн итгэхээргүй болчихсон ийм л цаг үе дээр бид гарч ирж байгаа. Тийм учраас бид нэгдэж чаддаг, хүмүүсийнхээ төлөө ажиллаж чаддаг, аравтын зохион байгуулалтад орчихсон, гудам болгонд залуучууд нь эзэнтэй болсон, залуучуудын зөвлөл нь хуралдахад эхнэр хүүхэдтэйгээ орж ирээд асуудлаа ярьчихдаг ийм байгууллагыг бид нэг жилийн дотор маш хурдан зохион байгуулаад хийчихэд л сонгуулийн өмнө бид нар дээр хадаг бариад ирнэ. “Мөнхболд оо, миний хүү. Аймгийн Засаг дарга болох хүн чамаас өөр алга. Манай намд ороод манай намын сонгуулийн багийг ахлаад багаараа манай намын нэр дээрээс сонгогдоод аймгийн Засаг дарга болоод ажлаа аваад явах уу” гээд хадаг бариад ирнэ. Тэгэхэд нь харин Мөнхболд тэнэгтэж болохгүй. Аа би арай болоогүй дөрвөн жил хүлээе гэж. Тэр байтугай юмыг үзчихсэн. Та нар болохоос нь авахуулаад болохгүйг нь хүртэл үзчихсэн. Энэ чуулганыг зохион байгуулна гэхэд л ямар их зардал гарч байна. Та хэдийг үүргэвчээ үүрээд гэрээсээ гарахаас чинь эхлээд санаа зовж байгаа шд. За нөгөөдөх чинь гэрээсээ гарч яваад машинд дайруулчих вий, замд нь үүргэвчийг нь нэг нь хусчих вий, наашаа явж байтал зам нь халтиргаатай байх вий гэж санаа зовсоор чуулган дуусаад та хэдийг гэртээ очиход чинь л энэ хэдийн санаа амраад жаахан хөлсөө арчсан маягтай суух байх. Энэ бол өөрөө ажил. Төрийн ажил ч гэсэн яг адилхан. Төрийн ажил гээд тэнгэрийн, тустай юм байдаг юм биш. Ахиад л хүний төлөө ажил. Одоо төрд байгаа хүмүүс юу хийгээд байна гэхээр хүний төлөө хийх ажлаа мартчихаад дээрээ байгаа даргынхаа төлөө, өөрийнхөө төлөө ажиллаад байдаг. Төр гэдэг дархлагдаж хамгаалагдсан хулгайч нарын дураараа дургидаг, мөнгө төгрөгтэй, хоол ундтай, машин байртай ажил юм шиг ойлгогддог. Үгүй, яг адилхан хүний төлөө ажил. Мөнхболд 50 гаруй мянган залуусын төлөө санаа зовдог, нойроо хугасалдаг байсан бол 80 хэдэн мянган иргэдийнхээ төлөө л санаа зовдог асуудалтай болж байгаа юм. Ахмадуудаа, ажил хийдэг хүмүүсээ, хүүхдүүдээ нэмж бодох тухай асуудал. Бүх зарчим нь адилхан. Энэ залуучуудын холбоонд дэвшүүлээд байгаа бүх зарчмууд төрд яг адил ажиллана. Тийм учраас та бүхэн битгий өөрсдийгөө гол оо.

Намууд үнэхээр сонгуульд ялъя, үнэхээр сонгогчдын саналыг авая гэж байгаа бол бид нар дээр хүссэн хүсээгүй ирнэ. Ирүүлэхийн төлөө та нар гуйж явах ямар ч шаардлага байхгүй. Тэр хүмүүстэй ах дүү байх шаардлага байхгүй. Тэр хүмүүсийн намын батлахыг нь авчихаад би танай нам шдээ, намайг яагаад харж үзэхгүй байгаа юм гээд гүйгээд байх шаардлага байхгүй. Юу хийх ёстой юм? Аравтаа байгуулаад, аравтад байгаа хүмүүсээ засаад л ажилгүйг нь ажилтай болгоод, архи уудгийг нь архинаас нь гаргаад, эхнэрээ зоддогийг нь эр хүн гэж ямар хүн байдгийг нь ойлгуулаад, янхан хийгээд байгааг нь миний дүү удахгүй нас чинь яваад баларна, наад ажил чинь бүтэхээ болино, одоо болж байгаа дээрээ эвтэйхэн ийм ажил руу шилж гэдгийг нь ойлгуулж хэлээд л явах шүү дээ. Хулгай хийдэг нэгэнд нь ааваас чинь заяасан авьяас байгаа тэрийгээ сэргээ, чи хулгай хийхээс өөр юм чадна, чамайг дахиж бид нар хулгайч гэж хэлэхгүй. Гэхдээ нэг тодрох авьяасыг нь бид дэмжээд өгье гээд хариуцах ёстой. Монгол залуу хүн бүрийг ядаж 10 залуугийн үнэтэй болгох ажлыг л бид нар нэг жилийн дотор хийчихэд тэрийг дараа нь 100 болгох, 1000 болгох, сая болгох бол тун амархан болчихно. Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ядаж сая хүний үнэтэй хүнийг л сонгох ёстой.

Яг өөрийнхөө мах биеэр хийгээд бодитой үр дүн гаргаад ирэхэд л энэ 100 хувь болно. Энэ үр дүн тухайн орон нутагт яг тэр хүнээ хариуцаж байгаа хүнд л ашиг тус болж очино. Тэрнээс хотод байгаа А.Мөнхбатад, Баян-Өлгийд байгаа Хашгайд, Дорнодод байгаа Амартүвшинд очихгүй. Яг л тухайн хариуцаж байгаа хүн дээрээ л очно. Ингэж хүний үнэ цэнийг бий болгодог юм байна. Ингэж төрийг байгуулдаг юм байна. Ингэж байж шударга гэдэг зүйлийг жинхэнэ байранд нь шударгаар нь байлгаж чаддаг юм байна.

Барилга хот байгуулалтын сайд гэхэд Орон сууцны байнгын хороон дарга Анхаагаас өөр хүн байхгүй. Анхаа дөрвөн жил байнгын хорооны даргаар ажиллахдаа залуучуудын орон сууцны ийм ийм асуудлыг шийдсэн. Анхаагийн хүчинд Монголын орон сууцгүй залуусын тэдэн хувь нь орон сууцтай болсон. Анхаатай хэн ч маргаж чадахгүй. Тэгсэн нэг нөхөр давхиж орж ирснээ би чамд тэдэн зуун сая доллар өгье, надад тэр барилга хот байгуулалтынхаа сайдыг хэлчих гээд хэн ч орж ирсэн өөдөөс нь салаавч биз дээ. Тэр хүнийг тэр ажлыг сайн хийнэ гэж яаж мэдэж байгаа юм. Мэдэхгүй шд. Тэгтэл Анхаа хэн ч биш байхаасаа өгсүүлээд дөрвөн жилийн туршид залуучуудын ийм ийм асуудлыг шийдсэн гээд нүүр бардам зогсч байна. Ийм л юм хэлээд байгаа юм.

Бүх нам бол манай нам шүү. Тэрийг мартаж болохгүй. Булгамаа манай ИЗН-ын удирдах зөвлөлийн хамгийн залуу гишүүн. Манай хууль зүйн байнгын хороон дарга. Ер нь манай улсын хамгийн анхны эмэгтэй УИХ-ын дарга болох байх гэж би дотроо горьддог. Бид нарт ийм том потенциал байна. Дөрвөн жилийн дараа бид эргээд уулзахад та нарын дийлэнх нь сумын Засаг дарга, аймгийн Засаг дарга, тухайн хариуцаж байгаа чиглэлээрээ агентлагийн дарга болчихсон байна. Би тэрэнд огтхон ч эргэлзэхгүй байна.

2020 он 2024 оныг яах вэ, кабинитаараа, нэг ч мөнгөөр худалдаж авсан сайд байхгүй, бүгд шударгаараа, ажлаараа ороод ирчихсэн. Тийм учраас байнгын хороон дарга нарт маш өндөр хариуцлага байгаа. Бүхэл бүтэн салбар авч явах хариуцлага байгаа. Шударга байж чадвал бүх ажил нь бүтнэ. Ийм зүйлийг л МЗХ орж ирж байгаа залуучууддаа санал болгож байна.  

Бид нар өмнөх 70 жилдээ нэг намд хамгийн сор болсон залуучуудыг, удирдагч нарыг бэлдэж өгдөг байсан. Нэгхэн намд. Одоо бид нар бүх намд бэлдэж өгч байна.

Бид одоо өөрсдийнхөө цаг үед хэрхэн амьдрах вэ гэдгээ урьдчилан зарлаж байгаад энэ бүгдийгээ босгож ирэх гэж байгаа нэг цаг үеийн эзэд. Энэ ялгаануудыг хэзээ ч битгий мартаарай. Дөрвөн жилийн дараа бид дараагийн удирдлага, үедээ бүгд ажлуудаа өгнө. Өгснийхөө маргааш хийх байсан юм гэж битгий харамсч суугаарай. Ажлыг яг авчихсан байхдаа л хийдэг юм шүү. Өнөөдөр чи тэргүүн байхдаа л хийнэ. Тэргүүлэгч байхдаа л хийнэ. Бид нар өөрсдийнхөө цаг үеийг өөрсдөө эзлээд дараагийн үедээ уламжлуулж үлдээгээд дараагийнхаа юм руу явах ёстой. Тийм учраас нэг өдрийг ч гэсэн нэг өглөөг, нэг оройг ч гэсэн нөгөө аравт яаж байгаа бол, Булганаас Эрдэнэтийн захад хэдэн айл нүүгээд ирчихсэн байна лээ. Тэр хэдтэй уулзаад нэг шинэ аравт байгуулчихъя. Нөгөө нэг аравтын удирдаж байсан залуу нь хот руу шилжээд явчихсан өөр хүнээр ахлагчийг нь тавья гэж бодох хэрэгтэй. Ингэж чадах юм бол бидний өмнө бүх боломжууд нээлттэй байна.

Нэгхэн сонгуулийн үеэр шударга бус юм санал болгоод байдаг хүмүүст ганцхан удаа үгүй гээд хэлээд үзчих хэрэгтэй. Ганцхан удаа. Тэгтэл дараагийн удаа та нарт бүх юм хүрээд ирнэ.

Шударга бусаа хүлээн зөвшөөрөхгүй дэвшинэ гээд, шударга бусаараа амьдрачихна гээд зүтгээд байгаа хүмүүсийг бид хар жагсаалт руу хийе гэж ярьж байгаа. Уучлаарай, хүн хэлээрэй мал хөлөөрөө. Чамд хэлээд ойлгохгүй байгаа бол бид ёстой байхгүй болгоно шүү гэж хэлнэ.

Нөгөө талаар бид бас шинэ хүмүүсийг, би залуу гэж хэлэхгүй байгаа шүү, шинэ хүмүүсийг шударга байж чадна аа гээд орж ирэхэд нь итгэл хүлээлгээд дэмжих цагаан жагсаалтаа хийж өгч байгаа. Цагаан жагсаалтад МЗХ-ны дэвшүүлээд буй шударга байх гэдэг зарчмыг хүлээн зөвшөөрөөд яг шударга үнэний талд ажиллаж чадна, шударгаас хазайх юм бол УИХ-ын гишүүнээс би өөрийнхөө сайн дураар огцорно гээд бидэнтэй шууд тохироод ажиллах хүмүүсийг цагаан жагсаалтад оруулж байгаад гартал нь дэмжээд өгье гэж байгаа юм.

Эцсийн шийдвэрлэгч нь ард түмэн байдаг гэдгийг хэзээ ч мартаж болохгүй. Шийдвэрлэгч нь албан тушаал мөнгө ерөөсөө биш шүү. Ард түмэн нэг гэдэн нь хөдлөх юм бол хийсэн шиг хийгээд өгнө. Бүх цаг үеийн сонгуулиуд ийм л байсан. Ард түмнийг ерөөсөө басч болохгүй. Ард түмэн хэн болохгүй, хэн болж байгааг мэдэж байдаг. Зөвхөн чихээрээ сонссон юмыг нь нүдээрээ баталгаажуулах юмыг нь л бид сайн хийгээд өгчих хэрэгтэй. Сонголтыг зөвхөн чихээр сонссоноор биш, нүдээрээ харснаар хийдэг, ил болгох юман дээр бид хар цагаан жагсаалтыг ашиглах гээд байгаа юм. Та нар амьдралдаа нэг удаа л үгүй гэж хэлж үз. Шударга бус юмны төлөө. Эргээд тэрний ашиг тус ямар их болохыг та бүгд өөрсдийнхөө амьдрал дээр үзнэ.

Чамайг зөвхөн шударга ёс л барьцаалж байх ёстой. Чамайг юу барьцаалах вэ гэхээр чиний дараагийн үр хүүхдийн амьдрал. Өөр юу ч биш. Тийм учраас өөрийнхөө амьдралын, үр хүүхдийнхээ өмнө тулгарах эрсдлийг өөрөө түрүүлж үүрнэ гэдэг эцэг эх болсон хүмүүсийн хувьд үнэхээр ариун үүрэг юм. Тийм учраас 2016 оны сонгуулиар бид нийтээрээ үгүй гэж хэлэх, бас нийтээрээ яаж дэмжих вэ гэдгээ маш тодорхой гаргаж өгье гэж байгаа юм. Алийн болгон шударга бусуудтай бид нар байх юм бэ. Яг энэ хэвээрээ үргэлжлэх юм бол бид нар дандаа гадны хүмүүсийн идэш болно. Энэ шударга бус бүх зүйлүүд бол гадныханд л идэш бэлдэж өгөөд байгаа юм. Монгол хүний идшийг бэлдэхгүй байгаа. Юунд ч барьцаалагдахгүй, шударгынхаа талд 50-иас дээш хувь байгаа залуу хүмүүс л үүнийг хийж чадна. Ийм л зүйлийг бид их хурлаараа санал болгоод байгаа. Бүтэц бас энэ зүйлийг л дэмжээд байгаа. Аравт, зуутын зохион байгуулалтаа маш хурдан хийгээд ирэх юм бол 2016 оноос бидний залуудаа сайхан амьдрая гээд байгаа зүйл бодитойгоор нүдэнд харагдаж, гарт баригдах ажил болж эхэлнэ.

2020, 2024, 2028 оны сонгуульд та нар өөрсдөө сууна. Та нараас өөр хүн хайгаад хайгаад олдрхгүй. Тийм учраас хоёрын хооронд намын хороо, ийм тийм юмны дарга болох гэж бааранд пиво уунгаа хор найруулдаг тэр ажлыг хийж байхын оронд нэг гудманд очоод арван залуу цуглуулаад л нэг зөвлөл болгоод тэр аравттайгаа байнгын холбоотой ажилладаг системийг босгочиход л болоо. Ялчихаж байгаа хэрэг. Тэр схемийг барьсан хүнтэй л намууд тохирно. Тэр схемийг барьсан удирдлагын багтай л хадаг барьж ирж уулзана. Тэрийг ойлгоогүй, тэрэнтэй уулзаагүй хүмүүс ялагдаад л өнгөрнө. Ингээд л бид нар Монголыгоо сайхан болгочихож байгаа юм. Бид нараас их мөнгө гарахгүй. Бид энэ ажлыг хийхэд мөнгө байхгүй шдээ гээд манайхан яриад байдаг. Мөнгө гарахгүй ээ. Яг нэг жил явахад өмсч байгаа пүүзний чинь ул л цоорно. Жинсний чинь өвдөг, бөгс л цайрна. Мөнгөгүй байгаа нь бидний нэг давуу тал. Мөнгөгүй байгаа учраас бид нар нөгөө 98 хувь хүмүүстэйгээ яг адилхан нэг долгион дээр ойртож чадаж байгаа юм.

Бид удам угсаа, нэр төр, боловсролоороо л ялгарах хэрэгтэй. Энэ л чиний зүүн гар. Баруун гар нь МЗХ. Тэгээд л болоо. Ингэхэд л бид Монголыг сайхан болгож болно.

Нам гэдэг юмны төрийн өмнө гүйцэтгэдэг үүргийг өнөөгийн намууд утгыг нь алдуулчихсан. Хэн ч, юу ч тайлбарлаж хэлж ойлгуулж чадахааргүй болчихсон. Нам гэдэг зүйл бол ам нь ар болдог зүйлийг л хэлээд байгаа юм. Амар байна уу гэж мэндэлдэг нь амнаас чинь гарсан хий болгон ар болсон уу, ажил болсон уу гэж байгаа үг шүү дээ. Тэрнээс амар амгалан байна уу, сайхан байна уу гэсэн үг ерөөсөө биш. Тэгэхээр нам ямар байх ёстой гэхээр амнаас нь гарсан бүх үг ажил болдог, амар байх ёстой. Тэгтэл одоо амнаас нь гарсан хий болгон юун ажил болох. Тэгэхээр бид улс төрийн сонгуульд өөрсдөө шууд нэр дэвшихгүй байгаа ч гэсэн бид намаас илүү зохион байгуулалт, хүрээтэй ажилладаг, хуулийн хүрээнд орохгүй ч гэсэн нам шиг ажилладаг бүтэц, зохион байгуулалт юм.

МЗХ-ноос нэр дэвшсэн тэр гэдэг юм сонгуулийн хуудсан дээр бичигдэхгүй. Бусад бүх зүйл дээр бид яг намтай адилхан. Бид нар өөрсдөө намтай байж, бусад намаас илүү зүйлтэй байж нам шүтэж амьдарна гэж юу байдаг юм бэ. Шударга бус хүмүүсийг дээдэлж амьдарна гэж юу байсан юм. Намаа магтаад өвчигнөөд байгаа хүнд бол шууд хэлэх ёстой. Танай нам шударга нам уу, би шударга гишүүн байж чадах уу, шударга бус юм хий гэж тулгаад байх юм биш биз гэж шууд ярьдаг байх ёстой.

Сэтгэгдэл ачааллаж байна ..