МЗХ-НЫ ХУРЛЫН ДЭГИЙН ТУХАЙ ЖУРАМ
2015-04-05 МЗХ
Admin Admin 1862

МЗХ-НЫ ХУРЛЫН ДЭГИЙН ТУХАЙ ЖУРАМ

                                            МЗХ-НЫ ХУРЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА,

                                   ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ДЭГИЙН ТУХАЙ ЖУРАМ

 

Нэг. Зорилт

1.1  Энэхүү журам МЗХ-ны бүтцийн бүх шатны байгууллагын хуралдааныг (цаашид хуралдаан гэх) МЗХ-ны Үндсэн дүрмийн хүрээнд зохион байгуулахад оршино.

 

Хоёр. Хуралдааны үндсэн зарчим

2.1   Хуралдааны ажиллагаа нь МЗХ-ны Үндсэн дүрэм, бусад журмын хүрээнд аливаа асуудлыг чөлөөтэй хэлэлцэж, цөөнхийн саналыг хүндэтгэлтэй сонсож, олонхын саналаар шийдвэр гаргах нийтээрээ дагаж мөрдөх нийтлэг зарчимд үндэслэнэ.

 

Гурав. Хуралдааны нийтлэг журам

3.1.  Хуралдааныг МЗХ-ны Үндсэн дүрэмд өөрөөр заагаагүй бол саналын эрхтэй гишүүдийн ердийн олонхын ирцээр хүчинтэйд тооцно. Хуралд хэлэлцэх асуудал батлах үеийн ирц хурал дуустал хүчин төгөлдөр байна.

3.2.  Хурлын шийдвэр нь МЗХ-ны үндсэн дүрэмд өөрөөр заагаагүй бол хуралдаанд саналын эрхтэй оролцогсдын 50-иас дээш хувийн саналаар хүчин төгөлдөр байна.

3.3.  Тухайн шатны байгууллагын ХХ-ноос саналын эрхтэй гишүүдийн тухай мэдээллийг хуралд танилцуулна.

3.4.  Хэлэлцэх асуудал бүрээр холбогдох гишүүн илтгэж, тайлбар хийнэ.

3.5.  Гишүүд хуралдаанд оролцохдоо хуралдааны дэгийг сахих үүрэгтэй. 

3.6.  Хуралдаанд тухайн шатны байгууллагын тэргүүлэгч гишүүд, УХ-ны гишүүд оролцож, санал хэлэх эрхтэй бөгөөд хэлэлцэж байгаа асуудлаар хариуцсан ажилтан, ажлын хэсгийн гишүүд, шинжээчдийг байлцуулж болно.

3.7. Тухайн шатны байгууллагын тэргүүний урилгаар хуралдаанд бусад зочдыг оролцуулж болно.

3.8. Тухайн шатны байгууллагын удирдлага хуралдааны тов, хэлэлцэх асуудлын жагсаалтыг тухайн шатны байгууллагын саналын эрхтэй гишүүдэд албан журмаар хүргэн баримтжуулж, тухайн хуралд мэдээлнэ.

 

Дөрөв. Хуралдааны тов, хэлэлцэх асуудал

4.1. МЗХ-ны бүтцийн бүх шатны байгууллагын ээлжит хурлын тов, хэлэлцэх асуудлыг доорх шийдвэрийн дагуу зарлана. Үүнд:

4.2.1. ИХ-ын хувьд ҮЗЗ-ийн тогтоолоор хуралдаан болохоос 30-аас доошгүй хоногийн өмнө;

4.2.2. ҮЗЗ-ийн ээлжит хурлын хувьд МЗХ-ны Ерөнхийлөгчийн тушаал эсвэл УХ-ны хурлын тогтоолоор хуралдаан болохоос 14-өөс доошгүй хоногийн өмнө;

4.2.3. ҮЗЗ-ийн гишүүдийн 1/3 шаардсанаар 14 хоногийн дотор;

4.2.4. Аймаг, дүүргийн залуучуудын холбооны хурлын хувьд тухайн шатны байгууллагын тэргүүний тушаалаар, эсвэл тухайн шатны ЗЗ-ийн тогтоолоор хуралдаан болохоос 14 хоногийн өмнө;

4.2.5. Тухайн шатны байгууллагын нийт гишүүдийн 1/3-ийн шаардсанаар 10 хоногийн дотор, эс биелүүлбэл дээд шатны байгууллагын тэргүүн зарлан хуралдуулна.

4.2.6. Сум, хорооны залуучуудын байгууллагын хурлын хувьд тухайн шатны  байгууллагын тэргүүний шийдвэрээр долоо хоногийн өмнө;

4.2.7. Анхан шатны залуучуудын байгууллагын хурлыг товлосон хугацаанаас нэг сараас дээш хугацаанд хуралдуулаагүй тохиолдолд дээд шатны байгууллагын тэргүүн зарлан хуралдуулна.

4.3. АЗХ, ДЗХ, УБ-АЗХ, ЧЗХ, СЗЗ, ХЗЗ-ийн УХ-ны хурлын тов, хэлэлцэх асуудлыг хуралдаан болохоос 24 цагаас доошгүй хугацааны өмнө тухайн шатны байгууллагын тэргүүн  зарлана.

 

Тав. Хуралдааны зохион байгуулалт, хуваарь

5.1  Хуралдааныг саналын эрхтэй гишүүдээс ил санал хураалтаар сонгогдсон тэргүүлэгчид удирдан явуулна.

5.2  Хуралдаан даргалагчийг тэргүүлэгчид дундаасаа ил санал хураалтаар сонгоно. Энэ тухай тогтоол үйлдэнэ.

5.3  Хуралдааны дарга, тэргүүлэгчдийн тоо ИХ, ҮЗЗ, АЗЗ, ДЗЗ, СЗЗ, ХЗЗ-д тус бүр гурав байна.

5.4  Хуралдааны тооллогын болон редакцийн комиссыг ил санал хураалтаар дараах хуваарийн дагуу байгуулна.

5.6.1  Хуралдааны тооллогын комисст ИХ, ҮЗЗдолоо, АЗЗ, ДЗЗ-д таван гишүүн тус тус сонгоно.

5.6.2  Хуралдааны редакцийн комисс ИХ-д тав, бусад хуралд тус бүр гурван гишүүнтэй сонгоно.

5.7  Хуралдаан явуулахад тохиромжтой хугацаа, байр, техник хэрэгсэл, хангамжийн асуудлыг тухайн шатны байгууллага шийдвэрлэсэн байна.

5.8   Хуралдаан явагдах цагийг тухайн шатны залуучуудын байгууллага өөрөө тогтооно.

5.9   Тодорхой асуудлаар, шаардлагатай гэж үзвэл, хуралдаанд оролцож буй гишүүдийн олонхын саналаар хуралдааны хуралдах хугацааг сунгах болон түр завсарлуулж болно.

5.10  Бүх шатны хуралдаан нээлттэй явагдана. Хуралдааныг хэлэлцэх асуудлаас хамааран олонхын саналаар хаалттай хуралдуулж болно.

5.11  Залуучуудын байгууллага хэлэлцэх асуудлаас хамааран хуралдааныг нэгдсэн болон салбар хуралдааны хэлбэрээр явуулж болно.

5.12   Хуралдаанд оролцохыг хүссэн иргэд, гишүүд, хэвлэл мэдээллийн төлөөлөгчдийг тусгайлан зассан суудалд суулгана.

5.13  Залуучуудын байгууллагын тэргүүний урилгаар оролцож буй төлөөлөгчдийг тусгайлан зассан суудалд суулгана.

5.14  Хаалттай хуралдаанд тухайн шатны залуучуудын байгууллагын сонгуульт гишүүд, удирдлага дээд шатны залуучуудын байгууллагаас томилогдсон гишүүд оролцоно. Асуудал боловсруулахад оролцсон ажлын хэсгийн гишүүдийг оролцуулж болно.

5.15  ИХ, ҮЗЗ-ийн хуралдааны явцыг дүрс бичлэг, мэдээллийн бусад техник хэрэгсэл ашиглан баримтжуулна.

5.16  Тухайн шатны залуучуудын байгууллага нь хуралдааны дэг сахиулагчийг томилон ажиллуулна.

 

Зургаа. Хуралдаанд үг хэлэх

6.1  Хуралдаанд оролцогч саналын эрхтэй гишүүн нь хэлэлцэх асуудал, дэгийн дагуу асуудал танилцуулж, асуулт асууж, санал дүгнэлтээ хэлж, санал хураалтад оролцоно.

6.2  Гишүүд асуух, үг хэлэхдээ хуралдааныг даргалагчид мэдэгдэж дараалалд бүртгүүлж, түүний зөвшөөрсний дагуу үг хэлнэ.

6.3  Гишүүн нь тогтоосон хугацаанд өөрийн асуух, үг хэлэх эрхээ бусдад шилжүүлэхгүй.

6.4  Гишүүд хуралдаан даргалагч зөвшөөрөл өгөөгүй байхад асуулт асуух, үг хэлэх, энэхүү эрхээ эдлэхдээ бүдүүлэг үг хэллэг хэрэглэх, бусдыг доромжлох, нэр төрийг гутаах, яриаг нь таслах, өмнөөс нь үг хэлэх зэрэг ёс зүйд үл нийцэх үйл гаргахгүй байна.

6.5  Асуулт асуух хугацаа нэг минутаас илүүгүй, нэмэлт асуулт асуух хугацаа нэг минутаас илүүгүй байна.

6.6  Гишүүний асуултад хариулах хугацаа хоёр минутаас илүүгүй, нэмэлт хариулт, тайлбар нэг минутаас илүүгүй байна.

6.7  Гишүүний үг хэлэх хугацаа гурван минутаас илүүгүй байна.

6.8  Тодорхой асуудлаар шаардлагатай гэж үзвэл 6.5, 6.6, 6.7-р заалтад тусгасан хугацааг өөрчлөн тогтоож болно.

Долоо. Хуралдаанаар асуудал хэлэлцэх

7.1  Төлөвлөсөн асуудлаар илтгэгч нь хуралдаанаар хэлэлцэх асуудлын дараалал болон дэгт заасан хугацаанд багтаан үг хэлнэ.

7.2  Хэлэлцүүлж буй асуудлаар зөвхөн ажлын хэсгийн гишүүд тайлбар хийнэ.

7.3  Саналын эрхтэй гишүүн хуралдааны явцад хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд тусаагүй шинэ асуудал дэвшүүлэх тохиолдолд тухайн асуудлаар шийдвэрийн төсөл үйлдэж хуралдаан даргалагчид гардуулна.

7.4  Хуралдаан даргалагч төсөл санаачлагчийн хэлэлцүүлэхээр дэвшүүлсэн асуудлаар ил санал хураалт явуулж, хэлэлцэх эсэхийг шийдвэрлэнэ. Хэлэлцэхээр шийдвэрлэсэн тохиолдолд хэлэлцэх асуудлын дараалалыг сүүлийн дугаарт оруулж хэлэлцүүлнэ.  

7.5  Төсөл санаачлагч 10 минутад багтаан төслийн талаар илтгэл тавина.

7.6  Төсөл санаачлагч гишүүн хэлэлцүүлгийн аль ч шатанд төслөө татан авч болно.

7.7  Төслийг батлах эсэх талаар санал хураалгана. Ердийн олонхын санал аваагүй төслийг тухайн хуралдаанд дахин оруулж болохгүй.

 

Найм. Хуралдаан даргалагчийн эрх, үүрэг

8.1  Хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөө, дэгийг хэлэлцүүлэн батлах

8.2  Хуралдааны дэгийн биелэлтэд хяналт тавьж, гишүүдээс дэгийн журмыг сахихыг шаардах

8.3  Саналаа ирүүлсэн дараалалыг баримтлан гишүүдэд үг хэлэх зөвшөөрөл олгох

8.4   Хуралдаанд оролцсон бусад хүмүүст шаардлагатай гэж үзвэл үг хэлэх зөвшөөрөл олгох

8.5   Хэлэлцсэн асуудлаар санал хураалт явуулж, дүнг мэдээлж, эцсийн шийдвэрийг сонсгон батлуулах

8.6   Хуралдааны шийдвэрийг цаг тухайд нь албажуулж, нийтэд мэдээлэх ажлыг зохион байгуулах

8.7   Хуралдааны дэг, дотоод журам зөрчигчдөд энэ журмын ес дүгээр зүйлд заасан арга хэмжээ авах

8.8   Хэлэлцэж буй асуудлаар гишүүдийн гаргасан горимын саналыг сонсох, түүгээр санал хураалгана. Горимын санал гэж хуралдаанаар тухайн асуудлыг хэрхэн хэлэлцэх, шийдвэрлэх талаар гишүүнээс гаргасан саналыг ойлгоно. Горимын саналаар тухайн асуудлаар нэг удаа санал хураалгана. 

8.9  Хуралдааныг товлосон цагт эхлүүлж дэгийн дагуу зохион байгуулж, зөрчигдвөл таслан зогсоох

8.10  Хуралдааны үеэр гишүүн танхимаас гарах тохиолдолд хурал даргалагчаас заавал зөвшөөрөл авна.

8.11  Хуралдаан даргалагчид хуралдааныг удирдахтай холбоотой бусад эрх олгож болно.

8.12  Хуралдаан даргалагч татгалзсан тохиолдолд бусад тэргүүлэгчид хуралдан хурлын даргыг нөхөн сонгоно. Энэ тохиолдол үүссэн нөхцөлд уг гишүүн дараагийн гурван хуралд тэргүүлэгчээр сонгогдох, хурал даргалахыг хориглоно.

8.13  Хуралдаан даргалагч хэлэлцэх асуудлыг батлагдсан дараалалын дагуу бүрэн хэлэлцүүлнэ.

8.14  Гишүүдийн гаргасан саналд нэмэлт тайлбар хийх, засварлах эрхгүй.

8.15  Хурлын дарга өөртэй нь холбогдсон асуудал хэлэлцвэл хурлын даргаас чөлөөлөгдөнө.

 

Ес. Хуралдааны дэг зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага

9.1  Гишүүн хуралдааны үед дэг зөрчсөн, бусдыг доромжилсон бол хуралдаан даргалагч дараах хариуцлага хулээлгэнэ.

9.1.1   Дэг баримтлахыг нэр заан шаардах

9.1.2   Сануулга өгөх

9.1.3  Урьдчилан сануулга авсан гишүүн дахин зөрчил гаргавал түүнийг тухайн өдрийн хуралдаанд үг хэлэх эрхийг нь хасах;

9.1.4  Дээрх шаардлагыг хүлээн аваагүй давтан зөрчил гаргасан тохиолдолд тухайн өдрийн хуралдаанаас гаргах

9.2  Саналын эрхгүй гишүүн дэг зөрчвөл тухайн хуралдаанаас гаргах

9.3  Согтууруулах  ундаа  хэрэглэсэн  гишүүнийг тухайн өдрийн хуралдаанд оролцуулахгүй байх


Арав. Бусад

10.1   Энэхүү журамд заагдаагүй  боловч  холбооны бусад журмаар зохицуулсан харилцаа нэгэн адил үйлчилнэ.

Сэтгэгдэл ачааллаж байна ..